Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/07/24-НД НИЙТЛЭГДСЭН

Х.Цогтбаатар: Үлэг гүрвэлийн онол өөрчлөгдөж, зарим зүйл төрөл нь шувууны аймгийн өвөг болж хувирч байна

Б.Энхзаяа, Өдрийн сонин
2019 оны 7 сарын 24
Өдрийн сонин
Зураг зураг
Гэрэл зургийг Mpa.mn

Азийн динозаврын холбооноос хоёр жилд нэг удаа зохион байгуулдаг ээлжит симпозиум Улаанбаатар хотноо өнөөдөр эхэлнэ. Үлэг гүрвэлийн олдвор, судалгаагаар дэлхийд тэргүүлэх гурван улсын нэг Монгол Улсын хувьд энэ удаагийн олон улсын хурал өндөр ач холбогдолтой арга хэмжээ хэмээн зохион байгуулагчид нь үнэлж байна. Тус хурлын талаар болон палеонтологийн салбарын хөгжлийн тухай ШУА-ийн Палеонтологи, геологийн хүрээлэнгийн захирал, шинжлэх ухааны доктор Х.Цогтбаатартай ярилцлаа.

-Азийн үлэг гүрвэлийн холбооны олон улсын хурлын тухай ярихаас өмнө та Монгол Улс энэ салбарт ямар чухал үүрэг гүйцэтгэдэг талаарх танин мэдэхүйн товч ойлголт өгөхгүй юү?

-Дэлхийд үлэг гүрвэлийг судалдаг хүн олон болжээ. Палеонтологи хуучин биш, хөгжөөд 150 жил болж байгаа шинжлэх ухааны нэг салбар юм. Манай Монгол орон үлэг гүрвэлийн судалгаагаар дэлхийд XX зууны сүүлээс эхлээд танигдсан. Анх энэ салбарын судалгаа Европт эхэлж, дараа нь умард Америкт хөгжсөн.

Сүүлийн жилүүдэд Ази руу түрэн орж ирж байна. Учир нь үлэг гүрвэлийн талаар хүн төрөлхтний өнөөдрийг хүртэл олж хуримтлуулсан мэдлэгийн сүүлийн 20-50 жилийнх нь Азиас бий болсон мэдлэгүүд байдаг. Өнөөдөр үлэг гүрвэлийн судалгаа, олдвор, түүний амжилтаар дэлхий дээр зургаан орон тодорч байгаа. Түүний нэгд Монгол ордог. Орохоор барахгүй эхний хоёр, гуравт явдаг.

-Тэгвэл энэ удаагийн симпозиумыг Монгол оронд зохион байгуулж байгаа нь нэр төрийн хэрэг болов уу?

-Тэгэлгүй яах вэ. Нэгэнт энэ чиглэлийн судалгааны хөгжил Ази руу түрж, дэлхий дахинаа энэ төрлийн судалгаа, мэдлэгээр баялаг орныг тэргүүлдэг гурван орны хоёр нь Азийн улс орон болсон. Мэдээж нэг нь Монгол, нөгөө нь БНХАУ. Тиймээс Азид үлэг гүрвэл судлалын холбоо байгууллага бий болох ёстой гэсэн санал санаачилга 2010 оны үеэс гарч эхэлсэн. Үүнд тэргүүлэх орны хувьд монголчууд идэвхтэй оролцож 2013 онд Азийн динозаврын холбоог байгуулсан.

Тус холбоонд манай эрдэмтэн, судлаачид нэлээд чухал үүрэгтэй оролцдог. Ахмад судлаач Р.Барсболд гуай тус холбооны хүндэт ерөнхийлөгч, миний бие дэд ерөнхийлөгчийн албатай.

Холбоо байгуулагдаад дүрэм ёсоор хоёр жилд нэг удаа олон улсын хурал хийхээр болсон. Анхны хурал 2014 онд Японд, дараагийнх нь Тайландад, 2017 онд БНХАУ-д болж байв. 2019 оны хурал ийнхүү манай улсад болох гэж байна. Азийн динозаврын олон улсын хурлыг эх орондоо зохион байгуулж байна гэдэг нь спортоор зүйрлэвэл Азийн тоглолтыг үлэг гүрвэл судлал, палеонтологи чиглэлээр манайх авчихаж байгаа гэсэн үг юм.

Үлэг гүрвэлийн судалгаа, олдвор, түүний амжилтаар дэлхий дээр зургаан орон тодорч байгаа. Түүний нэгд Монгол ордог.

Өөрөөр хэлбэл, энэ хурлыг улс орнууд зүгээр нэг ээлж дараагаар хийчихдэггүй. Нэлээд амжилттай байгаа, энэ чиглэлээр тэргүүлж яваа орнууд урьдчилж захиалга өгч хэлэлцэж байж шийддэг. Хятадад 2017 онд болсон хурлын үед манайд зохион байгуулах асуудал анх яригдаж өнгөрсөн жил шийдэгдсэн.

Үүний дагуу бид жил гаруйн хугацаанд бэлтгэл ажлаа базаалаа. Хурал өнөөдөр эхэлнэ. Хоёр хоногийн турш орон орноос ирсэн эрдэмтэд үлэг гүрвэлтэй холбоотой илтгэлүүд танилцуулж, хэлэлцүүлнэ. 26-29-ний өдрүүдэд олон улсын судлаачид үлэг гүрвэлийн их өлгий нутаг Өмнөговь аймагт очиж газар дээр нь танилцана. Одоогоор 13 орны 85 судлаач ирэхээр бүртгүүлээд байна. Мэдээж монгол судлаачид өргөн бүрэлдэхүүнтэй оролцоно.

-Хурлаар хэлэлцүүлэх сэдвээс сонирхуулж болох уу. Үлэг гүрвэлийн хамгийн сүүлийн үеийн мэдээлэлтэй, сонирхолтой илтгэл юу байх бол гэж сонирхож байна?

-Энэ бол мэргэжлийн түвшний хамгийн том хурал учраас бүх илтгэл нь сонирхолтой байдаг. Палеонтологийн салбар дотор үлэг гүрвэлийн чиглэлийн хурал, цуглаан тэр бүр болдоггүй. Тэгэхээр сүүлийн үеийн, ялангуяа Хятадад болсон хурлаас хойш гарч ирсэн шинэ мэдлэгүүдийг хэлэлцүүлнэ. Хурлаар мэргэжлийн хүмүүс цугласан дээр залуу судлаачид судалгааны бүтээлээ зөв хийсэн эсэхээ танилцуулж дэлгэж тавьдаг.

Хэлэлцүүлгийн дараа туршлагатай эрдэмтэд залууст үүн дээр анхаармаар юм байна, үүнийг ингэж засах ёстой гэх маягаар зөвлөж, түүн дээр үндэслэн олон улсын нэр хүндтэй сэтгүүлүүдэд залуу судлаачдын бүтээл хэвлэгдэхэд нэг алхам ахидаг юм.

-Саяхан 80 сая жилийн өмнөх үлэг гүрвэлийн 15 зулзагыг олсон мэдээлэл цацагдсан. Олон улсыг гайхшируулсан олдвор байсан гэлцэх юм?

-Тэр 80-аад сая жилийн өмнө буюу Жодогтийн цаг үе гэж шинжлэх ухааны хэллэгээр хэлдэг, тэр цаг үед амьдарч байсан үлэг гүрвэлийн 15 зулзагын чулуужсан ясыг хэлж байгаа юм. Монголын газар нутаг дээр амьдарч байсан үлэг гүрвэлийн цаг үе одоогоос 130 орчим сая жилээс авахуулаад 70 орчим сая жилийн хооронд байдаг. Үндсэндээ Монгол орон үлэг гүрвэл гэдэг том амьтны аймаг дэлхий дээр ноёлж байсан сүүлчийн үе шатыг төлөөлдгөөрөө их сонирхолтой.

Манай улсын газар нутаг үлэг гүрвэлийн хөгжлийн хамгийн дэвшилтэт үе шат буюу магадгүй зарим нэг үлэг гүрвэлийн үүслийн төвийг тодорхойлж мэдэх юм. Тэр утгаар сүүлийн үед сонин содон олдвор тохиолдож байна.

Таны хэлдэг 15 зулзага гэдэг бол маш их сонирхолтой. Хүн үүсэхээс 60 сая жилийн өмнө мөхчихсөн амьтныг хэн ч мэдэхгүй. Тэгэхэд өнөөдөр бид ямар нэгэн хэмжээгээр үлэг гүрвэлийн талаар мэддэг боллоо. Үлэг гүрвэлийг хүн төрөлхтен яагаад онцолж судалдаг вэ гэхээр том эх газрын буюу хуурай газрын сээр нуруутан амьтан. Хүн ч бас сээр нуруутан шүү дээ. Сээр нуруутай амьтны үүсэл хөгжлийн цагүеийгхамгийнсайн тодорхойлж чаддаг.

Байгалийн бүхий л сээр нуруутай амьтан дээр хийгдэх туршилтууд үлэг гүрвэл дээр хийгддэг байсан учраас динозавр магадгүй эволюц хөгжлийн үе шатыг баримжаалах тод жишээ юм. Угаасаа ч үлэг гүрвэл өөрөө сонин амьтан. Одоогийн амьтадтай харьцуулахад зарим талаараа төстэй юм шиг боловч их өөр. Үлэг гүрвэлийн онол хүртэл өөрчлөгдөхөд хүрч байна.

Үлэг гүрвэлийг матар, яст мэлхий, гүрвэлийн ангид хамааруулдаг байсан бол зарим төрлийн үлэг гүрвэл шувууны төрлийг үүсгэсэн, шувууны аймгийн өвөг болж хувирч байна. Энэ бол сүүлийн 50 жилд палеонтологийн шинжлэх ухаанд гарсан том хувьсгал. Үүнийг Монголын олон олдвор баталж өгсөн байдаг.

-Тэрхүү 15 зулзагын чулуужсан яс аль аймгаас хэдийд олдсон олдвор вэ?

-Өмнөговь аймгийн Булган сумын нутгийн Төгрөгийн ширээ гэдэг олдворт Монгол Японы палеонтологийн хамтарсан экспедиц 1995 онд олсон. Proto-ceratops нэртэй үлэг гүрвэлийн зулзагууд юм.

-Дээр үед байх нь?

-Хүмүүс харин ингэж гайхдаг юм. Ийм эрт олдсон олдворыг яагаад одоо зарлах болов гэж. Палеонтологийн олдворыг олонгуутаа шууд судалдаггүй. Байгальд хадгалагдсан зүйл учраас маш нарийн лабораторийн нөхцөлд чулуулгаас нь салгадаг. Урт удаан хугацаанд өрнөх процесс буюу техник боловсруулалт хийсний дараа харьцуулалт судалгааг хийдэг. Үлэг гүрвэлийн зулзага судалж байгаа хүн бол дэлхийн бусад улс оронд олдсон бүх зулзагуудыг судалсан байхыг олон улсын том сэтгүүлүүд шаардана.

Тэнд олдсон зүйлийг энд шинээр олсон гэж хэлж болохгүй шүү дээ. Тэр утгаар хугацаа их ордог. Миний шинээр тогтоосон үлэг гүрвэлийн хоёр төрөл зүйлийн тухай өгүүлэл он гараад олон улсын сэтгүүлд хэвлэгдлээ. Тэр бол ургамал идэшт үлэг гүрвэл буюу “Gobihadrosmon-goliensis”. Шүдний бүтцээс нь харахад усан орчинд усны ургамлаар хооллодог байсан байх магадлал өндөртэй. Одоо бол шинээр төрөл зүйл нээнэ гэдэг их амаргүй болсон.

-Монгол орон үлэг гүрвэлийн олдвороороо дэлхийд ийнхүү тэргүүлж байна. Гэтэл үлэг гүрвэлийн музейн асуудал өнөө хэр ажил хэрэг болсонгүй. Манайхаас бага олдвортой улс орон дэлхийд жишиг болохуйц музей байгуулаад судалгаа шинжилгээгээ хийгээд, ашгаа ч олж байна?

-Үнэхээр Монгол үлэг гүрвэлийн олдвороор дэлхийд хаана ч нүүр улайхааргүй баялагтай. Гэтэл манай Монголын ихэнх музей шинжлэх ухаанаасаа тасарсан. 17, 18 дугаар зууны музейнүүд ийм байсан. Одоо бол орчин цагийн музей цэвэр шинжлэх ухааных болсон. Нэг үгээр музей гэдэг бол шинжлэх ухаанаар бий болгож байгаа шинэ мэдлэгийг ард түмэн, жирийн иргэд, хүүхэд багачуудад таниулдаг газар юм.

Манайд эрдэм шинжилгээнд суурилсан музей болгож байна гээд ганц, хоёрхон эрдэм шинжилгээний ажилтан авснаараа болчихгүй. Түүх, археологи, палеонтологийн музей аль аль нь. Анх үлэг гүрвэлийн музей байгуулах ёстой гэж байхад би маш их баярлаж байсан. Тэгсэн чинь бидний судалгааны материалыг өөр газар аваачаад тэр чиглэлийн мэдлэггүй хүмүүс ашиглаж, олон нийтэд танилцуулах ёстой болчихож байгаа юм. Энэ бол буруу тогтолцоо. Шинжлэх ухаанаас нь салгачихсан музей хэзээ ч явдаггүй. Тэр бол зүгээр нэг хуучин цагийн социализмын тогтолцооны үед үзэл суртлын хэрэгсэл болж явж байсан.

Хүн амьтан гэдэг утгаараа байгалийнхаа түүхийг маш сайн мэдэх ёстой. Энэ чиглэлийн мэдлэгийг бий болгохын тулд шинжлэх ухаанд суурилсан музейтэй байж л бий болгоно. Бид 1995 оноос хойш энэ асуудлыг хөндөж музей байгуулах гэж олон жил яваад дийлэхгүй байгаа юм.

-Засгийн газрын дэмжлэг дутдаг талаар ахмад палеонтологичид хэлдэг?

-Засгийн газар одоогоос л зөв замдаа орж байна уу гэж горьдож байна. 2012 онд тэр үеийн Засгийн газар үлэг гүрвэлд их хайртай болсон шүү дээ. Сайд нь хүртэл үлэг гүрвэлээр амьсгалж байсан үе. Гэхдээ шийдвэрээ буруу гаргачихсан. Магадгүй тэр үед зөвлөж байсан хүмүүсээс болсон гэж би боддог. Бас л шинжлэх ухаанаас нь тасалж Лениний музейд үлэг гүрвэлийн музей гэж байгуулсан.

Шал өөр бүтэц бүрэлдэхүүн бий болгож, ихэнх нь гадаадад хулгайгаар гаргасан олдворуудыг авчирч үзүүлсэн юм. Хууль бусаар малтлага хийж, гадаадад хулгайгаар гаргасан үлэг гүрвэлийн олдвор, цуглуулгыг шууд шинжлэх ухаан болон танин мэдэхүйн эргэлтэд оруулахыг дэлхий нийт хориглодог. Яагаад гэвэл судлаачдын таньж мэдэж, стандартын дагуу малтлага хийж, олон улсын сэтгүүлд өгүүлэл хэвлүүлж баталгаажуулаагүй олдворыг нийт олонд үзүүлж байгаа нь хууран мэхлэлт гэж гадаадынхан үздэг.

Тийм учраас музейнүүд үүнээс ихээхэн зайлсхийдэг. Би тэр үед хэлж байсан. Еврейчүүдийг үй олноор нь устгаж, генацит хийж байсныг харуулсан АНУ-ын Холокост гэж музей бий. Түүнтэй адилхан "Монголын палеонтологийн судалгаанд эмгэнэл дагуулсан 10 жил" гэсэн музей бол байгуулж болно гэж.

Яагаад гэвэл тэр их олдворыг хууль бусаар малтаж хил гаалиар гаргаж байхад улс үндэстэн хаана байв, хууль хяналтынхан, хил гааль хаана байв. Үүнийг ном журмаараа явж байгаа шинжлэх ухаантай хольж болохгүй юм шүү. Сая Засгийн газрын тогтоол гарч тэр музейг хүчингүй болгож, палеонтологийн салбарыг шинээр баригдах Байгалийн түүхийн музейтэй нийлүүлж байх шиг байна. Мэдээж төр засаг өмнөх алдаагаа давтахгүй байх гэж найдаж байна.

-Гадаад руу хууль бусаар гаргасан үлэг гүрвэлийн олдворыг эх оронд нь авчрах ажил хэр явж байна вэ. Хэд, хэдэн олдвор хил ийн чанадад Монголд шилжүүлэхэд бэлэн байгаа талаар нэлээд эртхэн яригдаж байсан?

-БНСУ-ын хууль хяналтын байгууллага нь тогтоогоод шүүх хурал нь болж, бид ч очоод Монголынх гэдгийг тогтоочихсон 11 олдвор цуглуулга байгаа. Тэдгээрийн гурав нь олон нийтийн хэлж заншсан Батаар буюу тарбозаврын олдвор. Мөн Солонгосоос Франц руу худалдаалагдаад тус улсын гааль дээр хураагдсан бас нэг том тарбозавр байна. Манайхан очоод Монголын газар нутаг дээрээс олсон гэдгийг баталчихсан. Өөр жижиг олон олдвор Франц, Белгид ч бий. Гол нь Монголд авчрах зардал байхгүйгээс авч чадахгүй байна.

-Тэдгээрийг зөөвөрлөж ирэхэд хэчнээн төгрөгийн асуудал яригддаг юм бэ?

-Солонгост байгаа 11 олдворыг тээвэрлэхэд тухайн үед 50 сая төгрөг зарцуулагдах тооцоо байсан. Францынх хол учраас 100 орчим сая төгрөг гэж яригдаж байсан. Бид хөөцөлдөөд л байна. Их удаашралтай явж байна даа.

Зураг