Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/08/14-НД НИЙТЛЭГДСЭН

Байрон Шелтон: Монголын малын тоо их биш. Харин бэлчээрийн менежмент буруу

Г.Номин, iKon.mn
2019 оны 8 сарын 14
iKon.MN
 
Гэрэл зургийг mpa.mn

АДРА Монгол ОУБ нь Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамтай хамтран "Бэлчээрийн зохистой менежмент, нарийн ба нарийвтар ноост хонины үржлийн асуудал" уулзалт, хэлэлцүүлгийг өнөөдөр зохион байгууллаа.

Уулзалт, хэлэлцүүлгийн эхэнд цөлжилт, цаг уурын өөрчлөлт, хоол хүнс, усны аюулгүй байдал, мал аж ахуй, бэлчээрийн нөхөн сэргээлт зэрэг асуудалд төвлөрөн судалгаа явуулдаг олон улсын "Севори" институтийн судлаач Рольф Преториус, Байрон Шелтон нар институтийнхээ үйл ажиллагаа, хийсэн ажпууд, Архангай аймгийн Их тамир, Завхан аймгийн Идэр суманд ажиллаж, бэлчээрийн төлөв байдалд хийсэн товч судалгааны үр дүнгээ танилцуулсан юм.

"Бэлчээрийн ургамлын төрөл зүйлийг нэмэгдүүлэхгүй бол цөлжилт явагдах цаашлаад хуурай халалт үүсгэх эрсдэлтэй"
 
Гэрэл зургийг mpa.mn

Энэ үеэр Монгол орны бэлчээрийн нөхцөл байдал, менежментийн талаар "Севори" институтийн судлаач Байрон Шелтоноос тодрууллаа.

- Манай орны малын тоо жил тутам өсөж байгаа. Үүнтэй холбоотойгоор "Бэлчээрийн даац хэтэрсэн, хэтрээгүй" гэх ялгаатай мэдээллүүд гарч байна. Энэ чиглэлээр мэргэшсэн судлаачийн хувьд та одоогийн нөхцөл байдлыг тодруулж хэлж өгөөч?

- Яг одоогийн нөхцлөөс тодруулж хэлбэл малын тоо их биш. Харин бэлчээрийн менежмент буруу байна. Энэ чигээр цааш үргэлжилбэл бэлчээр талхлагдахад ойрхон байна. Бэлчээрийг зөв менежментээр ашиглаж чадвал малын тоо тийм ч чухал нөлөөтэй биш.

- Бэлчээрийн зөв менежмент гэдгийг тодруулбал, одоо юу нь алдаатай байна вэ?

- Малчдын хүчин чармайлтын үр дүнд малын тоо өсөж байна. Гэхдээ малчдын алдаа нь малаа бэлчээрийн талбайд нөхөн сэргэх боломж олгохгүй байгаад оршиж байгаа юм. Малын бэлчээрийг сэлгэн ашиглах буюу ургамал дахин ургах хугацааг тооцоолон бэлчээрээ ашиглах хэрэгтэй байна.

- Бэлчээрийн зөв менежментийг нэвтрүүлэхгүй бол цаг уурт хэрхэн нөлөөлөх вэ?

- Бэлчээрийн зөв менежментийг нэвтрүүлэхээс гадна, ургамлын төрөл зүйлийг нэмэгдүүлэхгүй бол хөрсний усны хэмжээ буурч, цөлжилт явагдах цаашлаад халалт үүсгэх эрсдэлтэй. Хуурай, халуун уур амьсгалтай болно гэсэн үг.

Бид сүүлийн 50 жилийн туршид байгаль дээрх зэрлэг амьтад ургамлын тэнцвэрт байдал хэрхэн хадгалагдаж ирснийг судалж байна. Үүнийг ойлгочих юм бол бэлчээрийн талхлалт, цөлжилтөөс сэргийлж чадна.

- Цаашид малчдад бэлчээрийн зөв менежментийн талаар мэдээлэл, зөвлөгөө өгөх ажлыг хийх юм болов уу?

- Манай институт АДРА Монгол ОУБ-тай хамтран Завхан аймгийн Идэр сумын малчдад энэ чиглэлийн сургалт явуулах талаар яригдаж байгаа. Удахгүй ямар нэгэн тодорхой шийдвэр гарах байх.

Монгол Улс хангай, хээр, цөлөрхөг хээр, говийн бэлчээр хосолсон 110.4 сая га бэлчээр, 1.7 сая га хадлангийн талбай нийт 112.1 сая га бэлчээр, хадлангийн талбайтай. Бэлчээр, хадлангийн талбай нь хөдөө аж ахуйн эдэлбэр газрын 97 хувийг эзэлдэг бөгөөд нийт бэлчээрийн 52.9 сая га-г өвөл, хаврын улиралд 60.3 сая га-г зун намрын улиралд ашиглаж байна.

Хүн ам суурьшиж, хотжихын хэрээр бэлчээрийн газар нь хот суурингийн дэд бүтэц, ашигт малтмал, газар тариалан зэрэг өөр ангилалд шилжиж байгаагаас үүдэн 1964 онтой харьцуулахад бэлчээрийн талбайн хэмжээг 9 сая га-гаар багасаад байгаа юм.

"Хангай", "Орхон" үүлдрийн хонины үржил, селекцийн ажлыг чанаржуулах талаар санал солилцов
 
Гэрэл зургийг mpa.mn

Хэлэлцүүлгийн үеэр хөндөгдсөн өөр нэг асуудал бол нарийн болон нарийвтар ноост хонины үржлийн асуудал. АДРА ОУБ-ын Бангкок дахь Азийн бүсийн захирал Брэндон Ирвин нь хонины үржлийн мэргэжилтэн бөгөөд энэ чиглэлээр олон жил судалгаа хийсэн.

Тэрбээр, Сэлэнгэ аймгийн Цагааннуур суманд ажиллаж, Хангай, Орхон үүлдрийн хонины онцлогийн талаар судалснаа оролцогчдод танилцуулж, Шинэ Зеландын уулархаг бүсийн Меринос үүлдрийн хонины талаар мэдээлэл хийв.

1961 оны 2 дугаар сард нарийвтар ноост, мах, ноосны чиглэлийн "Орхон" үүлдэр, 1990 оны 3 дугаар сард мах-ноосны чиглэлийн жигд нарийн ноост "Хангай" үүлдрийг Хөдөө аж ахуйн яамнаас хонийг бие даасан үүлдэр болгон баталгаажуулсан нь Монгол Улсын хонины аж ахуйд гарсан түүхэн том ололт, үнэ цэнэтэй бүтээл болсон байна.

"Орхон" үүлдрийн хонь үүлдрээр батлагдах үедээ 21,921 толгой байсан бөгөөд нас гүйцсэн үржлийн хуцны амьдын жин 85 кг орчим, ноосны гарц 5.6 кг, эм хонины амьдын жин 55 кг, ноосны гарц 3.4 кг байжээ. "Орхон" үүлдрийн хонь нь эрүүл, том, чийрэг бие бялдартай, ноос нь бүх биед жигд ургасан, цаг уурын хатуу ширүүн нөхцөлд тэсвэр хатуужил сайтай, түргэн хугацаанд тарга хүч авдаг онцлог шинж чанартай юм.

2018 оны байдлаар Сэлэнгэ аймгийн Орхон, Сайхан, Сант, Мандал, Цагааннуур сумдад нийт 6,857 толгой "Орхон" үүлдрийн хонь байна.

Манай улсад ноосон нэхмэлийн үйлдвэр 1950 оны сүүлчээр байгуулагдаж, нэхмэлийн үйлдвэрийн жилийн 1,500 тонн нарийн, нарийвтар ноосны хэрэгцээг хангахын тулд нарийвтар ноост “Орхон" үүлдрийн хонийг өсгөн үржүүлэхийн зэрэгцээ нарийн ноост шинэ чиглэлийн хонины аж ахуйг хөгжүүлэх нийгэм, эдийн засгийн шаардлага үүссэн.

Мах-ноосны чиглэлийн жигд нарийн ноост “Хангай” үүлдэр нь Хангайн бүсийн байгаль, цаг уурын эрс тэс нөхцөлд тохирсон, жилийн турш бэлчээрийн маллагаанд зохицсон, биеэр том, эрүүл чийрэг бие бялдартай, хэвийн зөв галбиртай, хундан цагаан зүстэй, ноос нь 19-25 мкм нарийн, 7-8 см урт, гэдэс хэвлийн ноос хангалттай ургасан байхаас гадна урд хөл нь өвдгөө, хойд хөл нь боривоо хүртэл ургасан ноостой. Нэг "Хангай" хониноос 3-4 энгийн хониноос гардагтай тэнцэх хэмжээний ноос гардаг байна.

Хэлэлцүүлгийн төгсгөлд Монгол Улсын бэлчээрийн өнөөгийн байдал, нөхөн сэргээх боломж, нарийн болон нарийвтар ноост "Хангай", "Орхон" үүлдрийн хонины үржил, селекцийн ажлыг чанаржуулж, ашиг шимийг нэмэгдүүлэх талаар оролцогчид санал солилцсон юм.