2019/08/21
Америк доллар
МОНГОЛ БАНК:
2,672.74₮
B30
УЛААНБААТАР
20°
|
B30
УЛААНБААТАР
22°
|
B30
УЛААНБААТАР
24°
|
11°
18:00
S30
17°
19:00
S30
15°
20:00
S29
13°
21:00
S31
12°
22:00
S31
10°
23:00
S31
00:00
S31
01:00
S31
02:00
S31
03:00
S31
04:00
S31
05:00
S31

Ц.Зууннаст: Сахар агуулсан бүтээгдэхүүн сонгохын өмнө шошго дээрх мэдээллийг бүрэн уншиж байгаарай

М.Үүрийнтуяа, Үндэсний шуудан
2019 оны 7 сарын 23
Үндэсний шуудан

Аагим халуун, бүгчим халуун гэгддэг зуны өдрүүдэд ам цангах тохиолдол элбэг. Улмаар ундаа, зайрмаг гээд чихэрлэг бүтээгдэхүүний хэрэглээ өндөрсөж байдаг. Иймээс сахрын зохистой хэрэглээний талаар ШУТИС-ын Монгол, Солонгосын хамтарсан Шим тэжээл судлалын төвийн захирал, доктор Ц.Зууннасттай ярилцлаа. Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төвийн мэдээллээр насанд хүрсэн эрэгтэй хүн өдөрт 30 грамм, эмэгтэй хүн 25 грамм сахраас хэтрүүлэн хэрэглэхгүй байх нь зохилтой гэнэ. Гэхдээ сахрын хэрэглээнд зөвхөн сахрын хэрэглээ бус сахар агуулсан бүтээгдэхүүнүүдийн хэрэглээ ч мөн багтдаг. Цагаан элсэн чихэр буюу сахрыг чихрийн манжингаас цэвэрлэж гаргаж авдаг бол чихрийн нишингээс нь бор сахрыг гаргаж авдаг байна. Сахрыг зөвхөн хэвийн хэмжээгээр хэрэглэх үед хүний биед тодорхой хэмжээний илчлэг өгнө. Судсанд бүлэн үүсгэхгүй учраас судас бөглөрөхгүй. Тархинд тэжээл болдог ашиг тустай. Харин хэтрүүлэн хэрэглэсэн тохиолдолд сахрыг “Гурван цагаан хорын нэг”, “Таашаал нөгөө талдаа тарчлаантай үхэл", “Тансаг хэрэглээний амьдрал гашуун төгсгөлтэй”, “Донтуулагч хүнсний бүтээгдэхүүн”, “Амьдралыг аюулд хүргэх хүнс" зэргээр нэрлэдэг байна.

-Монголчуудын сахрын хэрэглээ ямархуу хэмжээнд байгаа талаарх судалгаанаасаа хуваалцана уу. Таны бодлоор бид сахрын хэрэглээндээ хэрхэн анхаарах хэрэгтэй вэ?

-ШУТИС нь Шинжлэх ухаан технологийн сангийн санхүүжилтээр Монголын хүн амын хүнсний бодит хэрэглээний судалгааг хийсэн. Улсын хэмжээнд анх удаа өрхийн болон хувь хүний түвшинд гэсэн хоёр чиглэлээр судалсан. Энэ судалгааны үр дүнгээс харахад хүн амын чихрийн хэрэглээ нас ахих тусам буурах хандлагатай байна. Жишээлбэл, 15-25 насны хүүхэд хоногт 15 грамм сахар хэрэглэж байхад 60-аас дээш насныхан хоногт таван грамм сахар хэрэглэж байна.

Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас хүний хоногийн хэрэглээний сахрын хэмжээ нь нийт хүнсний бүтээгдэхүүнээс авах сахрын хэмжээний 20 грамм хүртэл гэж заасан байдаг. Нийт хүнсний бүтээгдэхүүнд төрөл бүрийн нарийн боов, салат, чихэрлэг ундаа гээд олон бүтээгдэхүүн орно. Эдгээр бүх бүтээгдэхүүн нийлээд 20 грамм гэсэн үг.

Гэтэл манай судалгаагаар зөвхөн хүүхдийн хоногт хэрэглэх чихэр, чихрэн бүтээгдэхүүнээс авч байгаа сахрын хэмжээ 15 грамм буюу 60 ккал сахар байсан. Эндээс юуг ажигласан бэ гэхээр хэрэглэгчдэд сахрын хэмжээгээ бууруулах мэдлэг олгох, хандлага бий болгох хэрэгтэй гэдгийг судалгааны дүн харуулсан. Тэгэхээр энэ талын мэдлэг, хандлагыг яаж бий болгох вэ гэхээр хамгийн түрүүнд хүмүүсийг шошго уншиж сургах хэрэгтэй юм байна гэж бодож байгаа.

Хэрэглэгч та сонголтоо хийхийн өмнө шошго хар гэж зөвлөе. Манайд ундааны хэрэглээ маш өндөр. Бүх ундааны саван дээр тухайн ундаанд агуулагдаж байгаа сахрын хэмжээ байдаг. Жишээлбэл, MCS компанийн 200 грамм ундааг уухад 48 ккал буюу 12 грамм сахрыг энэ ундаанаас авна гэж бичсэн байдаг. Гэтэл хэн ч шошго дээрх хэмжээг хардаггүй.

Хүүхдүүддээ 500 грамм ундаа авч өглөө гэхэд тэр хэмжээний ундаанд ойролцоогоор 25-30 грамм сахар агуулагддаг. Сахрыг ёотонтой адилтгана үзнэ гэвэл нэг ёотон таван грамм гэхээр 500 грамм ундаанд зургаан ширхэг ёотон агуулагддаг гэсэн үг.

-Судалгаагаа хэр өргөн хүрээнд явуулсан бэ?

-21 аймаг болон Улаанбаатар хотын хүн амын 30 хувийг судалгаанд хамруулсан. Иймээс нийт хүн амыг төлөөлөхүйц хэмжээний судалгаа болсон гэж үзэж байна.

-Сахрын зохистой хэрэглээ ямар байх ёстой юм бэ? 

-Сүүлийн үед дэлхий нийтийн хандлагаар бүх зүйлийг хориглохыг больсон. Насанд хүрсэн хүн хоногт 20 грамм, хүүхэд 15 граммыг хэрэглэвэл зохистой хэрэглээ болно. Гэтэл сахрын хэрэглээ бага байхаас илүү их байх нь элбэг болжээ. Хамгийн энгийн жишээ гэвэл сахар их хэрэглэснээс болж бага насны хүүхдүүдийн шүд их хорхойтож байна.

2017 оны судалгаагаар таван нас хүртэлх хүүхдийн 87 хувь нь шүд цооролттой гэж гарсан. Үүнийг 10 хүүхдийн есийнх нь шүд цоорсон гэж ойлгож болно. Энэ нь шууд сахрын хэрэглээтэй холбоотой. Хүүхдүүддээ чихэр, чихрэн бүтээгдэхүүн хэрэглүүлсний дараа амыг нь зайлдаггүй. Шүдийг нь угаалгадаггүй. Гэтэл чихэртэй бүтээгдэхүүн хэрэглэсний дараа аманд чихэрлэг орчин бий болдог.

Аажимдаа хүчиллэг орчин үүсгэж, тэнд шүдийг хорхойтуулдаг бактериуд маш эрчимтэй үрждэг. Иймээс шүд цоордог. Тиймээс бага наснаас нь эхлээд хүүхдэдээ чихэр өгөхгүй гэж хориглохын оронд нэг чихэр өгье харин шүдээ сайн угаагаарай, амаа сайн зайлаарай гэх байдлаар ч юм уу зөв дадал хэвшүүлэх шаардлагатай. Насанд хүрсэн хойноо хавдар, чихрийн шижин, зүрх судасны өвчин гээд өвчлөлийн шалтгаан нь зөвхөн сахрын зохисгүй хэрэглээ биш.

Гэсэн хэдий ч давс, сахар, тосны хэт их хэрэглээ зэрэг нийт хооллолтын буруу хүчин зүйлүүдээс болж хүн өвчилдөг.

-Та хоол, хүнсийг шим тэжээл талаас нь судалдаг. Түүнчлэн монголчуудын уламжлалт хоолны соёл өмнө нь ямар байсан, одоо ямар болж байгаа талаар судлаач хүний хувьд ямар бодолтой байдаг вэ? 

-Монголчуудын уламжлалт хооллох соёл гээгдээд орчин үеийн гэж болох хооллох соёл руу шилжиж байгаа. Ингэснээр ямар ч бүтээгдэхүүнийг амталж хэрэглэдэг болсон. Нэг жишээ дурдъя. Хүүхэд байхдаа бид чихэргүй ааруул иддэг байлаа. Энэ нь амны хөндийн шүлс ялгарлыг нэмэгдүүлдэг. Ингэснээр эрүүлждэг. Чихэргүй ааруул идэх нь шүдээ угаахтай тэнцэхүйцээр амны хөндийг цэвэрлэнэ гэсэн үг.

Одоо бид ааруулаа аарц, гурил, элсэн чихрийг нийлүүлээд холимог байдлаар бэлтгэж байна. Энэ нь цэвэр аарцаар хийсэн ааруул идэхээс их ялгаатай. Ингэснээр шүлс ялгаралт багасна. Түүнчлэн хотжоод ааруулаа идэхээ больсон. Зөөлөн ааруул идэхийг илүүд үздэг болсон. Уг нь хатуу ааруул идсэнээр шүлс ялгаралтаас гадна зажлах чадвар нэмэгддэг. Энэ мэт байдлаар уламжлалт хооллох соёл алдагдаж байгаа гэж судлаач хүний хувьд үзэж байна.

-Сүүлийн үед түргэн хоолны сүлжээнүүд хурдацтай нэмэгдэж байна. Тэдгээрт зарагдаж байгаа хоол, хүнсний чанар, аюулгүй байдлыг та юу гэж боддог вэ?

-Түргэн хоол сонгох эсэх нь хэрэглэгчийн өөрийн сонголт. Судлаачийн зүгээс тэнд орж, тийм юм идэж болохгүй гэж хэлэхээс илүү хэрэглэгчид зөв сонголт хийх мэдлэгийг олгох нь чухал байна. “Хийжүүлсэн ундааны оронд ус сонгоорой” гэх мэт байдлаар тустай мэдлэг, мэдээлэл түгээх хэрэгтэй. Зах зээлээ дагаад цаашдаа ч олон түргэн хоолны сүлжээ орж ирнэ гэж бодож байна.

Харин Европын зарим оронд таргалалт буурч байгаа гол шалтгаан нь төрийн бодлого байдаг. Өөрөөр хэлбэл, төрийн зохицуулалтаар таргалалтыг багасгаж байна. Ямар бодлого гаргаж байна вэ гэхээр шарсан хуурсан бүтээгдэхүүн үйлдвэрлэж байгаа газарт татварыг нь өндөр тавьдаг. Эсрэгээрээ экологийн цэвэр бүтээгдэхүүнээр үйлчилж байгаа газарт татварыг нь бууруулдаг.

Жишээлбэл, төрөл бүрийн печень, гурилан бүтээгдэхүүн манайд импортоор ихээр орж ирдэг. 100 грамм бүтээгдэхүүнд агуулагдах сахрын хэмжээ нь тогтоосон стандарт хэмжээнээс бага бол татвар хөнгөлөлттэй, их бол татварыг нь нэмдэг зэргээр зохицуулалт хийдэг улс олон байна.

Тодруулж хэлбэл, тухайн бүтээгдэхүүн хүн амын эрүүл мэндэд яаж нөлөөлж байгаагаас хамаарч татварын хэмжээ харьцангуй ялгаатай. АНУ-ын 51 муж бүрт тамхины үнэ өөр өөр байдаг. Өндөр үнээр тамхи худалдаалдаг мужид тамхины хэрэглээ бага байх жишээний. Мөн муж бүртээ тохирсон, хэрэглээний онцлогт нь тааруулсан хуультай ч байдаг. 

-Тэгвэл манай улсын бага насны хүүхдийн хоол тэжээлийн нөхцөл байдал ямархуу байгаа вэ?

-Мэдээж сахрын хэт хэрэглээ болон эрүүл дадал зуршилтай холбоотойгоор бага насны хүүхдийн дунд шүдний өвчлөл маш их байна. Улаанбаатар хотын хүүхдийн хоол, шим тэжээл, хоол үйлдвэрлэл, үйлчилгээний менежментийг сайжруулах төслийн хүрээнд хийсэн судалгаагаар 6-59 сартай хүүхдийн 61 хувь нь витамин “D”-ийн дутагдалтай байна. Зургаан сараас тав хүртэлх насны хүүхдийн өсөлт хөгжил хурдацтай явагдаж байдаг учраас шим тэжээлийг хангалттай авахгүй бол дутагдалд өртөх эрсдэлтэй байдаг.

Гэтэл цаашлаад витамин “А” дутагдал 9.5 хувь, Монгол хүүхдийн цус багадалт 26.6 хувь, төмөр дутал 20.7 хувь, жингийн илүүдэл болон таргалалтын тархалт 11.7 хувьд байгаа гэж гарсан. Тиймээс монгол хүүхдийн хоолны дадал, зуршил болон шим тэжээлийн байдлыг сайжруулахын тулд эцэг эх, асран хамгаалагчийн шим тэжээлийн ойлголтыг сайжруулах, цэцэрлэгийн багш, ажилчдынх нь ажлын чадвар, мэдлэгийг дээшлүүлэх шаардлагатай байна.

Түүнчлэн шим,тэжээлийн хүний нөөцийг бэлтгэх, хоол үйлдвэрлэх болон үйлчилгээний нөхцөл байдлын стандартыг бий болгох хэрэгтэй. Төрөөс бага насны хүүхдийн хоол, шим тэжээлийг зохицуулах системийг бий болгох, өргөжүүлэх ажлыг шат дараатай хийх нь чухал юм. 

-Хүн өдөрт авах ёстой илчлэгтээ тохируулаад хүнсээ хэрэглэх ёстой юм байна. Гэвч манайд энэ ойлголт нь ч бараг шинэ байгаад байна?

-Бүх хүн хоолны орц, найрлага, шим тэжээлийн талаар боловсролыг эзэмшиж чадахгүй байна. Олон нийтийн мэдээллийн хэрэгслээр тогтмол булан ажиллуулдаг ч юм уу. Хэрэглэгчийн хоол тэжээлийн боловсролыг нэг хүн нэг яриад үр дүн гардаггүй төрийн дэмжлэгтэйгээр 5-20 жилийн дараач үр дүн гардаг. Жишээлбэл, 1970 онд өмнөд солонгосчууд хоногт 15 граммаас дээш давс хэрэглэдэг байсан.

Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын зөвлөмж таван грамм гэдэг. Олон нийтийн мэдээллийн хэрэгсэл буюу хүнд мэдээлэл хүргэж болох бүх сувгаар дамжуулж түгээмэл хэрэглэдэг хоолондоо давсаа яаж багасгаж болох талаар сурталчилгаа, мэдээлэл явуулсан. Ялангуяа, хамгийн их хэрэглэдэг кимчинийхээ давсыг яаж бууруулах уу гэдэгт түлхүү анхаарч, хэрэгжүүлсэн.

Гэтэл 15 грамм давс хэрэглэдэг байсан солонгосчуудын давсны хэрэглээ 10 жилийн дараа 10 грамм болтлоо буурсан. Одоо ч энэ тооноосоо бууруулах бодлого баримталж байгаа. Хоол тэжээлийн боловсрол ч гэсэн адил урт хугацаанд үр дүнгээ гаргадаг юм шүү дээ.

ЧИХЭР, ЧИХЭРТЭЙ БҮТЭЭГДЭХҮҮНИЙ ХЭРЭГЛЭЭГХЭРХЭН БАГАСГАХ ТУХАЙ ЗӨВЛӨМЖ:

  • Аажмаар багасгах.
  • Цэвэр байгалийн бүтээгдэхүүн хэрэглэдэг болтлоо багасга.
  • Өдөрт хэрэглэх сахараа хэмжиж аваад хэрэглэ.
  • Дүрэм мөрд. Долоо хоногийн эсвэл сарын нэг өдрийг сонгон хэрэглэх, хоолны дараа амттан идэхгүй, амттан байнга хэрэглэдэг бол оронд нь жимс иднэ, зайрмагийг сарын тэр өдөр иднэ. Зайрмаг болон чихэрлэг амттан хэзээ ч худалдан авахгүй гэх мэт төлөвлөгөөтэй байх хэрэгтэй.
  • Чихэртэй цай кофе уухын оронд нимбэгтэй эсвэл бусад цай уу.
  • Хоол амтлагчаас татгалз.
  • Хүнсний шошгоноос сахар агуулсан эсэхийг заавал уншиж сур.
  • Амтлаг зүйл идмээр болбол хоолтой хамт хэрэглэ.
  • Алим, жимсний нухашнаас татгалз.
  • Тамирчдад зориулсан хүнс ундаанаас татгалз.
  • Шоколадыг маш багаар хэрэглэ. Цагаан шоколад какаогүй цул чихэр тул бүү хэрэглэ. Хар шоколад какао ихтэй сахар бага тул бусад шоколадыг бодвол хор багатай байдаг.
  • Өдрийн хоолноос бүү татгалз. Хоолоо алгасвал сахар их идэх хүсэлтэй болдог.
  • Согтууруулах ундаа болох шар айраг, вино, оргилуун дарс сахар ихтэйг анхаар.
  • Чихэр хэрэглэх хүслээ дарахын тулд ус уу, явган яв.
  • Гурилан бүтээгдэхүүн сахараас гадна тос болон илчлэг ихтэй бүтээгдэхүүнд ордог.
x