Сибирьт шатаж буй өргөн хэмжээний ойн түймрийн утаа өчигдрөөс эхлэн Улаанбаатар хотод орж ирээд байгаа билээ.
Одоогийн байдлаар agaar.mn-ын мэдээлж буйгаар нийслэлийн агаарын чанарыг хэмждэг 12 байршлаас “Мишээл экспо”-д 62, “Монгол газар”- д 97 буюу агаарын чанарын индекс хэвийн үзүүлэлттэй байна.
Харин үлдсэн 10 байршилд агаарын чанарын индэкс өнөө өглөөний байдлаар 117-175-ын хооронд буюу бага бохирдолтой болж өөрчлөгджээ.
Тодруулбал, “Монгол газар” орчимд өчигдөр өглөө 09:00 цагийн байдлаар агаар бохидуулах бодис буюу PM 10, PM 2.5 тоосонцорын хэмжээ 45 байсан нь хоёр дахин нэмэгдэж өнөө өглөөний 09:00 цагийн байдлаар 103 болжээ.
Мөн Баянхошуу орчимд өчигдөр өглөө 09:00 цагт PM 2.5 нь 27 байсан бол өнөө өглөөний байдлаар 176 буюу зургаа дахин нэмэгдээд байна.
Агаарын чанарын индэкс бага бохирдолтой үед хэт мэдрэг хүмүүсийн эрүүл мэндэд сөрөг нөлөөлөл илэрнэ. Зүрх судас, амьсгалын замын архаг өвчтэй, ялангуяа гуурсан хоолойн багтраа өвчтэй хүмүүс нөлөөлөлд илүү өртдөг аж.
Иймээс зүрх судас, уушгины архаг өвчтэй хүмүүс, хүүхдүүд, өндөр настангууд гадаа биеийн хүчний хүнд ажил хийх, тоглох хугацаагаа багасгах, нүүрстөрөгчийн дутуу исэл их хэмжээгээр гаргадаг эх үүсвэр (тухайлбал автозам)-ээс хол байх хэрэгтэй гэж agaar.mn-д мэдээлжээ.
Дэлгэрэнгүй мэдээллийг эндээс харна уу.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!