Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/08/06-НД НИЙТЛЭГДСЭН

Г.Мөнх-Эрдэнэ: Гадаад худалдааны дайн даамжирч Монголд учрах эрсдэл нэмэгдэж байна

Б.Даваабазар, iKon.mn
2019 оны 8 сарын 6
iKon.MN
Зураг зураг
https://nationalinterest.org

Өнгөрсөн долоо хоногт АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп $300 тэрбумын дүнтэй Хятадын бараа бүтээгдэхүүнд есдүгээр сарын 1-нээс эхлэн 10 хувийн импортын татвар оноохоор болсныг зарласан нь дэлхийн хамгийн том эдийн засагтай хоёр гүрний хооронд үргэлжилж байгаа худалдааны дайныг хурцатгасан билээ.

Ийнхүү нэг ам.доллартой харьцах юаний ханшийг 7-гоос хэтрүүлэлгүй хатуу барьдаг байсан Бээжингийн эрх баригчид өчигдөр ханшийг суллаж, зориудаар унагасан явдал нь сүүлийн 11 жилийн түүхэнд анхны тохиолдол болоод байгаа юм.

Тэгвэл юанийн ханшийн энэхүү сулрал нь манай улсад хэрхэн нөлөөлөх талаар Голомт банкны ахлах дилер Г.Мөнх-Эрдэнээс тодрууллаа.



 

- Юанийн ханшийн сулрал нь АНУ, БНХАУ хоёрын хооронд худалдааны дайныг улам хурцадмал хэлбэрт оруулсан хэрэг болж байна гэж олон улсын шинжээчид үзэж байна. Өөрийн чинь хувьд энэ үүсээд буй нөхцөл байдлыг хэрхэн харж байна вэ?

-Энэ Даваа гарагт Хятадын төв банк анх удаагаа юанийн ханшийн жишиг ханшийг 6.9-өөс илүү сул байхаар тогтоолоо. Энэ шийдвэр нь БНХАУ-ын бараа бүтээгдэхүүнд есдүгээр сарын 1-нээс эхлэн 10 хувийн импортын татвар оноохоо АНУ зарласны дараа гарч байна.

Хятад улсын хувьд юанийг сул байлгах замаар экспортоо дэмжиж, эдийн засгийн өсөлтөө хангах бодлого хэрэгжүүлэх зорилготойгоор энэ шийдвэрийг гаргаж байгаа байх. Тодруулбал, илүү гүнзгий худалдааны дайнд бэлдэж байна гэсэн санаа.

Энэ байдлыг АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп харахдаа Хятадууд юанийн ханшаар тоглож, “currency manipulator” буюу валютын ханшийг удирдах замаар гадаад худалдаанд өөртөө давуу тал  бий болгох гэж байна хэмээсэн. Харин Хятадын Төв банкны зүгээс бид хэзээ ч тэгэхгүй, юань цаашдаа тогтвортой болж, эргээд чангарна гэж харилцан бие биенээ үгүйсгэх нөхцөл байдал үүссэн байна.

Эдгээрээс харвал, Хятадын зүгээс бууж өгөх сонирхолгүй буюу АНУ-тай хэлэлцээрт хүрэхгүй гэж үзсэн тул эртхэн арга хэмжээнүүдээ авч эхлэх шийдэлд хүрсэн болов уу. Мөн гадаад худалдааны дайн гурав дахь шатандаа орж илүү хүндэрч буй хэлбэр юм.

- Ингэж бууж өгөхгүй байгаа нөхцөл байдал хэдий хэр хугацаанд үргэлжлэх бол?

- БНХАУ томрохын хэрээр АНУ-ын байр суурь ганхах эрсдэлтэй болно.

АНУ номер нэг хэмээх байр сууриа алдахгүйн төлөө, харин БНХАУ номер нэг болохын төлөө худалдааны дайн хийж байна.

Хятад магадгүй худалдааны дайнд ялахын тулд төлөвлөсөн зүйл нь ирэх оны арваннэгдүгээр сард болох АНУ-ын ерөнхийлөгчийн сонгуулийг хүлээж байх магадлалтай. Өөрөөр хэлбэл, дахиж Трампыг гаргахгүй байх нь БНХАУ-ын хувьд чухал юм. Хэрвээ Хятад одоо буулт хийчихвэл Трамп ялалт байгуулснаа зарлах тул сонгогдох магадлал тэр хэмжээгээр нэмэгдэж, дахин сонгогдох боломжтой болно. Ингэж дахин сонгогдвол Хятадыг мөн л шахаанд оруулна.

- Гэхдээ Хятадын эдийн засаг жилийн хугацаанд хэр тэсэх бол?

- Мэдээж эрсдэлтэй байвал тохиролцоонд хүрэхийг бодох байх.

Харин даваад гарна гэж тооцоолж байвал буулт хийхгүйгээр сунжруулна. Хятадын Төв банкны сая хийсэн үйлдлээс харахад аль хэдийнээ сунжруулах бодлогоо гаргачихсан эхний аргуудаа хэрэглэж байгаа мэт харагдаж байна.

Хятадын хувьд дахиад ганц жил хүлээх эдийн засгийн бололцоо болон улс төрийн систем нь хангалттай бий.

- Юанийн ханшийн сулралаас болоод өчигдөр АНУ-ын хөрөнгийн зах зээлийн гол индексүүд огцом унаж, энэ оны хамгийн доод хэмжээндээ хүрээд байгаа. Тэгвэл манай улсад юанийн ханшийн сулрал хэрхэн нөлөөлөх бол?

- Том дүр зургаар нь харвал Америк, Хятад хоёр улс нь дэлхийн эдийн засгийн 40 хувийг эзэлдэг.

Энэ 40 хувийн өсөлт буурч, удаашралд ороод эхэлбэл хүссэн хүсээгүй дэлхийн эдийн засаг, хөрөнгийн зах зээлд нөлөөлнө.

Одоо болж буй зүйл том уналтын эхлэл ч байж мэднэ.

Гэхдээ одоо юу юугүй хямрах гээд байгаа юу гэвэл бас үгүй. Харин нөхцөл байдал хүндэрч сунжирвал уналтын шинжиндээ орно. Арай ч хямрах хэмжээнд хүртэл гүрийхгүй болов уу гэж найдаж байна.

Монгол Улстай холбоотой дүр зургийн тухайд Хятад улс нь манай улсын гол худалдан авагч. Тэгэхээр Хятадын эдийн засаг суларвал манай улсын түүхий эдийн үнэ уналтад орж эдийн засагт сөргөөр нөлөөлнө.

Одоогийн байдлаар манай гаргадаг гол дөрвөн түүхий эдийн /зэс, алт, нүүрс, төмөр/ алтнаас бусад нь уналтруу орж байгаа болон унаж байна. Тэгэхээр түүхий эдийн үнээр дамжуулан манай эдийн засагт аль хэдийнээ сөргөөр нөлөөлөөд эхэлчихсэн. Ирэх жилүүдээс нөхцөл байдал улам хүндрэх байх. Өнөөдөртөө юанийн ханш суларч байгаа тул төгрөг юанийн эсрэг чангарна.

Гадаад орчны ийм таагүй нөхцөлд дотоод орчноо харахаар ирэх жил сонгуультай, Оюутолгойн нөхцөл байдал тийм ч сайн биш, 2021 оноос гадаад өр төлөгдөнө гэх зэрэг таагүй нөхцөл байдал угтаж байна.

Магадгүй бид ирэх жилээс гадаад, дотоод орчны хавсарсан давхар цохилтонд орж мэднэ.

Тиймд бид маш ухаалаг макро бодлоготой, улс төрийн бодлоготой явахгүй бол эргээд  2015 он руугаа очих магадлал өндөр болсон. Өнөө маргаашгүй хямарна гэж хэлэхэд эрт байгаа ч анзаарч байхгүй бол болохгүй нөхцөл байдал тулж ирээд байна.

- Хоёр том гүрний худалдааны дайн хүндрээд хямрал боллоо гэж бодвол 2008, 2009 оны хямралаас ялгаатай нь юу вэ?

- Том ялгаа нь одоо болж буй үйл явцыг сайтар ажиглаж чадаж байна.

Ажиглаж, дүгнэж чадаж байгаа учир хариу арга хэмжээгээ бэлдэх боломжтой гэсэн үг.

Харин 2008 оны хямрал бол гэнэт нэг өдөр том банк дампуураад хямрал алга урвуулахын хооронд болчихсон. Монгол байтугай дэлхий бэлтгэлгүй байсан. Тиймээс одоо болж буй үйл явцаас харан эртхэн бэлтгэлээ хангаж, төлөвлөгөөгөө боловсруулах нь Монголын Засгийн газар, компаниудын хувьд чухал болж эхэллээ.

- Өөрийн чинь бодлоор бэлтгэлээ хангах үүднээс эхний ээлжид хийвэл зохих ажил юу байгаа гэж харж байна вэ?

- Бид өөрсдийгөө уул уурхайн төрөлжсөн компани гэж ойлгож болохоор байгаа юм.

Энэ компанийн орлого нь дэлхийн зах зээл дээрх түүхий эдийн үнээс хамааралтай, зарлага нь нефтийн үнээс хүчтэй хамаардаг.  

Олон улсад ийм компаниуд хеджинг ашиглаж ханшийн хэлбэлзлийг тогтвортой болгох замаар санхүүгээ хамгаалж байна.

Хеджинг гэдэг нь зарж буй бүтээгдэхүүний үнэ тодорхой хугацааны дараа унахаар байвал олон улсын зах зээл дээр өнөөдөр өндөр байгаа үнээр ирээдүйд зарах гэрээ хийх явдал юм. Эсвэл худалдан авах гэж буй бүтээгдэхүүний үнэ цаашид өсөхөөр байвал ирээдүйд бага үнээр худалдан авах гэрээг одоо хийнэ гэсэн үг.

Жишээ нь, нүүрсний үнэ унаж эхлэх гэж байгаа тул өндөр байгаа дээр нь хеджинг хийж болж байна. Нефтийн үнэ өсөхөөр байвал бас хеджинг хийж болно.

Ер нь дэлхийн томоохон түүхий эдийн компаниуд хеджингээр мэргэшсэн албуудтай байдаг.

Үүн шиг яагаад Сангийн яам, Уул уурхайн яам, Монголбанкийг оролцуулсан “Хеджингийн хороо”-той байж болохгүй гэж.

Энэ хороогоороо дамжуулаад төрийн удирдлагууд дэлхий хаашаа явж байгааг болон түүхий эдийн үнэ хэрхэн өөрчлөгдөж байгааг тогтмол хэлэлцэх хэрэгтэй байна. Зах зээл ийм төвөгтэй үед сар бүр хуралдсан ч болно. Тогтмол мэдээлэл, судалгаа, таамаглалтай болж байж зөв үнэн дээрээ хеджинг хийнэ шүү дээ. Түүнээс бус нефтийн үнэ буучихлаа, дараа сард Монголд бензиний үнэ 50 төгрөгөөр буурна гэж мэдээллэх нь дэндүү их эрсдлийг бид өөрсөд дээрээ авч байна гэсэн үг.