Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/08/07-НД НИЙТЛЭГДСЭН

Манай уран бүтээлчид монгол өв соёл, язгуур урлагаа Европт амжилттай сурталчлаад ирлээ

Б.Билгүүн, iKon.mn
2019 оны 8 сарын 7
iKon.MN

ХБНГУ-ын Ноёштадт Холштайн хотод Дэлхийн язгуур урлагийн их наадам долоодугаар сарын 26-наас наймдугаар сарын 3-ны хооронд зохион байгуулагдлаа.

Тус наадам 1951 оноос хойш зохиогдож байгаа бөгөөд нийт 11 орны 14 хамтлагийн 400 гаруй уран бүтээлчид оролцсон юм. 

Гурван жил тутамд болдог 30 дахь удаагийн энэ наадамд манай улс анх удаагаа оролцож байгаа ба этно хамтлагуудын анхдагч болох Бөртэ, бий биелгээн ур чадварыг өндөр түвшинд эзэмшсэн өвлөн уламжлагч Ш.Отгонбаяр, Г.Баяртай, Ё.Юндэндорж нар, биелгээч Ц.Наранчимэг, өвлөн уламжлагч П.Болормаа, Монгол улсын үндэсний урлагийн их театрын бүжигчид болох Х.Одхүү, Б.Болор нар оролцов. 18 настай залуу бүжигчидээс эхлээд, дунд үеийн хөгжимчид, ахмад үеийн төлөөлөл болсон 83 настай буурай биелгээ юугаан хийж гурван үеэ төлөөлөв. 

 
Бүжигчин Х.Одхүү, Б.Болор нар үзэгчдийн дунд

Үзэгчид дан ганц монгол ардын дуу хөгжимд баясахаас гадна монгол ардын бүжиг, бий биелгээ нь үзэгчдийн сонирхлыг ихээхэн татаж, анхаарлын төвд байв. Өдгөө 83 настай Захчины алдарт биелгээч Ш.Отгонбаяр тэргүүтэй соёлын биет бус өв тээгчид болох биелгээч Ё.Юндэндорж, Г.Баяртай нар Дөрвөд, Торгууд, Баяд биелгээгээ биелэв. Анхны 100 өвлөн уламжлагчидын нэг эдгээр уран бүтээлчид нь ур чадварын өндөр түвшинд эзэмшсэн өвлөн уламжлагчид юм.

Бөртэ хамтлагийн хөөмийн дөрвөн төрлийн аялгуун дээр бүжигчин Х.Одхүү, Б.Болор нар хамтран “Би бие чинь болъё” ардын бүжгээ бүжиж, бүжигчин Х.Одхүү “Жалам хар” бүжгийг этно жазз хөгжмийн шинэ найруулган дээр бүжиж сонирхуулж, Б.Болор гоцлон “Аягат”, “Дүүлэн нис”-ийг бүжсэн нь олны таашаалд ихээхэн хүрэв. Өвлөн уламжлагч П.Болормаа аман хуураа тоглон тоглолтыг мөн чимлээ.

 
Бүжигчин Х.Одхүү

Тоглолтын төгсгөлд бүгдээрээ нийлэн Алтайн магтаалд дуугаан дуулж, бүжгээн бүжиж, бийгээн биелсэн нь үзэгч олныг гайхан шагшуулав. Хаалтын ажиллагаанд 3000 гаруй үзэгчид үзэж сонирхсон ба суудалгүй улс зогсон үзэж байлаа. Наадмын ерөнхий зохион байгуулагчид болох Барбара Хелбах, Уве Мүхов нар болон хотын дарга Мирко Шпикерман тусгайлан биечлэн ирж манай уран бүтээлчдэд баяр хүргэв. Түүнчлэн Ноёштадт хотын алтан дэвтэрт наадамд оролцсоноо бүртгүүлэн монгол уран бүтээлчид маань түүхэнд үлдлээ.

 
Монголын язгуур урлагийнхан Ноёштадт хотын алтан дэвтэрт наадамд оролцсоноо бүртгүүлэв

Монгол Улсын Соёлын Элч О.Оюунтуяа болон “Соёл урлаг, хэвлэл мэдээллийн төслийн менежмент, зөвлөгөө” НҮТББ-ын Монгол Улс, ХБНГУ-н хооронд дипломат харилцаа тогтсоны 45 жилийн ойн хүрээнд санаачлан хэрэгжүүлж буй соёл урлагийн хэд хэдэн төслүүдийн нэг нь Монголын язгуур урлаг, өв соёлыг олон улсад өргөнөөр сурталчлан таниулах зорилготойгоор Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Соёл урлагийн газартай(ЗГХАСУГ) хамтран тус язгуур урлагийн наадмын ерөнхий зохион байгуулагч “Еuropäisches folklore festival Neustadt in Holstein”-тай хамтын ажиллагааны хүрээндээ Монголын язгуур урлагийн шилдэг сор болсон уран бүтээлчдийн гурван үеийн төлөөллийг нийт 12 хүний бүрэлдэхүүнтэйгээр дэмжин энэхүү нэр хүндтэй наадамд оролцууллаа.

 
Ноёштадт дахь язгуур урлагийн их наадмын үзэгчид

Тус наадамд нийт 400 гаруй олон улсын уран бүтээлчид оролцож, 50.000 гаруй хүмүүс үзэж сонирхжээ. Энэхүү гурван жил тутамд зохион байгуулагддаг нэр хүндтэй том наадамд Монгол улс цаашид оролцох ба урт хугацааны албан ёсны хамтын ажиллагаа эхэлснийг дуулгахад таатай байна. Наадмыг дэмжин хамтран ажилласан Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Соёл урлагийн газар, Герман дахь Монгол Улсын Элчин Сайдын Яам болон МИАТ ХК-ны хамт олонд гүн талархал илэрхийлье. 

 

 

Гэрэл зургийг:  Б.Энхтүвшин

Гэрэл зургуудыг ашиглах эрх “Соёл урлаг, хэвлэл мэдээллийн төслийн менежмент, зөвлөгөө” ТББ-д хамаарна.