Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/08/12-НД НИЙТЛЭГДСЭН

Америкийн алдартнуудтай холбоотой санхүүчийн амиа хорлосон хэргийг шалгаж байна

Р.Төмөр, ikon.mn
2019 оны 8 сарын 12
iKon.MN
Зураг зураг

Бямба гарагт Нью Йоркийн урьдчилан саатуулах төвд хоригдож байсан санхүүч Жэфри Эпштэйн амиа хорлосон нь АНУ-ын нийгмийг цочроогоод байна.

Америкийн тэрбумтнуудад хөрөнгийн удирдлагын үйлчилгээ үзүүлдэг байсан 66 настай Эпштэйнийг Парисаас хувийн онгоцоор Нью Йоркод ирэхэд нь баривчилж, долдугаар сарын 6-наас хойш хорьж байсан юм. Насанд хүрээгүй охидыг нөлөө бүхий эрхмүүдэд зуучилж, биеийг нь үнэлүүлдэг байсан гэх хэргийг нь өнгөрсөн хугацаанд хуулийнхан шалгаж байжээ.

Хэрэг гарах үед буюу 2002-2005 оны хооронд хамгийн залуу нь 14 настай байсан олон арван эмэгтэйчүүд Эпштэйний эсрэг гомдол гаргаад байв.

Эпштэйнтэй дотно нөхөрлөж явсан эрхмүүдийн дотор ерөнхийлөгч Дональд Трамп, ерөнхийлөгч асан Билл Клинтон, Британийн хатан хааны хүү, ханхүү Эндрью, “Victoria’s Secret” компанийн эзэн Лес Векснер зэрэг хүмүүсийн нэр ил болоод байгаа.

Нэр дурдагдсан эрхмүүд бүгд Эпштэйнийг хууль бус ажиллагаа явуулдаг байсныг мэдээгүй гэдгээ зарлаад байна.

Өнгөрсөн сарын сүүлээр тэр амиа хорлох оролдлого хийсэн тул 24 цагийн тусгай хяналтад шилжүүлээд байжээ. Гэвч долоо хоног орчмын дараа буюу долдугаар сарын 29-ний өдөр тусгай хяналтыг нь зогсоож, хэвийн горимд хорьж эхэлсэн байна.

Амиа хорлохоос сэргийлсэн тусгай хяналтыг ямар шалтгаанаар цуцалсан нь тодорхойгүй байгаа.

Бямба гарагт АНУ-ын хууль зүйн сайд, ерөнхий прокурор Уилльям Барр санхүүчийн үхлийн хэргийг тусгайлан шалгахаар болсныг зарлажээ.

“Холбооны шоронд хоригдож байсан Жэфри Эпштэйн өнөө өглөө амиа хорлосон тухай мэдээ намайг цочоолоо. Ноён Эпштэйний үхэл бол заавал тодруулах ёстой ноцтой асуудал мөн” гэж тэр мэдэгдсэн юм.

Бямба гарагт АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп санхүүчийн үхлийг ерөнхийлөгч асан Билл Клинтон захиалсан гэх батлагдаагүй цуурхлыг твиттер хуудсандаа тараасан нь шүүмжлэл дагуулаад байна.

Өмнө нь тэр өрсөлдөгчийнх нь тухай иймэрхүү хуйвалдааны онол, батлагдаагүй цуурхлыг сошиал сүлжээнд тарааж байсан тохиолдол бий. Тухайлбал ерөнхийлөгч асан Барак Обамаг АНУ-д төрөөгүй, гадаад оронд мэндэлсэн хүн хэмээх мэдээллийг Трамп өөрийн сошиал сүлжээний дагагчиддаа тарааж байжээ.

 

Эх сурвалж: Reuters