Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/08/14-НД НИЙТЛЭГДСЭН

Д.Энхболд: Хэн нэг нь “матрын нулимс унагангуут” л лиценз цуцлаад эхэлбэл эдийн засаг хэцүүднэ

Ц.Баасансүрэн, Өдрийн сонин
2019 оны 8 сарын 14
Өдрийн сонин
Зураг зураг

Монголын уул уурхайн үндэсний ассоциацийн гүйцэтгэх захирал Д.Энхболдтой ярилцлаа.

-Ямар нэг компанийн ашиглалтын лицензийг Ерөнхий сайд үүрэг өгөөд тэр өдрөө тогтоол гаргаад цуцалчих нь зарчмын хувьд хэр зөв хандлага вэ, эдийн засгийн нөлөө талаас нь асууж байна л даа. Хөрөнгө оруулагчдын тухайд эргэлзээ болгоомжлолтойгоор харж суугаа байх?

-Дан ганц хөрөнгө оруулагчид биш л дээ. Уул уурхайн салбарт үйл ажиллагаа явуулдаг компаниудад хүртэл маш ойлгомжгүй байдал үүсгэчихэж байна. Ерөнхий сайд өчигдөр (уржигдар) анхнаасаа хууль бусаар олгогдсон лиценз гэсэн үндэслэл ярина лээ. ЗГХЭГ-аас цуцалсан үндэслэл нь арай ондоо зүйл харагдах шиг болсон.

-Экосистемийн өмнө ямар ч хууль бөхийх ёстой гэсэн үг гүйцэтгэх засаглалын тэргүүний амнаас унасан...?

-Ерөнхий сайд өөр утгатай эшлэл хэлэх гээд халтирсан байж магадгүй. Байгаль дэлхийн өмнө бүгд сөгддөг гэдэг утгаар хэлсэн байхыг үгүйсгэх аргагүй л юм.

-Шууд утгаар нь хууль гэж хэлсэн бол яах вэ?

-Монголд байтугай ер нь дэлхий дээр нийгэм, байгаль орчны харилцааг цорын ганц цаасаар баталгаажуулж байгаа. Тэр нь хууль.

Хууль гэдэг нь нийгмийн түвшинд хүн хооронд яаж харилцах, хүн байгальтайгаа хэрхэн харилцах гэх мэт бүх харилцааг зохицуулсан зүйл.

Ярилцаж хэлэлцээд санал нэгдэж баталсан шийдвэр шүү дээ. Хуулийнхаа дагуу явбал тухайн газар үйл ажиллагаа явуулж эхэлсэн уурхайн лицензийг цуцлуулахад хуульд заасан шат дараалал гэж бий. Үндэслэл ч гэж байх ёстой.

Түүнээс биш хэн нэг нь “матрын нулимс унагахаар” лиценз болгоныг цуцлаад байвал хэцүү л дээ. Эдийн засаг хэцүүднэ. Ер нь хуулийн дагуу явахгүй бол анархи гэдэг зүйл л бий болно.

-400 лиценз хураана гэсэн мэдэгдэл дээр танай салбарынхан ямархуу байр суурь, реакцитай хандсан бэ?

-Яг үүн дээр гэвэл Тосон бумба гэх мэт бусад кейсүүдтэй адил зарчим руу орчихоод байгаа юм.

Хуулийнх нь дагуу яваад хураана гэвэл мэдээж улсын эрх мэдэл. Хүлээн зөвшөөрнө. Бүх зүйл хуулийн дагуу өрнөсөн учраас асуудал байхгүй.

Харин хуулийн дагуу процедур явахгүй шууд хураана гэвэл хэт өрөөсгөл хэрэг. Тухайн компанийн зөв буруу ямар байх нь гучдугаар асуудал.

Ямар нэг компанийн зөв бурууг та бид хоёр суугаад шүүх эрхгүй хүмүүс. Хамгийн гол нь явагдаж буй процесс хуулийн дагуу эсэх дээр эмзэглэж байна.

Шүүх хуулийнхан буруу, гэмийг нь тогтоогоод гаргаад ирсэн тохиолдолд ямар ч асуудал байхгүй. Яг өнөөдөр өрнөж буй үйл явдлуудыг анзаарахад хоёр бүлэг ч юм уу, хоёр хүний хоорондын асуудлыг шийдвэрлэсэн мэт харагдаж байгаа ч үзүүлэх нөлөө нь нийт салбартаа хүнд тусах гээд байна. Хамгийн том эрсдэл нь энэ.

-Лицензийг ганцхан өдрийн дотор Ерөнхий сайдын үүрэг болгосноор цуцлах нь гадаадын хөрөнгө оруулагчдад том эрсдэл гэж харагдах уу?

-Тодорхой асуудал шүү дээ. Хуулийн дагуу, тодорхой үе шаттай ямар нэгэн процессгүйгээр лиценз цуцалчихаж байгаа улсад мөнгөө оруулахыг хэн ч хүсэхгүй. Хөрөнгө оруулагчдын тухайд Австрали, Канад, Дундад Ази гээд сонголт өчнөөн бий.

-Ганц энэ долоо хоногт өрнөсөн үйл явдал ч биш, өнгөрсөн өдрүүдийг ухраагаад харахаар үндэсний том компанийн лицензийг хураана гэсэн мэдэгдэл бий. Салхит дээр тусгай ажиллагаа явуулсан, төр 400 лиценз хураана гэсэн. Энэ кейсүүдийг том зургаар нь харахаар шил дарсан эвгүй мессэж явчихав уу?

-Мессэжүүдийг нэгтгээд харахаар нэг нэгээр нь намнаад уул уурхайг унагаж авъя гэсэн бодлого бариад яваа юм шиг зураг харагдаж байна л даа. Тийм хардлага төрөхөөр байгааг үгүйсгэхгүй.

-Иймэрхүү үйл явдал урт хугацаанд үргэлжилбэл яах бол?

-Хөндлөнгөөс ажиглавал маш энгийн гаргалгаа харагдаж байна. Гуравдагч орны хөрөнгө оруулалтыг бүрмөсөн хаагаад, зөвхөн урд хөрштэй хамтран ажиллах замыг бэлдээд байна уу гэж хараад байгаа. Урт хугацаагаар нь харвал тийм л үр дүн гарч ирнэ.

-Гуравдагч орны хөрөнгө оруулалтыг зориудаар үргээж байна гэснээс Бороогийн алтны орд дээр “Сентерра гоулд”-ыг Монголоос гартал нь шахсан. Өмнө нь өрнөсөн явдлуудыг анзаарахаар “Хан ресурс” гэх мэт утга ижил кейсүүд ч бий...?

-Таны хэлснийг ерөнхийд нь хүлээн зөвшөөрнө. Сүүлийн үед өрнөж байгаа үйл явдлуудын тухайд хааж, цуцалж буй кейсүүдийг буруутгах аргагүй. Хамгийн гол нь хийж буй арга нь буруу байна. Шүүх, хуультай улс ингэж болохгүй л дээ.

-Оюу толгойг эс тооцвол уул уурхайн салбарт аль улсын хөрөнгө оруулалт жин дарж байна?

-Том төсөл гэвэл Оюу толгойгоос өөр байхгүй. Дунд зэргийн гэвэл хайгуулын хэдэн төсөл бий.

Гэхдээ өнөө төслүүд нь гацсан, гарч ч болдоггүй, орж ч болдоггүй тийм нөхцөлд хүлэгдчихсэн. Хэрэгжиж урагшилж яваа төсөл гэвэл Хятадын хөрөнгө оруулалттай хэдэн компани байх шиг байна.

Төмрийн хүдэр дээр түмэн хятад байгаа нь тодорхой. Жоншин дээр хятадууд Монголын компаниудаа шахаад, ер нь эзэлчихсэн сурагтай байна. Хятадын хувьд нэг өнцгөөс нь тэртэй тэргүй залгиад эхэлчихсэн. Өнгөт металл буюу нөгөө өнцөг дээр нь гуравдагч хөршөө авч үлдэх эсэх нь бидний цаашид хийх алхмаас шалтгаалах байх.

-Оюу толгойг тойргийн гадна үлдээгээд харвал гуравдагч хөршийн орон зайг тооцож үзэхээс аргагүй болж гэж ойлголоо, зөв үү?

-Ер нь бол тийм. Гуравдагч хөрш гэдгийг харилцан айлчлал хийж, үзэсгэлэн зохион байгуулж, ах дүү хот болж, урлаг соёлын хөтөлбөр солилцох гэж ойлгож хараад байдаг. Тийм биш шүү дээ.

Хэн хөрөнгө оруулсан нь л гуравдагч хөрш болно. Хэн нь манай улсад ашиг сонирхлоо оруулж байна, тэр л хөрш. Түүнээс биш мянга бүжигчин, оюутан солилцоод үр дүн, нөлөө жин бага.

-Хөрөнгө оруулалтын орчноо дэмжээд өгвөл уул уурхай тэр дороо сэвхийгээд ирэх боломжтой салбар мөн үү?

-Тааж таамаглаж хэлэхэд хэцүү. Хайгуулын салбарыг “булшлаад” бараг есөн жил болж байна. Сэргээх гэж арав, хорин жил болох байх. Тэгсний дараа ярилцсан нь дээр болов уу даа.

-Уул уурхайн салбарын эдийн засагт нөлөөлдөг тоо баримтуудыг харахаар голлох салбартаа ингэж хайнга хандаж болмооргүй санагдах юм. Та юу гэж бодож байна?

-Наад захын энгийн тоо хэлье. Уул уурхайн салбар бүтэн жилийн экспортын 80-90 хувийг бүрдүүлдэг. Өөрөөр хэлбэл Монголд орж ирж буй валютын 80-90 хувийг ганцхан уул уурхайн салбар бүрдүүлдэг гэсэн үг. Ийм салбараараа зогсоо зайгүй оролдож, хэцүүдүүлчихээд валютын ханш өслөө гэж өндөр дуугарах нь утгагүй л асуудал.

-Уул уурхайн компаниудад хандсан хатуу мэдэгдлүүдийн урд ард түмнээ сонсоно гэсэн тайлбар дагалдах юм. Сая нэг иргэн уйлаад гүйцэтгэх засаглалын тэргүүн үүрэг өгсөн юм шиг зураг харагдлаа. Ард түмэн гэх тайлбарын тухайд таны байр суурийг сонсъё?

-Ард түмнээ сонсоно гэдгийг орон нутгаа сонсох юм байна гэж ойлгосон. Ард түмэн гэдэг харьцангуй ойлголт. Та ч, би ч ард түмний нэг хэсэг.

Ард түмнийг хэзээ сонсдог вэ гэвэл өөр хэрэг. Ард түмнийг төлөөлж сонгогдсон байгууллагын 50-иас илүү хувь нь толгой дохисон асуудлын тухайд яригдах зүйл. Тэгж байж ард түмний нэгдсэн дуу хоолой гэж хүлээн зөвшөөрөгдөнө. Түүнээс биш гурван сая хүний эрх ашгийг 300 хүний эрх ашгаар төлөөлүүлэх аргагүй.

-Ямар нэг уурхайг хөөж гаргасны дараа дахиад нэгэнд нь зөвшөөрөл өгчихсөн байдаг нийтлэг зураг харагддаг гэвэл та хүлээн зөвшөөрөх үү?

-Нийтлэг гэдгийг хүлээн зөвшөөрнө. Ном ёсоороо ажлаа хийгээд явж байгаа уурхайг ямар нэг байдлаар попорч яваад хаалгачихдаг, дараа нь орон нутаг нь өөр компани оруулчихдаг тал анзаарагддаг.

Үндсэн хуулийн өөрчлөлтийн үеэр хүртэл яригдаж байна л даа. Орон нутгийн засаг захиргааг илүү хараа г бус, бие даасан байлгах ёстой гэж их ярьж байна.

Орон нутаг өөрсдөө мэдэх ёстой гэх мэтчилэн янз бүрийн популист уриан дор өөрчлөлтүүд хийх сэнхрүүлэг явагдаад байгаа. Энэ бол аюултай зүйл.

Орон нутагт эрх мэдэл олгоно гэдэг холбооны улсын шинж рүү орж байна гэсэн үг. Холбооны улсын тухайд манайхаас тэс өөр ойлголт. Манай улсын аймгууд засаг захиргааны л нэгж. Түүнээс биш холбооны улс шиг тухайн газар нь хэдэн мянган жил хэсэг бүлэг хүмүүс амьдарч байхад нь эзэлж нэгтгэсэн түүх бидэнд байхгүй.

Холбооны улсад нийтлэг анзаарагддаг тийм түүх Монголын хувьд хол, тэс өөр зураг. Дахиад хэлэхэд манай аймгууд засаг захиргааны л нэгж. Бүр тодруулж хэлбэл Засгийн газраас гаргаж буй шийдвэрүүдийг гүйцэтгэх ёстой нэгжүүд.

Зураг