Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийн талаарх “Шүүх эрх мэдлийн хариуцлагыг дээшлүүлэх, хараат бус байдлыг хангах нь” сэдэвт хэлэлцүүлэг өнөөдөр 10:00 цагаас Төрийн ордонд эхэллээ.
Хэлэлцүүлгийн нээлтэд Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга, Улсын Их Хурлын гишүүн, Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга, Ажлын хэсгийн нарийн бичгийн дарга С.Бямбацогт, Улсын Их Хурлын гишүүн, Хууль зүйн байнгын хорооны дарга Х.Нямбаатар, Улсын Их Хурлын гишүүн Д.Оюунхорол, Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд, Улсын Их Хурлын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн дарга Л.Өлзийсайхан, Тамгын газрын Хууль, эрх зүйн асуудал хариуцсан нарийн бичгийн даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Э.Түвшинжаргал болон төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Ажлын дэд хэсгийн ахлагч, гишүүд оролцож байна.
Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газар, Улсын Их Хурлын Тамгын газраас хамтран зохион байгуулж буй энэхүү хэлэлцүүлэгт Үндсэн хуулийн цэц, Шүүхийн ерөнхий зөвлөл, Улсын дээд шүүх, Улсын ерөнхий прокурор, Монголын хуульчдын холбооны болон бүх шатны шүүхийн шүүгчдийн төлөөлөл, мөн улс төрийн намууд, эрдэмтэн судлаачид, иргэдийн төлөөлөл зэрэг 100 гаруй хүн оролцож байгаа юм.
Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийн талаарх “Шүүх эрх мэдлийн хариуцлагыг дээшлүүлэх, хараат бус байдлыг хангах нь” сэдэвт хэлэлцүүлгийг нээж Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга үг хэллээ.
Тэрбээр хэлсэн үгэндээ, “Шүүх эрх мэдлийн хариуцлагыг дээшлүүлж, хараат бус байдлыг хангах” чиглэлээр Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийг шүүн хэлэлцэж, өөрийн санал бодлыг хүргэн, зохих ёсны хувь нэмрээ оруулахаар хүрэлцэн ирсэн Та бүхэнд талархал илэрхийлье.
Сүүлийн арваад жилийн турш нийгмийн бүх түвшинд хөндөгдөн, олон нийтээр чамгүй шүүгдэн хэлэлцэгдэж ирсэн асуудлуудын хүрээнд бид Үндсэн хуульдаа нэмэлт, өөрчлөлт оруулахаар ярилцаж байна. Өөрөөр хэлбэл, олон жилийн турш эрэлхийлсэн түүхэн боломжийнхоо өмнө монголчууд бид тулж ирээд байна. Энэхүү боломжийг бодит үйл хэрэг болгох нь эрх баригчид хийгээд сөрөг хүчин, улс төрийн бусад намууд, төрийн байгууллага, албан тушаалтан, иргэд, иргэний нийгмийн байгууллагууд, эрдэмтэн судлаачид та бүхний ухамсар, алс хэтийг харах ухаан, эв эеийг эрхэмлэх сэтгэлээс шууд хамаарах бөгөөд үндэснийхээ эрх ашгийг дээдэлсэн “зөвшилцөл, ойлголцол” голлох нөлөөтэй гэдгийг дахин онцлон тэмдэглэе.
Өмнөх хэлэлцүүлэгүүдэд хэлсэн энэ үгээ давтан давтан хэлж байгаагийн учир нь эв нэгдлийн гэрээ, улс төр-эрх зүйн тулгуур баримт бичиг болсон Үндсэн хуулийн асуудалд туйлын нухацтай хандахыг Та бүхэндээ сануулж буй хэрэг юм.
Улсын Их Хурлаар хэлэлцэж буй Үндсэн хуульд оруулах нэмэлт өөрчлөлтийн төсөлд “Шүүх эрх мэдлийн хариуцлагыг дээшлүүлж, хараат бус байдлыг хангах” чиглэлээр тодорхой зохицуулалтууд тусгагдсан. Эдгээр өөрчлөлтийг миний бие хувьдаа дэмжихгүй байгаа.
Учир нь:
Иймд миний зүгээс “Шүүхийн үндсэн тогтолцоо Улсын дээд шүүх, давж заалдах шатны шүүх, анхан шатны шүүхээс бүрдэх, шүүгчид сахилгын шийтгэл ногдуулах зорилгоор Шүүхийн сахилгын хороо ажиллуулах, Шүүхийн сахилгын хороо хуульд заасан үндэслэл, журмын дагуу шүүгчийг албан тушаалаас нь түдгэлзүүлэх, огцруулах, чөлөөлөх тохиолдолд санал гаргах, бусад шийтгэл ногдуулах шийдвэрийг бүрэн эрхийнхээ хүрээнд өөрөө гаргах, Шүүхийн сахилгын хорооны зохион байгуулалт, үйл ажиллагааны журмыг хуулиар тогтоох” зэрэг шударга ёсны гэж нэрлэгддэг шүүхийн үйлчилгээний зохион байгуулалтыг оновчтой болгох, хариуцлагагүй шүүгчид хариуцлага тооцох хараат бус бие даасан тогтолцоо бий болгох ач холбогдол бүхий нэмэлт, өөрчлөлтийг Үндсэн хуульд оруулахаар санал болгоод байна.
Шүүхийн сахилга, хариуцлагын асуудлыг Улсын Их Хурлаар хэлэлцэгдэж буй төсөлд тусгасан шиг зөвлөлийн хэмжээнд авч үзэх боломжгүй юм. Шүүх эрх мэдлийн нэр хүндийг дээшлүүлэх, шударга, хариуцлагатай ажиллах нөхцөлийг бүрдүүлэхийн тулд Шүүхийн ерөнхий зөвлөлд шүүгчийг шилж олох, хараат бус байдлыг нь хамгаалах чиг үүргийг үлдээж, Шүүхийн ерөнхий зөвлөлийн хэмжээний бие даасан үйл ажиллагаатай Шүүхийн сахилгын хороог тусгайлан байгуулж, зөвхөн шүүгчид хариуцлага тооцохтой холбогдсон эрх мэдэл олгон, үйл ажиллагааных нь нөхцөл баталгааг Үндсэн хуулиар тогтоож баталгаажуулах нь зөв гэж үзлээ.
Өөрчлөлт, шинэчлэл эрчтэй хийгдэж сайн бүхэн түгэн дэлгэртүгэй.
Хэлэлцүүлгийн үйл ажиллагаанд амжилт хүсье гэлээ.
Дараа нь Улсын Их Хурлын гишүүн, Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга, Ажлын хэсгийн нарийн бичгийн дарга С.Бямбацогт хэлэлцүүлгийн хөтөлбөр, дэгийг танилцуулав. Үргэлжлүүлэн Монгол Улсын Ерөнхийлөгчөөс өргөн мэдүүлсэн төсөл, санал, Улсын Их Хурлын гишүүн Д.Лүндээжанцан нарын нэр бүхий 62 гишүүнээс өргөн мэдүүлсэн төслүүдийн талаарх танилцуулга, мөн Ардчилсан намын саналыг танилцуулах бөгөөд төслийн талаарх танилцуулгатай холбогдуулан хэлэлцүүлэгт оролцогчид төсөл санаачлагчдаас асуулт асууж тодруулан саналаа хэлж байр сууриа илэрхийлэх юм байна.
Эх сурвалж: УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс