Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/08/05-НД НИЙТЛЭГДСЭН

С.Ганчимэг: Завхан аймгийн төвийн таван сургуулийн дөрөв нь дотуур байргүй

Б.Бадамгарав, IKon.mn
2019 оны 8 сарын 5
iKon.MN
 

Завхан аймгийн Боловсрол, соёл урлагийн газар байгуулагдсаны 60 жилийн ой энэ онд тохиож байна.

Үүнтэй холбогдуулан тус аймгийн боловсролын салбарт тулгамдаж буй асуудал, шинээр хэрэгжиж буй төслүүдийн талаар Завхан аймгийн БСУГ-ын дарга С.Ганчимэгтэй ярилцлаа. 

- Танай аймгийн боловсролын салбарын тухай тодруулъя. Энэ жил Завхан аймгийн Боловсрол, соёл урлагийн газрын 60 жилийн ой нь тохиож байгаа тухай сонссон?

- Энэ жил манай газрын 60 жилийн ой тохиож байгаа онцгой жил юм. Түүх сөхвөл нэгэн жарны өмнө багш нар байгалийн чулуу ашиглан гар аргаар байшингаа барьж байв. Үнэнийг хэлэхэд бидний ажиллах орчин нөхцөл тааруу, түрээсийн өрөөнд ажиллаж байгаа. Тиймээс энэ онд шинэ барилгын зураг төсөл хийлгэж, холбогдох газруудад уламжилсан тул салбараараа шинэ барилгатай болохоо хүлээж байна.

Шинэ байранд Насан туршийн боловсролын төв байрлах юм. 

-Өнгөрсөн хичээлийн жилд аймгийн хэмжээнд хэдэн сурагч суралцаж төгссөн бэ. Цэцэрлэг, сургуульд хамрагдах хувь хэд байгаа бол?

-2018-2019 оны хичээлийн жилд Завхан аймгийн хэмжээнд буй 30 сургуулийн нийт 588 бүлэгт 14,532 хүүхэд суралцсан. Хамран сургалт бага боловсролд 99.8 хувьтай, суурь боловсролд 98.2 хувьтай байна. 

Сургуулийн өмнөх боловсролын 40 байгууллагад 5,808 хүүхэд хамрагдаж, хамран сургалт СӨБ-д 89.4, цэцэрлэгт 80.4 хувьтай байгаа.

-Сургууль, цэцэрлэгт 100 хувь хамрагдаж чадахгүй байгаагийн шалтгаан нь юу вэ?

-Хэд хэдэн онцлогийг дурдаж болно. Нэгдүгээрт, орон нутагтаа бүртгэлтэй ч нийслэл болон төвийн аймгуудад оршин суудаг өрх их бий. Энэ нь ажил эрхлэлт, аждын байрны олдоцтой шууд холбоотой. 

Мөн манай аймагт бусад аймгаас хүүхдүүд ирж суралцдаг. Жишээ нь Тосонцэнгэл, Их-Уул суманд хил залгаа Архангай, Хөвсгөл аймгийн захын сумдуудаас, ялангуяа өвөл хүндэрсэн үед отор нүүдэл хийж байгаа малчин өрхийн хүүхдүүд манай сургуулиудад суралцаж байгаа.

Харин Статистик мэдээ нь албан ёсны бүртгэлтэй хүн амын тоон дээр суурилдаг учраас хамран сургалтын хувь СӨБ 80 гаруй, бага болон суурь боловсрол 90 гаруй хувьтай гардаг.

-Шинэ хичээлийн жилд хэдэн сурагч нэгдүгээр ангид элсэн суралцах вэ? 

-Аймгийн хэмжээнд зургаан настай суурин хүн амын тоо 1,629 байгаа. Одоогоор нэгдүгээр ангид элсэн суралцах зургаан настай 1,476 хүүхэд, 7 настай 45 хүүхэд бүртгүүлсэн. Завхан аймгийн хэмжээнд нэгдүгээр ангийн 56 бүлэгтэй болох тул бага ангийн гурван багш шинээр шаардлагатай гэсэн урьдчилсан тооцоо гарсан.

Төслүүд хэрэгжиж дууссанаар цэцэрлэгийн ор 250-иар, ЕБС-ийн суудал 480-аар нэмэгдэнэ

 

-Сургууль болон дотуур байрны хүрэлцээ хэр сайн байгаа вэ. Орон нутгийн сургуулиудад дотуур байрны асуудал тун чухал байдаг?

-Сургуулиудын ачаалал янз бүр байна. Аймгийн төвтэй ойрхон Алдархаан, Яруу, Цагаанхайрхан сумын сургуулиуд 100 хүртэл суралцагчтай байхад зам дагуу сумууд болох Их-Уул сумын ЕБС, Тосонцэнгэл сумын 2-р сургууль, Улиастай сумын Чандмань-Эрдэнэ лаборатори 1-р сургууль, Жавхлант цогцолбор сургууль, Дэвшил сургуулиудад 1,000-1,321 суралцагч хичээллэж, гурван ээлжид шилжихэд тун ойрхон байна. 

Үлдсэн 21 сургуулийн хувьд 122-974 суралцагч суралцаж байгаа тул дундаж ачаалалтай байна. 

Нүүдлийн мал аж ахуйтай манай орны хувьд өвөлжилт, хаваржилтаас шалтгаалан дотуур байр ба сургуулийн ачаалал хичээлийн жилийн эхэнд төлөвлөгдөж байснаас, санхүү төсөвт тусгагдан батлагдсанаас илүү гарч, хүндрэл үүсгэх тохиолдол цөөнгүй гардаг.

Дотуур байрыг авч үзвэл мөн ижил харилцан адилгүй, өнгөрсөн хичээлийн жилд аймгийн хэмжээнд 34 дотуур байранд 1,387 суралцагч амьдарсан бөгөөд нийт хүүхдийн тоогоо дагаад ачаалал өндөртэй дээрх таван сургуульд дотуур байрны хүрэлцээ хангамж дутмаг байна. 

Аймагтаа хамгийн их буюу 1,321 суралцагчтай Их-Уул сумын ЕБС-ийн дотуур байр 75 хүүхдийн хүчин чадалтай байтал нэг хичээлийн жилд дунджаар 93 хүүхэд бүртгүүлж, ид ачааллын үед 100 гаруй хүүхэд амьдардаг. 

Харин Тосонцэнгэл, Их-Уул, Цэцэн-Уул, Баянхайрхан, Тэс, Баянтэс зэрэг сумд өвөлдөө хэт хүйтэрвэл халаалтын зардал ихэсдэг тал бий.

Дотуур байртай холбоотой бас нэг хүндрэлийг онцлон дурдахад Аймгийн төвийн таван ЕБС-иас дөрөв нь дотуур байргүй.

Үүний улмаас сумдаас ирсэн сурагчид эцэг, эхийн хараа хяналтаас хол бие даан амьдарч байна. Энэ нь гэмт хэрэг зөрчилд өртөх магадлал өндөр, эрүүл бус чанаргүй хооллох, бусдад уруу татагдах, хичээлээс хоцрох таслах зэрэг элдэв сөрөг үзэгдэлд хүргэж буйг зориуд дурдах нь зүйтэй.

Цаашид Улиастай суманд сургууль дундын ч болтугай хүрэлцээ хангамж, харуул хамгаалалт хяналт сайтай, нэгдсэн дотуур байр барих зайлшгүй шаардлага бий болсон.

-Орон даяар боловсролын байгууллагыг шинээр барих, өргөтгөх ажлууд хийгдсээр байгаа. Тухайлбал танай аймагт үүнээс хэдэн төсөл хэрэгжиж байгаа талаар танилцуулахгүй юу? 

-Аймгийн эдийн засаг, нийгмийг хөгжүүлэх үндсэн чиглэлд 2019 онд улсын төсвөөр баригдаж, ашиглалтад орохоор гурван сумын цэцэрлэг, хоёр сумын сургуулийн барилга, соёлын салбарын гурав, нийт найман төслийн хөрөнгө оруулалт тусгагдсан. Үүнд: 

  • Дөрвөлжин сумын 100 хүүхдийн цэцэрлэгийн барилга 1,145.8 сая төгрөг, 
  • Шилүүстэй сумын  100 хүүхдийн  цэцэрлэгийн барилга 500.0 сая төгрөг, 
  • Алдархаан сумын 50 хүүхдийн цэцэрлэгийн барилга 462.0 сая төгрөг, 
  • Сантмаргаз сумын 320 хүүхдийн  сургууль, спорт заалны барилга 1,700.0 сая, 
  • Цэцэн-Уул сумын 160 хүүхдийн суудалтай сургуулийн барилга, спорт заалны барилга 700.0 сая төгрөг,
  • Их-Уул сумын 300 хүний суудалтай соёлын төвийн барилга 1,200.0 сая төгрөг, 
  • Баянтэс сумд 300 хүний суудалтай соёлын төвийн барилга 1,000.0 сая төгрөг, 
  • Улиастай сумын 800 хүний суудалтай театрын барилга 4,118.3 сая төгрөг зэрэг юм.
 

-Эдгээр нь хэзээ ашиглалтад орох вэ. Ингэснээр цэцэрлэгийн ор, сургуулийн суудал хэдээр нэмэгдэх тооцоололтой байна вэ? 

-Дээр дурдсан нийт 8 төсөл арга хэмжээний төсөвт өртөг 13 тэрбум 48,7 сая төгрөг болж байгаа бөгөөд 2019 онд 6,330  тэрбум төгрөгийн санхүүжилт хийгдэнэ.

Шилүүстэй болон Дөрвөлжин сумын цэцэрлэгийг энэ оны есдүгээр сард ашиглалтад өгөхөөр төлөвлөсөн бол бусад нь 2020 онд дуусах барилгууд. Барилгууд ашиглалтад орсноор хүүхдийн цэцэрлэгийн ор 250-иар, ерөнхий боловсролын сургуулийн хүүхдийн суудал 480-аар нэмэгдэнэ.

Түүнчлэн соёлын байгууллагаар үйлчлүүлэх үзэгчдийн суудал 1,400-аар тус тус нэмэгдэж боловсрол, соёл урлагийн үйлчилгээний чанар, хүртээмж дээшилж, тухайн цэцэрлэг, сургуульд сурч боловсрох ая тухтай орчин нөхцөл бүрэлдэх юм.

Завхан аймгийн музей 10,434 үзмэртэйгээр жилдээ 20,000 хүнд үйлчилдэг

-Завхан аймагт соёл, спортын байгууллагын хүрэлцээ хэр байдаг вэ. Тухайлбал, спортын клуб, барилга, байгууламж хэр хүртээмжтэй байна вэ?

-Завхан аймгийн соёлын салбарын 26 байгууллагад 240 гаруй уран бүтээлч ажилтан ажиллаж байна. Тухайлбал, Аймгийн Төв номын сан жилдээ 55,000 номоор 3,800 уншигчид үйлчилдэг. 

Музей 10,434 үзмэртэйгээр жилдээ 20,000 хүнд үйлчилж, Хөгжимт жүжгийн театр нь 110 гаруй тоглолт үзвэрээр 14,000 үзэгчдэд, 23 сумын соёлын төв тус бүр жилд 30 гаруй тоглолт үзвэр үйлчилгээнд 1,500-8,000 гаруй үзэгчдэд соёлын үйлчилгээг чанартай тэгш хүртээмжтэйгээр хүргэн ажиллаж байна.

Спортын барилга байгууламжийн тухайд Баруун бүсийг олимпод бэлтгэх төв буюу усан бассейн бүхий спорт цогцолбор хүүхэд өсвөр үеийн бие бялдрын хүмүүжилд үнэтэй хувь нэмэр оруулж байгаа.

Сургуулиудын спорт заал сумдын нийт хүн амын бие бялдрын хүмүүжил, нийтийн биеийн тамир хөгжих,  чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлэх ганц төв болдгийн хувьд эрэлт өндөртэй, зарим сумдад чөлөө завгүй ашиглагдаж байдаг.Тиймээс Цэцэн-Уул, Цагаанхайрхан, Цагаанчулуут, Тэс, Яруу сумдын ерөнхий боловсролын сургуулиудын  спорт заалыг нэн тэргүүнд шинээр барих хэрэгцээтэй гэж үзэж байгаа.

 
800 хүний суудалтай хөгжимт жүжгийн театрын барилга

-Сургууль, цэцэрлэгийн барилгын чанар ямар байна вэ. Зарим аймгийн сургууль, цэцэрлэгийн барилга удсан тул ашиглах боломжгүй болж байгаа тохиолдол бий. Танай аймгийн хувьд энэ асуудал ямар байгаа вэ?

Эхлээд чанарын талаар хэлье.

2017 онд сургууль, цэцэрлэг, соёлын төв зэрэг 31 объектод Мэргэжлийн хяналтын газрын хяналт, шалгалт хийхэд “ашиглалтын шаардлага хангахгүй” гэсэн дүгнэлт гарсан. 

Сургууль, цэцэрлэгийн барилга барьж буй зарим компани ажилдаа хариуцлагагүй хандаж, дулаалга сайн хийгээгүйгээс болж хүүхдүүд өвөл гадуур хувцастайгаа хичээлдээ суухад хүргэсэн тохиолдол бий. Араас нь хөөцөлдөөд ч төдийлөн үр дүнд хүрээгүй. Мөн зарим сургуулийн хана цуурсан, дээврээс нь бороо, цасны хайлсан ус гоожсон зэргээр сүүлийн жилүүдэд шинээр барьсан барилгуудаас чанар муу нь хэд хэд бий.  

Харин насжилтын тухай манай аймагт байгаа цэцэрлэгүүдээс жишээ татвал, нийт цэцэрлэгийн 42 барилга байгаагаас 

  • 1936-1969 онд баригдсан 4, 
  • 1970-1979 онд баригдсан 7, 
  • 1980-1989 онд баригдсан 9, 
  • 1990-1999 онд баригдсан 2, 
  • 2000-2009 онд баригдсан 8, 
  • 2010-2019 онд баригдсан 12 барилга байна. 

Ерөнхий боловсролын 29 сургууль 1962-2019 онд баригдсан 53 хичээлийн байрт үйл ажиллагаагаа явуулж байна. 

Нийт цэцэрлэгийн барилгын 71.6 хувь, ерөнхий боловсролын сургуулийн 84.9 хувь нь 20-81 жил  болсон насжилт өндөртэй барилга байна. 

-Цаашид ямар сумдад сургууль, цэцэрлэг барих зайлшгүй хэрэгцээ байна вэ?

-Шилүүстэй, Дөрвөлжин сумуудад 100 хүүхдийн цэцэрлэгийн барилга баригдаж, энэ оны есдүгээр сарын 1-нээс өмнө ашиглалтад оруулах зорилт тавин ажиллаж байна. Цаашид нэн даруй Улиастай 9 ба 1, Отгон, Баянхайрхан, Тосонцэнгэл сумын 1, 2, 3, 4-р цэцэрлэгүүдийг шинээр барих хэрэгцээ бий.

Мөн  шинээр хичээлийн байр барих шаардлагатай сургуулийн тоонд Улиастай 4, Яруу, Баянтэс, Сонгино, Эрдэнэхайрхан, Шилүүстэй сумын ЕБС орж байна