Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/08/12-НД НИЙТЛЭГДСЭН

Андрей Михнев: Монгол Улс эдийн засгаа хөгжүүлэхээс гадна дэд бүтэц, хүний капиталдаа анхаарах хэрэгтэй

М.Үүрийнтуяа, Үндэсний шуудан
2019 оны 8 сарын 12
Үндэсний шуудан
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Дэлхийн банкны суурин төлөөлөгч Андрей Михневтэй Монголын эдийн засгийн нөхцөл байдал, Дэлхийн банкнаас Монголд хэрэгжүүлж байгаа төсөлт хөтөлбөр, Монгол Улсын талаарх түүний бодол, хувийн амьдрал, Украин Улсынх нь талаар гэх мэтчилэн олон сэдвээр ярилцлаа.

Түүнээс асуух асуулт олон байсан боловч цаг хугацаа үнэтэй, сонины хуудас хязгаартай.

Андрей Михнев нь олон улсын эдийн засгийн хөгжлийн салбарт буюу Дэлхийн банканд 25 жип ажиллах хугацаандаа 30 улсын эдийн засгийг хөгжүүлэхэд хувь нэмрээ оруулсан арвин туршлагатай бөгөөд Монгол дахь Дэлхийн банкны суурин төлөөлөгчийн томилгоог хүлээж аваад ердөө дөрөвхөн сарын хугацааг үдэж буй ч Монголын эдийн засгийн талаар тун өөдрөг төсөөлөлтэй байв.

-Та дэлхийн банкны суурин төлөөлөгчийн ажлаа хүлээж аваад дөрвөн сарын хугацаа өнгөрчээ. Энэ хугацаанд хэчнээн төсөлт хөтөлбөр удирдаж хэрэгжүүлсэн бэ. Тэдгээрийн үр дүн, биелэлтээс манай уншигчидтай хуваалцахгүй юу?

-Би ажлаа хүлээж аваад дөрвөн cap болж байгаа боловч танай улсад олон жил ажилласан юм шиг л санагдаж байна.

Дэлхийн банкнаас Монгол Улсад өргөн хүрээнд олон төрлийн төсөлт хөтөлбөр хэрэгжүүлдэг. Үүний нэг нь хөгжлийн бодлогыг дэмжих санхүүжилт буюу бодлогын шинэчлэлүүдийг дэмжих хөтөлбөр юм.

Уг хөтөлбөрийг эдийн засгийн удирдлагыг дэмжих хөтөлбөр хэмээн өнгөрсөн долоодугаар сард хоёр дахь шат нь батлагдаад байна. Хөтөлбөрийн хүрээнд улсын төсөвт шууд мөнгөн дэмжлэг олгодог байгаа.

Тухайн дэмжлэгээр Засгийн газар эдийн засгаа сайжруулахын тулд бодлогын шинэчлэл хийж, арга хэмжээ авч байна. Тодруулбал, өрийн тогтвортой байдал болон эдийн засгийн өрсөлдөх чадварыг сайжруулах, нийгмийн хамгааллын хөтөлбөрүүдийг тогтвортой бэхжүүлэхэд зориулсан шинэчлэл хийж байгаа юм.

Энэ хөтөлбөрөөс гадна тодорхой арга хэмжээнүүдийг шууд санхүүжүүлдэг нийт 10 төсөлт хөтөлбөрт Дэлхийн банкны зүгээс дэмжлэг, хөрөнгө оруулалт үзүүлж байна.

Жишээлбэл, уул уурхайн бус салбарын экспорт, эрчим хүчний салбар, тогтвортой амьжиргааг дэмжих төсөл, Засгийн газрын үйлчилгээг цахимжуулах, цахим эрүүл мэнд гэх мэтийг дурдаж болно. Санхүүжилтийн хувьд Дэлхийн банкнаас хэрэгжүүлдэг төсөлт хөтөлбөрүүд Засгийн газрын үйл ажиллагаатай уялдсан, бусад хөгжлийн түншүүдтэй ч холбоотой байдаг.

-Дэлхийн банкнаас нийт 10 төсөлт хөтөлбөр хэрэгжүүлж байна гэлээ. Үүнд хэр хэмжээний санхүүжилт зарцуулж байна вэ?

-Одоо хэрэгжиж байгаа 10 төслийн нийт үнийн дүнд 250 сая ам.долларын санхүүжилтийг Дэлхийн банкны зүгээс төсөвлөсөн. Гэхдээ төсөл хэрэгжихийн хэрээр үе шаттайгаар санхүүжилт олгодог учраас бүх санхүүжилтийг бүрэн олгоогүй байна. Харилцаа холбоо, боловсрол, хөдөө аж ахуй, эрүүл мэнд гэх мэтчилэн салбарын төслийг санхүүжүүлж байна.

-Таны онцолсон эдийн засгийн удирдлагыг дэмжих хөтөлбөр 2017 оны арваннэгдүгээр сард анх батлагдаж байсан. Үүнээс хойш хоёр жил гаруй хугацаанд уг хөтөлбөр манай эдийн засагт ямар эерэг нөлөө үзүүлж байна вэ. Хөтөлбөрийн цаад зорилго нь юунд тусав?

-Эдийн засгийн удирдлагыг дэмжих хөтөлбөр нь олон улсын хөгжлийн түншүүдийн хэрэгжүүлж байгаа өргөн хүрээний, Монгол Улсын эдийн засгийг сэргээх хөтөлбөрийн нэг хэсэг болж байгаа.

Уг хөтөлбөрийг ОУВС, хоёр талт болон олон талт хөгжлийн түншүүд хамтран Засгийн газартай хэлэлцэж боловсруулсан. Ер нь, Дэлхийн банкны хөтөлбөр өрийн тогтвортой байдал болон эдийн засгийн өрсөлдөх чадварыг сайжруулах, нийгмийн хамгааллыг бэхжүүлэх гэсэн гурван чиглэлд шинэчлэлийг дэмжиж явагддаг.

Хөтөлбөр үр дүнгээ өгч байгаа нь олон зүйлээс харагдаж байгаа. Тодруулбал, хөтөлбөр хэрэгжиж эхэлсэн хоёр жилийн өмнөх нөхцөл байдлыг одоогийнхтой харьцуулахад улсын төсөв сайжирч, орлого нэмэгдсэн, төсвийн зарлага хумигдаж, эдийн засгийн өсөлт нэлээд эерэг гарлаа. Өнгөрсөн онд л гэхэд эдийн засгийн өсөлт долоо орчим хувьтай байсан нь Зүүн Азийн бүсдээ л дээгүүрт тооцогдох үзүүлэлт байсан.

Товчоор хэлбэл, төсөл хэрэгжихээс өмнөх үед эдийн засгийн хувьд Монгол Улс хямралын ирмэгт тулсан байсан гэж хэлж болно. Үүнээс хойш олон эерэг үзүүлэлт харагдаж байгаа боловч зөвхөн Дэлхийн банкнаас санхүүжилт олгосноор сайжирсан гэж ойлгож болохгүйг онцлох хэрэгтэй болов уу.

Бидний санхүүжилтээс гадна Засгийн газар урт хугацааны эдийн засгаа шинэчлэх, эрүүлжүүлэх бодлого тууштай авч хэрэгжүүлснээр үр дүн ингэж гарлаа. Засгийн газрын зарим нэг шинэчлэл олон нийтийн дургүйцэл, шүүмжлэлийг дагуулж болох ч урт хугацаандаа эдийн засагт эерэг нөлөө авчирна гэж харж байна.

Эдийн засгийн эерэг үзүүлэлтүүдийн үр дүнд Засгийн газар гаднын хөнгөлөлттэй санхүүжилтийг авах боломж илүү нээлттэй болно. Төгрөгийн ханшид ч гэсэн тодорхой хэмжээгээр эергээр нөлөөлсөн.

-Танайхаас хэрэгжүүлж байгаа төслүүд дунджаар хэдэн жилийн хугацаанд хэрэгжиж байж үр дүн нь гардаг юм бэ?

-Төсөл болгоны санхүүжилт, хугацаа өөр. Хэрэгжүүлж байгаа үйл ажиллагааны зорилгуудаас хамаарч хэрэгжилтэд тодорхой цаг хугацаа шаардана. Монголд хэрэгжиж байгаа хөрөнгө оруулах төслүүд дунджаар дөрвөн жил орчмын хугацаанд хэрэгжиж байна.

Харин эдийн засгийн удирдлагыг дэмжих хөтөлбөрийн хувьд илүү өргөн хүрээтэй. Бусад төслөөр сургууль, цэцэрлэг барина гэхэд санхүүжилт олгох байдлаар шууд санхүүжүүлдэг гэсэн үг л дээ.

-Эдийн засгийн удирдлагыг дэмжих хоёр дахь хөтөлбөрөөр 100 сая ам.долларын санхүүжилт баталсан. Төсөвт шууд санхүүжилт олгодог гэхээр манай Засгийн газраас санхүүжилтийг юунд, яаж зарцуулахаа шийддэг гэсэн үг үү?

-Тийм ээ. Төсвийн ямар үйл ажиллагаанд санхүүжилтийг зарцуулахаа Засгийн газар шийднэ. Ихэвчлэн Засгийн газрууд төсвөө төлөвлөх үедээ урьдчилаад гаднын энэ мэт санхүүжилтийг орлогодоо тооцсон байдаг. Заримдаа гадаад валютын нөөцийг нэмэхэд ч төсвийн дэмжлэгийг ашигладаг тохиолдол цөөнгүй бий.

-Тэгвэл хөтөлбөрийн гурав дахь шат хэзээнээс эхлэх бол?

-Гурван шатны санхүүжилтээр хөтөлбөр хэрэгжинэ. Засгийн газраас хэрэгжүүлж байгаа бодлогын шинэчлэл үүд урт хугацаанд хэрэгжиж үр дүнгээ өгөх тул хөтөлбөрийг үе шаттайгаар хэрэгжүүлэхээр болсон.

Засгийн газар бодлогын шинэчлэлүүдийг хэзээ хийж дуусах нь тодорхойгүй учраас гурав дахь шатны хөтөлбөрийн цаг хугацааг хэлэхэд хэцүү. Засгийн газраас тохирсон бодлогын шинэчлэлүүдийн арга хэмжээг авч дууссан үед Дэлхийн банкны зүгээс үнэлгээний баг ирж, үнэлгээ хийдэг. Үнэлгээ сайн гарвал Дэлхийн банкнаас санхүүжилтийг батлахаар хүсэлт явуулдаг.

-Монгол Улсын эдийн засгийг уул уурхайгаас хэт хараат хэмээдэг. Тиймээс уул уурхайгаас бусад салбарыг дэмжихэд Дэлхийн банкнаас бодлогын чанартай дэмжлэг үзүүлж байна уу. Таны бодлоор уул уурхайн салбар шиг мөн тус салбартай дүйцэхүйц ашиг олж болох зарим салбарыг хөгжүүлснээр эерэг үр дүн гарах уу?

-Уул уурхайгаас бусад салбарыг хөгжүүлэх нь Монгол Улсын хөгжлийн хувьд маш чухал асуудал гэж хэлж болно. Бидний хэрэгжүүлж байгаа үйл ажиллагааг дүгнээд харахад, олон улсын хөгжлийн түншүүд ч мөн нэг зүйл дээр санал нийлдэг.

Энэ бол Монгол Улс эдийн засгаа төрөлжүүлэх хэрэгтэй. Яаж гэхээр, уул уурхайн салбараас холдож өөр салбаруудыг хөгжүүлэх гэхээсээ илүү эдийн засгаа яаж уул уурхайгаас авч байгаа ашиг, орлого дээрээ дөрөөлж хөгжүүлэх вэ гэдэг нь чухал.

Засгийн газар ч мөн урт хугацаандаа уул уурхайн баялгийг яаж ард иргэддээ хүргэх тал дээр хөгжлийн түншүүдтэйгээ хамтран арга хэмжээ хэрэгжүүлж байна. Уул уурхайн салбар ажлын байр, орлого, үүнийгээ дагасан дэд бүтцийг хөгжүүлж байгаа. Гэвч үүнээс гадна мал аж ахуй, ноос ноолуур гэх мэт хөдөө аж ахуйн салбарыг нэн түрүүнд хөгжүүлж дэмжих шаардлагатай.

Монгол Улсын хувьд хөдөө аж ахуйн салбар их нөөц баялагтай. Тиймээс цаашдаа нэмүү өртөг шингээж, экспортод гаргах хэрэгтэй байна. Ингэснээр Монгол Улсын экспортын орлого өсөж, эдийн засгийн эерэг үзүүлэлтийг өсгөх нэг гарц болох юм.

Уул уурхайн түүхий эдийг ч гэсэн боловсруулахгүйгээр гаргахаас илүү баяжуулж, нэмүү өртөг шингээж экспортлох нь ашигтай гэдэг нь тодорхой шүү дээ. Олон улсын хөгжлийн салбарт эдийн засгийг төрөлжүүлэх гэдэгт зөвхөн босоо чиглэлийн эдийн засгийг төрөлжүүлэх буюу нэг салбарын хөгжлийг түлхүү анхаарахаас илүү хэвтээ чиглэлээр хөгжүүлэхэд анхаарч эхэлсэн.

Энэ нь юуг хэлж байна вэ гэхээр, эдийн засгийн хэдэн салбарыг анхаарч хөгжүүлэхээс гадна дэд бүтэц, хүний капитал болон өөр бусад нөөц баялгийг хөгжүүлж байж урт хугацааны тогтвортой хөгжлийн суурийг тавих юм.

Тэгэхээр хэвтээ тэнхлэг буюу хэвтээ чиглэлээр Монгол Улс эдийн засгаа хөгжүүлэх хэрэгтэй.

Ганцхан уул уурхайн салбарт түшиглэсэн эдийн засаг ганхахад амархан. Жишээлбэл, Монгол Улсын экспортын 80 орчим хувийг нүүрс эзэлдэг. Уул уурхайн бүтээгдэхүүний ихэнхийг урд хөрш Хятад руу гаргаж байгаа боловч Хятадын авах хэрэгцээ Монголын экспортын хэрэгцээг бүрэн хангахгүй үе бий.

Хятадын хэрэгцээ зогсоход Монгол Улсын хувьд тус улс руу экспортод гаргадаг бүтээгдэхүүнээ нөхөх юу байна вэ гэдгээ эртнээс төлөвлөж, уян хатан, тогтвортой хөгжлийн суурийг тавих хэрэгтэй.

Монгол Улсын Засгийн газартай хамтраад Дэлхийн банкны зүгээс энэ чиглэлээр шинэ төсөл хэрэгжүүлэхээр судалгааны шатандаа явж байна. Уг төсөл нь мал аж ахуйн бүтээгдэхүүнийг олон улсын стандартын дагуу арилжааны эргэлтэд оруулах зорилгоор хэрэгжинэ. Нэмүү өртөг шингээж, зах зээлийнх нь журмаар мал аж ахуйн салбарыг хөгжүүлэх төсөл юм.

ИРГЭД РҮҮГЭЭ чиглэсэн БОДЛОГО БАРИМТАЛЖ, УУЛ УУРХАЙН САЛБАРТАА ТҮШИГЛЭН БУСАД САЛБАРТ ЭДИЙН ЗАСГАА ТӨРӨЛЖҮҮЛЭХ ХЭРЭГТЭЙ

-Та Латин Америк, Саб-Сахар Африк, Өмнөд Ази, Ойрх Дорнод, Хойд Африк, Европ, Төв Ази гэх мэт оронд эдийн засгийг хөгжүүлэх чиглэлээр ажиллаж байсан олон жилийн туршлагатай. Энэ туршлага дээрээ үндэслээд манай улсад Дэлхийн банкны төсөл, хөтөлбөрүүд хэрэгжихээс өмнөх үе болон хэрэгжсэний дараах одоогийн эдийн засгийн нөхцөл байдлыг харьцуулаад бодоход ямар үр дүн ажиглагдах юм. Монгол Улсын эдийн засгийг хэрхэн үнэлэх вэ?

-Бусад орнуудад ажиллаж, эдийн засгийг нь судалсан хүний хувьд хэлэхэд Монголын эдийн засаг маш сонирхолтой. Дэлхийн эдийн засгийн нэг жижиг гайхамшиг ч гэж хэлж болохоор. Гурван жилийн өмнөх нөхцөл байдлыг одоогийнхтой харьцуулахад хурдан хугацаанд тун эерэг үр дүн гарах юм гэж хэн ч таамаглаагүй байсан.

Үүнд, Монголын экспортын бүтээгдэхүүний үнэ ханш сайн байснаас гадна гадаад нөхцөл байдал нөлөөлсөн ч Засгийн газраас тууштай, тогтвортой арга хэмжээ авсан нь эерэг үр дүн гарахад их нөлөөлсөн.

Жишээлбэл, улсын төсөв ДНБ-ий 15 хувийн алдагдалтай байсан бол өнгөрсөн жилийн төсөв ДНБ-ий 2.8 хувьтай тэнцэх ашигтай гарсан. Эдийн засгийн хөгжил ч мөн сайжирсан. Бусад орны хувьд эдийн засгийн хямралаас гарч, эргээд эерэг үр дүн харуулахад Монголынхоос хамаагүй их цаг хугацаа шаарддаг. Монгол богино хугацаанд чамлахааргүй амжилтад хүрсэн нь сайшаалтай.

Гэхдээ цаашдаа эдийн засгийн уналт, сэргэлтийг уул уурхайгаас хараат байдаг мөчлөгөөс гаргахдаа анхаарах хэрэгтэй. Эдийн засгийг төрөлжүүлэх, төсвийн бодлогодоо анхаарах, эдийн засгийн хамгаалалт болох хямралаас хамгаалах арга хэмжээнүүдийг авсан байх хэрэгтэй. Танай Засгийн газар өнгөрсөн хугацаанд заримдаа хатуу ч гэсэн зайлшгүй авах шаардлагатай арга хэмжээг авч байна гэж би боддог.

Бусад орныг харахад, богино хугацааны эдийн засагт хор хөнөөлтэй, популист шинжтэй шийдвэрийг гаргах нь хурдан байдаг. Ингэснээр эдийн засагт илт нөлөөлдөг. Гэсэн хэдий ч Монголын эдийн засагт авч хэрэгжүүлэх шаардлагатай арга хэмжээ олон байна.

Жишээлбэл, тэтгэврийн тогтолцоог тогтвортой болгох, татварын олон хөнгөлөлт, чөлөөлөлтүүдийг улс орны хөгжилд бодитоор нөлөөлж чадаж байна уу гэдгийг нь үнэлж, цэгцэлж хумих шаардлагатай.

-Та монголын эдийн засгийг их онцлогтой гэлээ. Манай эдийн засгийг яаж хөгжүүлэх хэрэгтэй гэж боддог тухайгаа дэлгэрүүлж ярихгүй юү?

-Монголд ирэхээсээ өмнө ч гэсэн эдийн засгийг нь судлахад сонирхолтой байсан. Монгол Улс өөрөө онцлогтой бөгөөд энэ нь эргээд засагт сорилт болдог нь харагдсан. Тухайлбал, нэг хүнд ноогдох газар нутгаараа дэлхийд дээгүүрт ордог.

Харьцангуй бага хүн амтай ч хүн ам нь тархан суурьшсан учраас төр болон хувийн хэвшлийн үйлчилгээг хүмүүст хүргэхэд хүндрэл бэрхшээл тохиолддог.

Аймаг, сумдаас эхлээд бүх зүйл нь хоорондоо зайтай учраас үүнийгээ дагаад өртөг өсдөг. Цаг агаарын хувьд эрс тэс. Эдгээр нөхцөл нь эдийн засагтаа онцгой сорилт дагуулдаг. Түүнчлэн Улаанбаатар хот дэлхийн хамгийн хүйтэн нийслэлд тооцогддог учраас баригдаж байгаа байшин, барилгуудад сайн дулаалга шаардлагатай, өртөг ч өндөр тусна.

Халаалтын асуудалд мөн онцгой хандах хэрэгтэй болдог. Зарим оронтой харьцуулахад төдийлөн байдаггүй нэг шинж чанар нь уул уурхайн баялгаа харьцангуй сүүлд олборлож, экспортолж эхэлсэн. Монгол Улс дэлхийн эдийн засагт уул уурхайн бүтээгдэхүүнийг гаргадаг шинэ тоглогч юм. Гэтэл Персийн булангийн орнуудын газрын тосны нөөц хязгаарлагдмал болж байна.

Үүнийгээ дагаад нийлүүлэлтийн асуудлаа цаашид яах нь асуудал үүсгээд байгаа. Харин Монгол Улсад судлагдаагүй, олборлож эхлээгүй баялаг их. Энэ баялгаа хэрхэн, яаж ашиглах нь Монгол Улсын хөгжлийн гол асуудал гэж бодож байна.

Харин дутагдалтай тал нь дэд бүтцийн хувьд дутмаг, асуудалтай. Ялангуяа зам тээвэр, холбоо харилцаа сул хөгжсөн. Эдгээрийн бүтээгдэхүүний чанарын хувьд ч ялангуяа замын чанар маш муу нь эдийн засгийн хөгжилд ихээхэн сөрөг нөлөө үзүүлж байна.

Бусад орны хувьд замыг дагаад илүү их хөгжил ирдэг бол Монгол Улсын хувьд газар нутгийн хэмжээ, газар зүйн байрлал, хүн амын тооноос хамаараад нэг зам тавилаа гэхэд өртөг нь өндөр.

Тус замд холбогдох, ашиглах хүний тоо нь ч харьцангуй цөөхөн байдаг. Тиймээс замынхаа үр ашгийг сайн судалж, эрэмбэлж хөрөнгө оруулалт хийх шаардлагатай. Технологийн дэвшлийг мэдэрч, улс орныхоо нөхцөл байдалтай уялдуулах хэрэгтэй байна.

Жишээлбэл, 10 жилийн дараа дэлхийд нисдэг машинууд гарч, хэрэглээнд нэвтэрч болох юм. Тиймээс газраар явагч автомашины зам харгуй тийм ч их шаардлагагүй болж, бүх зүйлийг замаар холбох шаардлагагүй ч болж болох. Энэ мэт зүйлсийг харж, мэдрэхийн зэрэгцээ Монгол Улс эдийн засгийн гол төвүүдээ замаар бүрэн холбож, хөрш хоёр том зах зээлтэйгээ эдийн засгийн коридоруудаа сайн хөгжүүлэх нь маргаангүй чухал.

-Монголд ажиллахад ямар бэрхшээл тулгарч байна вэ?

-Монгол Улсын эдийн засагт шийдвэрлэх боломжгүй бэрхшээл харагдахгүй байна. Миний хувьд Монгол Улсын эдийн засгаас маш олон эерэг, давуу талыг олж хардаг. Суурин төлөөлөгч хийхэд хамтран ажиллах багийнхан нь хүчирхэг, чадварлаг байх хэрэгтэй.

Монгол Улсад суурин ажилладаг Дэлхийн банкны ажилчдын 90 хувь нь монголчууд. Ажилдаа мэргэшсэн, дотоод, гадаадад суралцсан маш найдвартай хүний нөөц бүрдүүлж чадсан. Монголд чадварлаг багтай ажиллаж байгаа нь их давуу тал болж байна.

Нөгөө талаар хамт ажиллаж байгаа гол түнш болох Монгол Улсын Засгийн газар манайхаас санхүүжүүлж байгаа төслийг дэмжиж, тууштай байгаа учраас надад ажиллахад хүндрэл бэрхшээл алга. Хамтран ажиллаж байгаа хувийн хэвшлийнхний хувьд ч хүчирхэг байдаг. Үүнээс гадна Монгол Улсад иргэний нийгмийн байгууллагууд их хөгжсөн, хүчтэй байгаа нь тун авууштай.

Магадгүй хүн амд ноогдох иргэний нийгмийн байгууллагын тоогоороо Монгол Улс дэлхийд дээгүүр байрт орох болов уу гэж бодсон. Түүнчлэн Монгол Улсад биднээс гадна хамтрах хөгжлийн олон түнш байдаг. Анх Монгол Улсад ажиллахдаа эдгээр түнштэй давхардаад ч юм уу ажиллахад ямар нэг бэрхшээл үүсэж болох юм гэж бодож байсан. Гэтэл тийм байгаагүй. Үйл ажиллагаа давхардахгүй, хоорондоо уялдаа холбоотойгоор олон талаас нь хэлэлцэж ажилладаг юм байна.

Энэ олон түнштэй хамтарч ажиллаж байгаа учраас ажиллахад хэцүү биш. Харин эерэг зүйл олон байгаад их баяртай байна. Тиймээс эцсийн дүндээ Монгол Улсын эдийн засгийг хөгжүүлэх, иргэд рүү чиглэсэн эдийн засгийн хүртээмжтэй өсөлтийг бий болгохыг зорьж байна.

-Та Монгол Улсын эдийн засгийн хөгжил, тогтвортой байдлыг эергээр хардаг хүн шиг санагдлаа. 10 жилийн дараах Монгол Улсын эдийн засгийг хэрхэн төсөөлж байна вэ?

-Би Монгол Улсын эдийн засгийн хөгжлийг эергээр харж байна гэхээсээ илүү өөдрөгөөр харж байна. Мэдээж эдийн засгийн хөгжил урагшилсан. Тэр хөгжил нь хүмүүстээ хүрсэн байгаасай гэдгийг дахин хэлье. Жишээлбэл, Дэлхийн банкнаас Үндэсний статистикийн хороотой хамтран хийсэн ядуурлын талаарх судалгаа саяхан гарсан. Үүнд, Монгол Улсын хүн амын 28 хувь нь ядуурлын шугамаас доогуур амьдарч байна гэсэн таагүй үзүүлэлт гарсан.

10 жилийн дараа ядуурал буурсан. Туйлын ядуурал байхгүй болсон байгаасай гэж бодох юм. Түүнчлэн улс орнуудын эдийн засагт аялал жуулчлалын салбар их эергээр нөлөөлдөг. Тиймээс тус салбар хөгжөөсэй гэж хүсэж байна.

Яагаад гэвэл, Монгол Улс маргаангүй гайхалтай сайхан байгальтай, үзэж, харах зүйл ихтэй орон. Тэр баялгаа ашиглаж, эдийн засгийн эргэлтэд оруулахгүй бол харамсмаар. 10 жилийн дараа Монгол Улсын иргэд нь өөрсдийн сонгосон төлөөлөгчөөрөө дамжуулж шийдвэр гаргах үйл ажиллагаанд оролцдог, өөрсдийн дуу хоолойгоо хүргэж чаддаг ардчилсан нийгэмтэй байгаасай.

Иргэдийн дуу хоолой хүчтэй хэвээрээ байгаасай гэж найдаж байна. Энэ дашрамд хэлэхэд, засаглалын асуудал Монгол Улсад нэлээн тулгамдсан. Тиймээс ил тод, нээлттэй, хүн рүүгээ чиглэсэн, хариуцлага хүлээж чаддаг, улс орныхоо эрх ашгийн төлөө хөдөлдөг засаг төртэй байгаасай гэж хүсэж байна.

Монгол Улс дэлхийн зах зээл дээр уул уурхайн болон уул уурхайн бус бүтээгдэхүүний хувьд аль алин дээр нь өрсөлдөх чадвар дээшилсэн учраас дэлхийн зах зээл дээр өрсөлдөхүйц бүтээгдэхүүнийг гаргаж, танигдаасай.

Тухайлбал, ноолуурын хувьд хүн бүхний мэддэг сайн бүтээгдэхүүн боловч хязгаарлагдмал зах зээлд, хагас боловсруулсан байдлаар нийлүүлж байгаа тохиолдол цөөнгүй бий. Энэ мэт цаашдаа хөгжүүлэх зүйлс Монгол Улсад олон байна.

Хүнээ хөгжүүлэхэд их анхаарах хэрэгтэй. Бусад улстай харьцуулахад Монгол Улсын хувьд харьцангуйгаар гадаадад сурсан залуус нь тэндээ төгсөөд эх орондоо эргэж ирж байгаа нь сайхан санагдсан. 10 жилийн дараа мэргэжлийн, өндөр боловсролтой дараачийн үе нь гарч ирээд улс орноо хөгжүүлнэ байх аа.

УКРАИН МОНГОЛЫГ ХАРЬЦУУЛАХАД ИЖИЛ ТӨСТЭЙ ЗҮЙЛ олон

-Та гэр бүлийнхээ тухай яриач. Хамгийн сүүлд Монголын хаана нь очиж үзэв. Улаанбаатар хот таалагдаж байна уу?

-Эхнэрийн хамт амьдардаг. Улаанбаатарт амьдрах таалагдаж байна. Дэлгүүрүүд, ресторан гээд хүний хэрэгтэй бүхэн л байна. Тэгэхээр хувь хүний хувьд ч гэсэн Монгол Улсад амьдрахад бэрхшээл алга.

Хүү маань тусдаа гарсан учраас удахгүй Монголд аав, ээж дээрээ ирж зочлоод буцна гэсэн. Сүүлд Тэрэлжид очсон. Малчин айлаар зочлоход сонирхолтой санагдсан. Оюу толгой уурхайг мөн сонирхсон. Тийм том хэмжээний бүтээн байгуулалт Монгол Улсад босож байгааг харахад бахдам сайхан санагдсан. Би бусад оронд тэр хэмжээний бүтээн байгуулалттай төдийлөн очиж танилцаж байгаагүй. Энэ долоо хоногт баруун аймгуудаар явж хэрэгжүүлж байгаа төслүүдтэйгээ танилцана гэж төлөвлөж байна.

Би Дэлхийн банканд ажиллаад яг 25 жил болж байгаа. Энэ хугацаанд 30 орныг хариуцаж, эдийн засгийн хөгжилд нь хувь нэмрээ оруулахын тулд ажиллалаа. Дэлхийн банкны хувьд хөгжиж байгаа улс орны хөгжлийг дэмжихэд хангалттай нөөц, бололцоотой байдаг гэж би боддог. Тиймээс Монгол Улсын хөгжлийг дэмжихэд мөн хангалттай нөөц бололцоо байгаа гэж бат итгэдэг.

-Дөрөвхөн сарын хугацаанд Монгол Улсад амьдарсан гэхэд Монголын талаар нэлээн мэдээлэлтэй болжээ. Та Киевийн их сургуульд олон улсын эдийн засгийн докторын зэрэг хамгаалсан. Англи, украин, орос хэлээр чөлөөтэй ярьдаг юм байна. Тиймээс боловсрол эзэмшсэн түүхээсээ сонирхуулахгүй юү?

-Би Украин Улсын иргэн. Украины Киев хотод магистр, докторын зэргээ олон улсын эдийн засгийн чиглэлээр хамгаалсан. 1994 оноос Дэлхийн банкны Киев хотын салбарт ажиллаж эхэлсэн.

Украины эдийн засгийн хөгжил, тэр тусмаа хувийн хэвшлийн хөгжлийг дэмжих тал дээр нэлээд ажилласан. 2003 онд Дэлхийн банкны Вашингтон дахь төв оффис руу шилжсэн. Монголд томилогдон ирэхийнхээ өмнө 3.5 жилийн хугацаанд Йорданьд эдийн засгийн худалдаа, өрсөлдөх чадварыг нь хөгжүүлэхэд чиглэж ажилласан.

Сонирхуулахад, жуулчдын төдийлөн очдоггүй, анхаардаггүй Афганистан, Йемень зэрэг улсад ажиллаж байсан. Зүүн Тимор хэмээх арлын жижиг улсад тусгаар тогтнолоо аваад удаагүй үед нь очиж ажилласан дурсамж бас их сонирхолтой санагддаг.

Дөнгөж тусгаар улс болсон учраас бүх зүйл шинээр хөгжиж байлаа. Мөн Саудын Араб, Катарт ажилласан. Катар гэхэд нэг хүнд ноогдох ДНБ-ээрээ дэлхийд тэргүүлдэг улсын нэг боловч Дэлхийн банкнаас авах дэмжлэг, зөвлөх үйлчилгээ олон байдаг. Африкийн орнуудад ядуурал маш өндөр байдаг учраас суралцах зүйл их байсан шүү.

-Украиныг эдийн засгийн хувьд Монголтой харьцуулахад ижил болон ялгаатай зүйл нь юу байна?

-Ижил төстэй зүйлүүд манай хоёр улсын хооронд нэлээд бий. Хоёулаа ЗХУ-ын нөлөөн дор байсан учраас барилга байгууламжийн хувьд төстэй харагддаг. Засаг захиргааны зохион байгуулалт, хүмүүсийн ажиллаж байгаа хэв маягийн хувьд ч төстэй.

Харин одоо хоёр улс өмнөх үеэсээ өөрчлөгдөж байгаа. Залуус нь гадаад ертөнц рүү их хардаг болсон. Фэйсбүүк, цахим мэдээллийн хэрэгслийг их ашигладаг болсон.

Украин, Монгол хоёулаа Орос хэмээх том хөрштэй. Тиймээс улс төрийн зүгээс ч гэсэн хоёуланд нь бодолцох зүйл байдаг байх. Түүнчлэн Украины одоогийн Ерөнхийлөгч багадаа Монгол Улсад хэдэн жил амьдарч байсан гэж сонссон.

Монгол Улсад украинчууд цөөнгүй байдаг. Украинд сурч төгссөн монголчууд санасныг бодоход олон юм билээ. Жишээлбэл, намайг нэг аймагт явж байхад аймгийн засаг даргын орлогч нь миний Украинд төгссөн сургуулийг төгссөн байсан. Хоёр орны хүмүүс орос хэлээр сайн ярьдаг.

Гэхдээ аль аль нь хуучин шигээ түгээмэл ярихаа больжээ. Англи, Франц зэрэг хэлийг монголчууд түлхүү сурдаг болсон байна. Украинд ч гэсэн англи хэлийг түлхүү сурч байна. Миний бодлоор, Украин болон Монгол Улсын хооронд эдийн засгийн харилцааг хөгжүүлэх нөөц бололцоо нэлээд байгаа. Жишээлбэл, саяхан Украинаас Хятадын зах зээлд шувууны мах нийлүүлж эхэлсэн. Энэ туршлага дээр үндэслээд Монголоос Хятад руу

-Таны ажлын туршлага, амьдралын хэв маягаас суралцах зүйл их болов уу. Тиймээс монгол залууст юу зөвлөх вэ?

-Монголын залууст хандаж, шинэ зүйл туршиж үзэхээс хэзээ ч битгий айгаарай. Ялангуяа залуусын хувьд шинэ зүйл оролдож, эхлэх хэрэгтэй. Ингэх үед мэдээж алдаа гарна. Гэхдээ алдаа бүр эцсийн дүндээ сургамж болж үлддэг гэдгийг санах хэрэгтэй.

Дараа нь өөрийнхөө хүрээлэл, орчноос гараад илүү нээлттэй, илүү өргөн дэлхийг харж, бусад улсын соёлоос суралцаж, таньж мэдээсэй гэж зөвлөмөөр байна. Би анх Украиндаа ахлах болон их сургуулиа төгсөөд, ажилд орно гэх мэтээр л амьдралаа энгийнээр төлөвлөж байсан.

Гэвч Америк руу нүүж очоод байхдаа америкчуудаас нэг зүйлийг сурсан. Тэр нь юу вэ гэхээр, америк залуус их нээлтэй, үргэлж шинэ зүйлийг эрэлхийлж байдаг хүмүүжилтэй. Хүүхдүүд нь ахлах сургуулиа төгсөнгүүтээ шууд их сургуульд ордоггүй.

Нэг жилийн чөлөө аваад сайн дурын ажил хийх, өөр оронд оч иж амьдарч үзэх, аялах эсвэл зураг зурж эхлэх гэх мэт залуу байхдаа хийж үзэх боломжтой бүхнээ туршиж үздэг. Өөрөөр хэлбэл, боломжтой байгаа дээрээ цоо шинэ зүйлийг хийж, туршиж үздэг гэсэн үг. Үүний дараагаар их сургуульдаа ордог нь авууштай санагдсан.

Тиймээс Монгол залуус маань илүү нээлттэй байж, шинэ зүйлийг туршаасай гэж зөвлөе.

Зураг