Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/07/31-НД НИЙТЛЭГДСЭН

М.Ууганбаяр: Удаан хугацаагаар халуун ус тасарсан тохиолдолд иргэд контортоо хандах хэрэгтэй

С.Бэрцэцэг, Үндэсний шуудан
2019 оны 7 сарын 31
Үндэсний шуудан
Зураг зураг

Нийслэл хотын зарим байршилд халуун ус удаан хугацаагаар тасарсан, эсвэл нэг өдөр тасраад дараа өдөр нь ирлээ гэх мэт иргэдийн гомдол тасрахгүй байгаатай холбогдуулан “Улаанбаатар дулааны сүлжээ”компанийн Шуурхай ажиллагааны албаны дарга М. Ууганбаяраас дулааны шугамын засвар, үйлчилгээний хугацаа болоод нийслэлийн аль хэсэгт халуун ус хязгаарлаад байгаа тухай тодрууллаа.

-Сайн байна уу. Нийслэлийн хэд хэдэн газар халуу н ус тасарсан гэх иргэдийн гомдол цөөнгүй байна. Халуун ус тасрах нь зөвхөн танай байгууллагаас хамааралтай юу. Энэ тухай иргэдэд мэдээлэл өгөхгүй юү?

-Манай байгууллага жилийн 365 хоногийн зуны сарын хугацаанд 10 хоног засвар үйлчилгээ хийгээд эргүүлээд залгадаг.

“Буянт ухаа 2” хорооллын дулааны шугамыг нэг өдөр хааж засварласан. Одоо хэвий байгаа. 10 хоногоос илүү халуун ус тасрах, эсвэл нэг хоног ирээд дараа хоногт нь тасрах тохиолдолд оршин суугчид контортоо хандах хэрэгтэй.

Орон сууцны конторууд манай байгууллагатай гэрээтэй ажилладаг. Бид станцаасаа тогтмол дулаанаа худалдаж аваад, хэрэглэгчдэд тоолуураар нь түгээж байгаа. Харин конторт ямар асуудал, эвдрэл гарсан эсэхийг бид мэдэхгүй.

-Ойрын хугацаанд хотын аль хэсэгт халуун ус тасрах вэ?

-Төвийн хэсгийн шугамын засвар өнөөдрөөс эхэлнэ. Нийт магистраль шугамаа 1-12 хүртэл ангилаад 12 удаагийн зогсолт хийдэг. Өнөөдрийн байдлаар ес дэх зогсолт хийгээд засварын ажил дууссан.

Харин өнөөдөр 10 дах магистралийн шугамыг засварлахаар зогсолт хийх гэж байна. Энэ шугам нь Цэцэг төвийн үүднээс эхэлж байгаа. Шугам холболт дуусгаад Багшийн их сургуулийн хэсэг буюу Бага тойруугийн хэсгийн халуун ус хаагдана. Бусад дүүргийн нутаг дэвсгэрийн хувьд өнөө, маргаашдаа хэвийн дулаан устай байгаа.

-Засвар үйлчилгээний ажил хэдэн хувьтай явагдаж байгаа вэ?

-Есдүгээр сарын 15-наас халаалт өгөөд тавдугаар сарын 15-нд хаагддаг. Энэ жил ч гэсэн хугацаандаа халаалтаа өгнө. 12 зогсолтын есийг нь зогсоочихсон гэдэг нь 70 гаруй хувьтай ажил явагдаж байна.

-Наймдугаар сард үлдсэн халуун ус хаах газруудын байршлыг танилцуулахгүй юу?

-Наймдугаар сардаа багтаад онгорхой ганц нэг шугам янзлаада жил дуусаж байгаа. Харин Улаанбаатар дулааны сүлжээ төвөөс гадна зарим барилгын ажлууд нийслэлд хийгдэж байна.

Барилга, хот байгуулалтын яамнаас зам дагуу туннел барьж байгаатай холбогдуулан наадмын өдрүүдэд халуун ус нь тасарсан хэсэг газар байгаа. Энэ засварын ажил наймдугаар сарын 10-ныг хүртэл үргэлжилнэ.

Саппорогийн зам дагуу 800-гийн шугамыг 1,000 болгож өргөтгөх ажил нийслэлийн хөрөнгө оруулалтаар ажил үргэлжилж байгаа боловч халуун ус тасарсан байр байхгүй. Ханын материал хэсэгт шугам цэвэрлэх ажил наймдугаар сарын 15-наас дуусна.

-Айл өрх, албан байгууллагад шугам засварын улмаас халуун ус тасрах тухай нэгдсэн мэдээлэл хэрхэн түгээдэг вэ. Иргэд хаанаас мэдээлэл авч болох уу?

-Иргэд Дулаан дамжуулах төв шугам хоолойн бат бөх чанарыг турших хуваарийг “www.my.dulaan.mn” цахим хаягаас авч болно. Зуны графикт зогсолт болон засварын ажлын талаарх санал хүсэлтээ дуудлагын төвийн утас 7004-7005 дугаарт хандаж ирүүлэхэд болно.

-Ойрын өдрүүдийн үргэлжилсэн бороо шугам засварын ажилд нөлөөлсөн үү?

-Хүчтэй аадар бороо, үргэлжилсэн усархаг борооны улмаас засварын ажил саатах тохиолдол байдаг. Тухайлбал “Шинэ дөл” хотхоны засварын ажил дуусаад энэ сарын 26-нд залгагдах байсан бол борооны улмаас цалгардаад байна.

Ажлын үйл явц гурван хоног үргэлжлэх төлөвтэй байгаа. Мөн дулаан дамжуулах төв магистраль шугамын бат бөх чанарыг ээлжит нягтын шахалтын үед газар доогуур болон ил байрласан шугам хоолойд гэмтэл гарч болзошгүй тул иргэд тухайн үед хөдөлгөөнд анхааралтай оролцох хэрэгтэй.

Түүнчлэн туршилтад орж байгаа инженерийн байгууламжийн ойролцоо ажил үйлчилгээ хийх, зогсох, машин болон эд хөрөнгөө орхин явахгүй байхыг анхаараарай.

-Үлдсэн гурван зогсолт хэдий хугацаанд хаана үргэлжлэх вэ?

-Тавдугаар магистраль шугамын тоноглолд хийх засвар үйлчилгээ Замын цагдаагийн газар, Эрэлийн орон сууц, Стар эстэйтс, Континентал зочид буудал, Шинэ үе сургууль, 21 сургууль, Бөхийн өргөө, 13 хороолол ДДТ-24, 25, 14 хороолол, Аман хуур хотхон, Сансар 12, 15 хороолол орчимд долоодугаар сарын 30-наас ирэх сарын 5-ныг хүртэлх хугацаанд зургаа хоног хийнэ.

Мөн гурав, дөрөвдүгээр хороололд наймдугаар сарын 1-10-ны хооронд халуун ус хаана. Дараа нь 15,13 дугаар хороололд засварын ажил хийгдэнэ. Наймдугаар сарын 20-нд нийт засварын ажил нэгдсэн хэмжээнд дуусна. Орон сууцны конторуудын ажил зарим нь арай дуусаагүй байгаа байх. Есдүгээр сарын 15-наас дүүргэлт явагдаад халаалт түгээж эхэлнэ.

Зураг