Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/08/12-НД НИЙТЛЭГДСЭН

Зуун жилийн дараа яригдах "Классик" бүтээл

СУРТАЛЧИЛГАА
2019 оны 8 сарын 12
Сурталчилгаа
 

1986 он. Шинэ он гарснаар Америк улс "Челленжер" хөлгөө задгай сансарт гаргахаар зэхэж байлаа. Олон арван жилийн турш бэлтгэлээ базаасан Америкчууд зорилгодоо хүрэхэд нэг л алхам дутуу байсан юм. Гэвч "Челленжер" хөлөг агаарт хөөрснөөс хойш 73 секундийн дотор осолдож, агаарт дэлбэрсэн. Тухайн үедээ хүний  төрөлхтний түүхэн дэх хамгийн их хохиролтой ослоор тодрон 5.5 тэрбум доллар агаарт замхарч, гамшгийн буруутан нь алдаа дутагдалтай технологи болсон. Энэ үйл явдал их гүрнүүдийн сансрын уралдааны гал бөхөж байх үед болсон билээ. Гэвч энэ "рекордыг" хэдхэн сарын дараа тэдний мөнхийн өрсөлдөгч аугаа Орос гүрэн "эвдсэн" юм. Энэ нь Чернобыль-н атомын цахилгаан станц дэлбэрч, үлэмж хэмжээний цацраг идэвхт бодис агаар, хөрсийг бохирдуулсан явдал байлаа. Үүнд мөн л алдаатай технологи буруудсан юм. Тэгвэл алдаатай технологийн ард хэн байсан юм бэ? Яагаад ийм зүйл болсон бэ? Хэн буруутай вэ? Энэ хэдхэн асуулт дэлхийн дахины сонирхлыг татаж байлаа. Асар их хохирол дагуулсан 1986 он их гүрнүүдийн хувьд тун ч хар жил байжээ.

 

2014 он. Зөвлөлт холбоот улс, Оросын холбооны улс болжээ. Чернобыль хот Оросын харьяанаас гарч, Украин ахан дүүсээр нь "овоглодог" болсон байна. Чернобыль-н талаар олон арван ном, хурал цуглаан, баримтат кино хийгдэж, яагаад тийм зүйл болсныг дэлхий дахин мэдэж, Орос улс буруутнаа аль хэдийн олжээ. Гэхдээ тэр бүхэн одоо чухал биш. Учир нь 28 жилийн дараа дэлхий дахины анхаарлыг татаж байсан асуултууд хуучирсангүй. Хариултад "цадаагүй" хүмүүсийн нэг нь Америк кино найруулагч Крейг Мезин байсан юм. Түүний хийсэн бүтээлүүдээс дурдвал Scary Movie, Superhero Movie, Hangover. Энэ жагсаалтаас харвал нэлээд "марзан" нөхөр шиг харагдах байх. Гэвч хүн төрөлхтний түүхэн дэх хамгийн том цөмийн гамшигт үйл явдал түүний сонирхлыг хачин их татдаг байлаа. Бүр осолтой холбоотой бүх баримт, номтой танилцаж, цөмийн физикчээр хэрхэн атомын станц  ажилладгийг заалгаж, Чернобылийн тусгаарлах бүс лүү хүртэл өөрийн биеэр очиж үзжээ. Гэвч энэ бүхэн хангалтгүй байлаа. Түүнд атомын цахилгаан станц, цацраг идэвхт бодисын аюулаас илүүтэйгээр тухайн үеийг туулан амьдарч, зовж, амиа золиосолсон хүмүүсийн түүх сонирхолтой байжээ.

2017 он. HBO-ын томоохон цуврал "Game of Thrones" нэг жил завсарлан, төгсгөлийн улирлын тов зарлагдлаа. Иймд үзэгчдийнхээ сонирхлыг бууруулахгүй байх хариуцлагатай даалгавар HBO-д гарч ирсэн юм. Ингээд тэд Английн хамгийн том харилцаа холбооны компани "Sky UK"-тэй хамтран Чернобыль цувралын ажлыг эхлүүлсэн байна. Уг төслийг Крейг Мезин ахалж зохиолын ажилдаа гар шамдан оржээ. Түүний кинондаа өгүүлэхийг хүссэн гол санаа нь "Худал хуурмагийн хор уршиг". Тиймдээ уг бүтээлийг бодит түүхтэй хамгийн ойрхон байхаар бодож төлөвлөсөн байна.

2018 оны 4 сар болж Чернобыль кино багийнхан зураг авалтдаа хэдийн орсон байв. Зөвлөлтийн өнгө аясыг санагдуулам хуучин угсармал байшин, гудам, талбайтай Литва улсын нэгэн бяцхан хотыг зураг авалтын талбай болгон сонгожээ. Хэрвээ та уг киног үзвэл яг л 1980-аад оны зөвлөлтийн ахуйд "хөл тавих" болно. Зураг авалт эцсийн шатандаа орох үед осол болсон Чернобыль хотыг зорьжээ. Чернобыльд дан ганц зураг аваагүй бөгөөд кинонд ашиглах орчин тойрны чимээг шууд голомтоос нь "хуулан" авсан байна. Энэ нь түүхийг байж болох хамгийн үнэнээр дэлгэцэд буулгах гэсэн чармайлт юм.

 

2019 оны 3 сарын 11. Чернобылийн осол болсноос хойш нэгэнт 32 жил 11 сар өнгөрсөн байв. Орос улсын түүхэн дэх хамгийн "гутамшигтай" үйл явдлыг тэдний мөнхийн өрсөлдөгчид болох Америкчууд өөрсдийн хувилбараар дэлхий дахинд түгээхэд бэлэн болсноо мэдэгдэв. Энэ өдөр "Chernobyl" богино цувралын трайлер цацагдаж, 5 дугаар сарын 6-ны өдөр нээлтээ хийх талаараа мэдэгджээ.

2019 оны 5 сарын 6-нд Чернобылийн эхний анги "1:23:45" HBO сувгаар цацагдлаа. Чернобыль цувралаас үзэгчид юу хүлээхээ мэдэхгүй байв. Кино бүтээсэн Креиг Мэзин-г харахад нэлээн "шог гар". Гол дүрийн жүжигчдийн хувьд Jared Harris, Emily Watson, Stellan Skarsgard. Эд бол "Чернобыль" цувралын Дэлгэр, Үрлээ, Баяраа 3 юм. Өөрөөр хэлбэл ихэнх үйл явдал энэ 3 хүний эргэн тойронд өнгөрнө. Гэхдээ энэ бол ээдрээтэй өсвөр насны хайр биш шал өөр төрлийн хайрын түүх. Магадгүй өөрийгөө хайрлахгүй байхын түүх ч гэж болох юм.

 

Урьд нь ослын талаар хэд хэдэн баримтат кино, бүр аймшгийн кино хүртэл хийгдээд амжжээ. Харин HBO-ийн бүтээсэн хувилбар эхний ангиасаа л хүмүүсийг алмайруулж эхэлсэн юм. Үзэгчид 33 жилийн өмнө болсон гамшгийн голомтод хэдийн "очжээ". Кинон дээр гарах дайчид, эрдэмтэд улс төрийн нэрт зүтгэлтнүүд бүгд бодит хүмүүс байсан нь үзэгчдэд улам л "амьд" мэдрэмжийг өгч байв.

ЗХУ-ын үед төр бүх зүйлийн төв "төгс" оршихуй байсан. Хэзээ ч төрийн буруу байсангүй. Төрийн хуурамч төгсөрлийн балаг, хуурмаг зүйлсийн золиосыг уг цувралд гайхалтайгаар үзүүлжээ.

Кино бүтээгчид уг аймшигт үйл явдлаас юуг ч орхигдуулсангүй. Асуудал гэрийн тэжээвэр амьтдаас ЗХУ-ын сүүлийн ерөнхийлөгч Горбачёвт хүртэл хурцдаж байсныг гайхалтайгаар үзүүлэв. Танд киноны үйл явдлын талаар ярьж өгөх нь дэндүү "хайран" юм. Учир нь "Chernobyl" 5 ангиас бүрдсэн богино цуврал. Шинэ улирал гарахгүй, шинэчлэн хийгдэхгүй, 100 жилийн дараа ч яригдах жинхэнэ "классик" бүтээл. Тиймээс HBO-ын "Chernobyl" цувралыг заавал үз гэж хэлмээр байна. Гэхдээ хамгийн өндөр төвшний дүрс, мэргэжлийн дуу оруулалт, албан ёсны эрхтэйгээр LookTV "HBO олон ангит" кино сангаас үзээрэй гэж зөвлөе.

 

 

 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.