Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж энэ сарын 25-нд зохиогдсон Монгол-Сингапурын бизнес форумд оролцлож үг хэллээ. Ерөнхийлөгчийн хэлсэн үгнээс товчлон хүргэж байна.
....Нэгэн сайхан зүйл хэлэхэд Монгол Улс 2012 онд зөвхөн нэг жилийн дотор дэлхийн авлигын үзүүлэлтээр 26 байр урагшилсан. Ингэснээр бид авлигыг хамгийн богино хугацаанд хамгийн үр дүнтэй бууруулж чадсан улс орноор шалгарсан юм. Бид энэ амжилтыг цааш нь ахиулахын төлөө зүтгэх болно. Бид Монгол Улсдаа бизнес хийхэд хамгийн таатай орчныг бүрдүүлж, цаашид зөвхөн урагшаа зүтгэх ёстой.
Би хэдхэн хоногийн өмнө “Том төрөөс ухаалаг төр лүү” хэмээх үндэсний хэмжээний хэлэлцүүлэг санаачилсан. Манай улсын төсвийн зардал харьцангуй их байгаа учраас бид ухаалаг төр лүү шилжих нь нэн тэргүүний ажил болоод байгаа. Ухаалаг төр нь судалгаа шинжилгээнд суурилсан, мэдлэг боловсролтой, чадвартай боловсон хүчин бүхий цомхон төрийг хэлнэ. Мөн өндөр технологийг нэвтрүүлсэн байх ёстой. Бид үүнийг хийж чадна гэдэгт итгэлтэй байна.
Та бүхэн Монголд очин бизнесээ хөгжүүлэх хэрэгтэй. Өнөө өглөө би Сингапурын Ерөнхийлөгч болон Ерөнхий сайдтай уулзаж, гурван зүйлийг хэлсэн. Бид яг Сингапурынх шиг шинжлэх ухааны болон бусад хүрээлэн, институтиудтэй болмоор байна гэдгээ илэрхийлсэн. Бид тусгай бие даасан сан байгуулж, уул уурхайн баялгаас олсон орлогоо Сингапур шиг хуримтлуулмаар байна гэж хэлсэн. Бид Сингапурынх шиг даатгал, санхүү, хөрөнгө оруулалтын тогтолцоотой болмоор байна гэсэн. Бид олон улсын тавцанд нэр хүнд, эрх мэдлээ өргөжүүлмээр байна.
Монголчууд тэртээ XIII зууны үеийн дэлхийд хамгийн нэр хүндтэй, хүчирхэг гүрэн байгуулах үеэс эхлээд торгоны зам зэрэг чөлөөт худалдааг дэмжиж, хүмүүсийн шашны эрх чөлөөг хязгаарладаггүй байсан. Ингэснээр ард түмэндээ амар жимэр сайхан амьдралыг авчирч, Их Засаг хэмээх хуулийнхаа дагуу шударга ёсыг тогтоож байсан билээ.
“Морио унаад дэлхийн талыг эзлэх амархан. Харин мориноосоо буугаад төрөө төвхнүүлэх хэцүү” хэмээн Чингис хаан хэлсэн байдаг. Бид энэ тал дээр найз нөхөд, хамтрагчидтайгаа ажиллаж, тусламж дэмжлэг авахыг илүүд үздэг. Бид Сингапурыг үлгэр дууриал, сайн жишээ гэж хардаг.
Та бүхэн хоёр асуудлыг сонирхож байгаа байх. Нэг нь Оюу Толгой, нөгөө нь Тавантолгой. Оюу Толгойн асуудлаар ЗГХЭГ-ын дарга Ч.Сайханбилэг дэлгэрэнгүй мэдээлэл өгнө. Оюутолгойн хувьд гэвэл энэ оны сүүлчээр Рио Тинто хөрөнгө оруулалтынхаа хоёрдугаар хэсэг болох дөрвөн тэрбум долларын асуудлыг шийдэхээр ирэх байх.
Тавантолгойн хувьд гэвэл асар их нөөцтэй нүүрсний орд газар гэдгийг бүгд мэднэ. Энэ уурхайн төмөр зам болон дэд бүтцийн тал дээр хөрш орнуудтайгаа урт хугацааны турш ажиллахаар ярилцаж байгаа. Та бүхэн ч манай уул уурхайн салбарт ажиллахад нээлттэй. Зөвхөн уул уурхай гэлтгүй бүх салбарт хамтран ажиллахад нээлттэй байх болно. Та бүхнийг Монголд очихыг урьж байна” гэв.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!