Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/08/20-НД НИЙТЛЭГДСЭН

Ё.Баатарбилэг: Их дээд сургуулиудын сургалтын төлбөр 1.6-3.6 сая төгрөгийн хооронд байгаа

Б.Жаргалмаа, IKON.MN
2019 оны 8 сарын 20
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг Mpa.mn

БСШУСЯ-наас хичээлийн шинэ жилийг угтан мэдээлэл хийж байна.

ШУУД ҮЗЭХ:

https://www.facebook.com/iKonNews/videos/449814058939180/

Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд Ё.Баатарбилэг:

2019-2020 оны хичээлийн жилд улсын хэмжээнд 644 мянган сурагч ЕБС-д суралцана. Энэ нь өмнөх жилээс 50 орчим мянгаар нэмэгдэж байгаа гэсэн үг. Цэцэрлэгт өмнөх оноос 15 мянгаар нэмэгдэж, энэ жил 275,800 хүүхэд хүмүүжнэ.

Жилд 30-40 мянган оюутан нэмэгддэг байсан бол энэ жил 10 гаруй мянган оюутан их, дээд сургуульд элсэн суралцана. Энэ нь хүн амын насны бүтэцтэй холбоотой.

2019-2020 оны хичээлийн жилд сургалтын хөтөлбөрийг сайжруулж байгаа. Ингэснээр агуулгын хоцрогдолгүй байх, багш нарт нэмэлт ачаалалгүй байх, эцэг, эхчүүдийн оролцоог нэмэгдүүлэх зэрэг арав гаруй зорилтыг дэвшүүлсэн.

Багш бүрт боломжийг олгож байна.

10 гаруй мянган оюутан их, дээд сургуульд элсэн суралцаж байна. Сургалтын төлбөр 1.6-3.6 сая төгрөгийн хооронд байгаа. Сургалтын төлбөрийн талаар мэдээлэл наймдугаар сарын 25-нд эцэслэгдэнэ.

Цаашид их сургуулиудыг нэгтгэхийг зорино. Монголын их дээд сургууль дэлхийд эрэмбэлэгдэхгүй байна. Олон улсад хүлээн зөвшөөрөгдөхгүй байна. Манай улсын их, дээд сургуулиуд нэгдэж байж шилдгүүдийн тоонд багтах боломжтой.

Энэ жил 48 сургууль, 93 цэцэрлэгийн барилгыг ашиглалтад өгнө

Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын дэд сайд Г.Ганбаяр:

Тендер аваад барилгын ажлыг удаашруулсан, хариуцсан ажлаа хийгээгүй зарим компанийн гэрээг цуцалж байгаа. Мөн гурван жилийн хугацаанд худалдан авах арга хэмжээнд оролцохгүй байх хар жагсаалтад орно. 

603 худалдан авалт байна. 499 нь барилга байгууламж байгаагийн 470 орчим нь боловсролын байгууллагын барилга. Энэ жил 48 сургууль, 93 цэцэрлэгийн барилгыг ашиглалтад өгнө.

 
Гэрэл зургийг Mpa.mn

Сэтгүүлчдийн асуултад хариуллаа. 

-Сурах бичгийг түрээсээр хэрэглүүлнэ гэсэн. Есдүгээр сарын 1-н гэхэд сурах бичгийг тарааж амжих уу?

-БСШУС-ын сайд Ё.Баатарбилэг: Сурах бичгүүд хэвлэгдэж байгаа. Өмнөх жилүүдэд сурах бичгийн мөнгийг төсөв суулгаж, тендер зарладаг байсан. Энэ жил тийм асуудал байхгүй. Төсөвд ч мөнгө суугаагүй. Бид энэ жил хүүхдүүддээ сурах бичгийг нь бүрэн өгөхийн тулд АХБ-тай харилцан зөвшилцөж байж саяхан буюу наймдугаар сарын 9-нд зөвшөөрлөө авсан. Одоогоор сурах бичгийн хэвлэлтийн ажил ид өрнөж байна. Сурах бичгүүд есдүгээр сард багтан бүгд хэвлэгдэн, хүргэгдэнэ.

-Боловсролын зээлийн сангаас зээл авч суралцсан иргэдийн зээлийг тэглэж байгаа. Үүнд шүүмжлэлтэй хандах иргэд байгаа?

-БСШУС-ын сайд Ё.Баатарбилэг: Монгол Улсын иргэн хэн ч байсан Боловсролын зээлийн сангаас зээл авч суралцах эрх нь нээлттэй. Гэрээний үүргээ биелүүлж, шаардлага хангасан 13 мянган иргэнийг төлбөрөөс чөлөөлж, дипломыг нь олгож байгаа.

-Энэ жил гурван ээлжийг халах талаар ярьж байсан. Хэр бодитой хэрэгжиж чадах вэ?

-БСШУС-ын дэд сайд Г.Ганбаяр: 48 сургууль, 93 цэцэрлэгийг энэ жил ашиглалтад өгнө. 22 барилгын ажил царцаж байна. Гадна, дотны шугам сүлжээг холбоход асуудал үүсэж байгаатай холбоотой. 

Шинэ хичээлийн жилд 18 сургууль дээр гурван ээлжийн ачаалал үүсэхээр байгаа. Шинэ анги танхимыг зохион байгуулснаар таван сургууль нь гурван ээлжээс гарна. Харин үлдэж буй 13 сургуулийн тухайд бусад хувийн их, дээд сургуулийн анги танхимыг түрээсээр ашиглаж, гурван ээлжээс гарах боломжтой байгаа. 

-Цэцэрлэгийн хүртээмжийг хэр нэмэгдүүлж байна вэ?

-БСШУСЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Б.Баярсайхан: Улсын хэмжээнд 1,435 цэцэрлэг үйл ажиллагаа явуулж байна. 2018-2019 оны хичээлийн жилд 36 гаруй мянган хүүхэд цэцэрлэгт хамрагдаж чадаагүй байсан. Шинэ цэцэрлэгүүд ашиглалтад орсноор 10 гаруй мянган хүүхэд шинээр хамрагдах боломжтой. Харин үлдэж буй хүүхдүүдийг хувийн цэцэрлэгт хувьсах зардлыг нь олгож суралцуулах, байгууллагын цэцэрлэгийг байгуулах, түрээсийн цэцэрлэг ажиллуулах зэрэг ажлыг зохион байгуулахаар төлөвлөсөн.