Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/08/14-НД НИЙТЛЭГДСЭН

Сайд нараас бүрдсэн ажлын хэсэг ашигт малтмалын лицензүүдийг шалгана

А.Төгөлдөр, iKon.mn
2019 оны 8 сарын 14
iKon.MN
Зураг зураг
mpa.mn
00:00 00:00
Сайд нараас бүрдсэн ажлын хэсэг ашигт малтмалын лицензүүдийг шалгана
Sara, ikon.mn - text to speech

Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар хэлэлцсэн зарим асуудлын талаар Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Н.Цэрэнбат мэдээлэл хийлээ. 

Тэрбээр мэдээлэлдээ “Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар Тост, Тосон бумбын байгалийн нөөц газрын хилийн заагт өөрчлөлт оруулж, 153.4 мянган га газраар өргөтгөн нийт 896.5 мянган га газрыг байгалийн нөөц ангиллаар улсын тусгай хамгаалалтад авах тухай Засгийн газрын тогтоол багтагдлаа. 

Үүнтэй уялдуулж Монгол Улсын Засгийн газраас Шадар сайд, Хууль зүй, дотоод хэргийн сайд, Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд, ЗГХЭГ-ын дарга, Байгаль орчин, аялал жуулчлалын сайдаар ахлуулсан Монгол Улсад олгогдсон ашигт малтмалын хайгуулын болон ашиглалтын лицензийн олголтод хяналт тавих, лиценз олгохдоо хууль зөрчсөн эсэхийг шалгах ажлын хэсэг байгуулагдахаар боллоо” гэв. 

Засгийн газрын тогтоолоор Өмнөговь аймгийн Гурвантэс сумын нутагт орших Тост, Тосон бумбын нурууны байгалийн нөөц газрын хилийн заагийг өөрчлөн баталжээ.

Энэ тогтоолоор Тост, Тосон бумбын нурууны байгалийн нөөц газрын хилийн заагт өөрчлөлт оруулан 153482,37 га газар өргөтгөн нийт 896540,37 га газрын байгалийн нөөцийн ангиллаар улсын тусгай хамгаалалтад авахаар болж байна.

Энэхүү шийдвэртэй холбогдуулан Засгийн газрын 2017 оны 03 дугаар сарын 15-ны 91 дүгээр “Байгалийн нөөц газрын хилийн заагийг тогтоох тухай” тогтоолыг хүчингүй болгов.

Улсын тусгай хамгаалалтад авсан газрын хилийн заагийг тогтоож буй газартай хэсэгчилсэн болон бүрэн давхцалтай ашигт малтмалын хайгуулын долоон тусгай зөвшөөрөл байгаа аж.