Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/08/12-НД НИЙТЛЭГДСЭН

Дизайнер Донателла Версаче Хятадын олон нийтээс уучлал гуйв

Э.Сэмүүн, ikon.mn
2019 оны 8 сарын 12
iKon.MN
Зураг зураг

Италийн алдарт Версаче брэндийн Хятад дахь нүүр царай болдог модель эмэгтэй тус компанитай байгуулсан гэрээгээ цуцалж байгааг өчигдөр мэдэгдсэн юм.

Версаче брэндийн шинэ бүтээгдэхүүн дээрх бичигт Хонг Конг, Макаог тусгаар улс мэтээр харуулсан нь ингэх шалтгаан болсон гэнэ. Дээрх хоёр хот нь өөртөө засах хагас эрхтэй, Хятадын засаг захиргааны тусгай бүсэд тооцогддог юм.

Версачегийн цамцан дээрх бичигт Хонг Конг, Макаог Хятад улсын харьяа газар биш, бие даасан улс мэтээр дүрсэлсэн байжээ.

 

Дуучин, жүжигчин, модель Ян Ми өчигдөр Вэйбо сошиал хуудсандаа гаргасан мэдэгдэлд “Хятадын газар нутгийн бүрэн бүтэн байдал бол хэзээ ч зөрчигдөх ёсгүй ариун зүйл. БНХАУ-ын иргэний хувьд би энэ явдлыг хатуу эсэргүүцэж байна. Хятадын иргэн бүр Нэг Хятад зарчмыг дээдэлж, улс үндэстнийхээ нэгдэл нягтралыг хамгаалах ёстой” гэж бичсэн байна.

Хариуд нь Италийн дизайнер Донателла Версаче алдаа гаргасандаа Хятадын олон нийтээс уучлал гуйж, маргаантай бичиг бүхий бүтээгдэхүүнээ худалдаанаас татаж байгааг зарлажээ.

“Яг одоо сошиал сувгуудаар яригдаж байгаа алдааг манай компани гаргасанд би гүнээ харамсаж байна. Би хэзээ ч Хятадын газар нутгийн бүрэн бүтэн байдалд хүндэтгэлгүй хандаж байгаагүй. Хариуцлагагүй үйлдэлдээ би хувиасаа уучлал гуйж байна” гэж түүний мэдэгдэлд өгүүлсэн байна.

Хонг Конгод өрнөж байгаа тэмцэлтэй холбоотойгоор сүүлийн үед Хятадын газар нутгийн асуудал эмзэг сэдэв болоод байгаа. Дэлхийн санхүүгийн томоохон төвд тооцогддог Хонг Конгод өрнөж буй Бээжингийн нөлөөний эсрэг тэмцэл 10 дахь долоо хоногтоо үргэлжилж байна.

 

Эх сурвалж: CNN