2019/12/10
Америк доллар
МОНГОЛ БАНК:
2,722.35₮
B30
УЛААНБААТАР
-11°
|
-16°
B30
УЛААНБААТАР
-9°
|
-22°
B30
УЛААНБААТАР
-9°
|
-18°
18:00
S31
-14°
19:00
S31
-15°
20:00
S31
-16°
21:00
S31
-18°
22:00
S31
-19°
23:00
S31
-20°
00:00
S31
-20°
01:00
S31
-21°
02:00
S31
-22°
03:00
S31
-22°
04:00
S31
-22°
05:00
S31
-22°
Энэ мэдээ хуучирсан буюу 2019/07/18 -нд нийтлэгдсэн мэдээ болно.

Я.Содбаатар: Цаг үеийнхээ нийгмийн сэтгэл зүйд хөтлөгдөж Үндсэн хуульдаа өөрчлөлт оруулж болдоггүй

Ж.Баярсайхан, Үндэсний шуудан
2019 оны 7 сарын 18
Үндэсний шуудан
Гэрэл зургийг Mpa.mn

УИХ-ын гишүүн Я.Содбаатартай ярилцлаа.

-Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн төслийг УИХ хэлэлцэж байна. Дээр нь Ерөнхийлөгч Х.Баттулга өөрийн боловсруулсан хуулийн төслийг сая чуулганд танилцууллаа. Та энэ талаар ямар бодолтой байна вэ?

-Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах асуудлыг УИХ хаврын чуулганаар хэлэлцэж эхэлсэн. Ээлжит чуулганы хугацаанд багтаагүй учраас ээлжит бус чуулган руу дамжуулан хэлэлцэж байна. Энэ Үндсэн хуулийн хэлэлцүүлэгт Ерөнхийлөгч, улс төрийн намууд идэвхийлэн оролцож, саналаа өгч байгаа нь сайшаалтай. Тэгэхээр Үндсэн хууль бол ганцхан парламентын түвшинд төдийгүй парламентад суудалгүй намууд, Монголын бүх иргэнд хамаатай. Тэдний саналыг авч байж хэлэлцэх ёстой зүйл учраас Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн төсөлд Ерөнхийлөгч саналаа албан ёсоор өгч байгаад талархаж байгаа.

-Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах журмын тухай хуулиар бол чуулганаар хэлэлцэгдсэн нэг л төслийг хэлэлцэх ёстой. Тэгэхээр Ерөнхийлөгчийн төслийг хэлэлцэх боломжтой юу?

-Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг хэлэлцэхдээ бид өнөөгийн дагаж мөрдөгдөж байгаа хууль тогтоомжийн хүрээнд бүх хэлэлцүүлгийг өрнүүлж байгаа. Үндсэн хуульд өөрт нь нэмэлт, өөрчлөлт оруулах тухай бүлэг байдаг.

Үүнээс гадна Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах журмын тухай хууль гэж 2010 онд гарсан. Мөн Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах чиглэлээр бид Зөвлөлдөх санал асуулгын тухай хууль, УИХ-ын Дэгийн тухай хууль гээд байж болох бүх хуулийн хүрээнд энэ Үндсэн хуулийн хэлэлцүүлгийг явуулж байгаа. Нэг ёсондоо нэмэлт, өөрчлөлтийн төслийг хуулийн хүрээнд шийдвэрлэх ёстой гэдэг байр суурьтай байна.

Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн журмын тухай хуулийн 11.3.4-т “Чуулганаар урьдчилан тогтсон зөвхөн нэг төслийг хэлэлцэнэ. Өөр өөр үзэл баримтлалуудтай хоёр буюу хэд хэдэн төслийг саналын түвшинд харгалзан үзэж болох ба харин бие даасан байдлаар зэрэгцүүлэн хэлэлцэхийг хориглоно” гэсэн заалт байдаг. УИХ дахь намын бүлэг хуралдаад үүнийг саналын түвшинд харгалзан үзье гэдэг шийдэл ерөнхийдөө гарсан.

Үүний дагуу өнөөдөр (өчигдөр) Ө.Энхтүвшин даргаар ахлуулсан ажлын хэсэг, дэд ажлын хэсгүүд хуралдлаа. Мөн мэргэжлийн эрдэмтэн, судлаачид авах гээхийн ухаанаар хандаж Ерөнхийлөгчийн санал дээр дүгнэлтээ өгсөн байна. Тиймээс Ерөнхийлөгчийн саналд авах гээхийн ухаанаар хандана гэсэн байр суурьтай байгаа.

-Саналын түвшинд харгалзана гэхээр Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтөд тусгагдаад байгаа УИХ, Ерөнхийлөгчийн саналыг зэрэгцүүлж санал хураагаад олонхын дэмжлэг авснаар нь шууд нөхөөд явах юм байна гэж ойлголоо?

-Ерөнхийлөгчийн саналыг Байнгын хороон дээр санал хураалтад оруулаад хуулийн дагуу гуравны хоёрын дэмжлэг авсан саналууд дэмжигдээд хэлэлцүүлэгтээ ороод явчихна гэсэн үг.

-Та нарын санаачилсан Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн төсөл ерөнхийдөө ийм агуулгатай болно гээд зорилтоо тодорхойлчихсон байсан байх. Ерөнхийлөгчийн төсөлд зөрчилдөж байгаа юм бий юу?

-Ерөнхийлөгчийн саналд авах хэд хэдэн сайн зүйл байна.

-Тухайлбал?

-Одоогийн Үндсэн хуульд байгалийн баялагтай холбоотой хэсэг зөвхөн ард түмний мэдэлд байна, төрийн өмч гэсэн томьёолол дотор явж байгаа. Харин Ерөнхийлөгчийн саналд байгалийн баялгийг нийтийн өмч гэж төрийн өмчийг хоёр салгасан ойлголтуудыг гаргаж байгаа нь өөрөө нэлээд ахицтай том өөрчлөлт гэж бодож байгаа. Яагаад гэхээр байгалиас заяагдмал өмч гэж байна шүү дээ.

Гэхдээ байгалиас заяагдмал тэр өмчийг бид заяагдмал төрийн өмч гэж үзэж байсан хэсгийг яг нийтийн өмч болгож тусгайлан зааж өгч байна. Үүсмэл төрийн өмч гэж бий. Энэ бол Төрийн ордон, түүн дотор байгаа сандал ширээ зэрэг төрийн өмчийн харьяалалтай зүйлс байхгүй юу. Тэгэхээр энэ үүсмэл төрийн өмчөөс эцэг дээдсээс уламжилж ирсэн газар, байгалийн баялаг тэр бүгдийг салгаж нийтийн өмч болгож тусгайлан зааж өгч байгаа нь өөрөө нэлээд юмыг тодорхой болгож байгаа юм. Үүнийг аятайхан, зөв заалт орж ирлээ гэж бодож байгаа.

Хоёрдугаарт, намын тодорхойлолтыг нэлээд нарийвчилж оруулж байх шиг байна. Одоогийн Үндсэн хуулийн хүний эрхийн хэсэгт намтай холбоотой заалтууд байсан. Би өөрөө сая нэмэлт, өөрчлөлтийн хоёрдугаар хэлэлцүүлгийн явцад намтай холбоотой заалтыг нарийвчилж зааж өгөөч гэж тодорхой зарчмын зөрүүтэй санал хураалгаж олонхын дэмжлэг авч байсан. Тэгэхээр намын заалтыг нэлээд нарийвчилж оруулж өгч байна.

Гэхдээ санал зөрж байгаа зүйлүүд бий. Ер нь сүүлийн үед нийгэмд улстөржилт ихэссэнийг дагаад ерөөсөө намуудыг татан буулгачихъя, нам хэрэггүй гэсэн үзэл санаа нэлээд түгэн дэлгэрч байсан. Гэтэл одоогоор хүн төрөлхтний төрийг барилцдаг, төлөөллийн ардчиллыг хэрэгжүүлдэг улс төрөө засахад оролцдог арга хэлбэр нь өөрөө улс төрийн нам л даа.

Коммунист, ардчилсан, хаант засаглалтай аль ч оронд улс төрийн намаар л дамжиж явж байгаа. Гэхдээ өнөөдрийн Монголын улс төрийн намууд, сонгодог улс төрийнхөө намын тодорхойлолтод нийцэхгүй болчихоод байна. Илүү улс төр, бизнесийн бүлэглэл байдалтай болж явцуу хүрээнд үйл ажиллагаа явуулдаг болчихсон. Нам гэсэн бүтцээр дамжуулж хувийн болон бүлэглэлийн эрх ашгийг хамгаалдаг хандлагууд нь нийгэмд шүүмжлэл дагуулж байсан.

Тийм учраас улс төрийн намыг ерөнхийд нь тусгайлан томьёолж, намын дотоод ардчилал, ардчилсан зарчимд нийцсэн байх, бодлогоороо уралддаг байх тэр бодлого тодорхойлдог институц байх чиглэл рүү төлөвшүүлэхэд энэ удаагийн Үндсэн хуулийн өөрчлөлтийн нэг гол чиглэл чиглэгдэх байх.

-Ерөнхийлөгчийн төслөөс өөр ямар саналыг нь дэмжиж байна вэ?

-Миний бодлоор парламентын засаглалаа илүү боловсронгуй болгох чиглэл рүү тодорхой саналууд оруулж ирснийг зөв юм байна гэж харж байгаа. Өнөөгийн нийгмийн уур амьсгал 76 гишүүн, парламентыг шүүмжилж байгаа ч гэсэн Үндсэн хуулийн өөрчлөлт бүр наад зах нь 30, 40 жилийн настай байдаг. Тиймээс өнөөдрийнхөө нийгмийн сэтгэлзүйд хөтлөгдөж Үндсэн хуульдаа өөрчлөлт оруулж болдоггүй. Хэрэв тэгвэл урт насгүй хууль болчихно.

Тэгэхээр улс орныхоо өнгөрсөн 30 жилийг дүгнээд, ирэх 30 жилийн өнгийг тодорхойлж өөрчлөлт хийж байгаа үед парламентыг боловсронгуй болгох чиглэл рүү гаргаж байгаа санал гэж хүлээж авсан. Ерөнхийдөө манай улс төрийг судалдаг дотоод, гадаадын судлаач, эрдэмтэд ч хамгийн том засах ёстой зүйлээр нэрлэдэг байлаа. Гэхдээ хуулиар парламент өөртэйгөө холбоотой заалтуудыг хөндөхөд хязгаарлалтууд байдаг. Тэр хязгаарлалтад орчихоод байсан зүйл юм.

Дөрөв дэх гол зүйл бол нийслэл дүүргүүдийг хот гэж нэрлэх гэдэг санал. Өнөөдөр 1.5 сая хүнтэй нийслэл хот 20-оод мянган хүнтэй Говьсүмбэр аймагтай нэг зиндаанд оччихоод байгаа байхгүй юу. Эсвэл 50-60 мянган хүнтэй бусад аймгуудын төвтэй адил зиндаанд байгаа юм. Мөн 300 мянган хүнтэй дүүрэг 3,000 хүнтэй сумтай адил түвшинд байсан л даа. Үндсэн хуульдаа ингээд заагаад өгчихсөн учраас түүнийг дагаж гарах бусад органик хуулиуддаа нэлээд зөрчил үүсгээд байсан.

Хамгийн жижиг дүүрэг л 30-40 мянган хүнтэй, том нь 300 гаруй мянган хүнтэй байна. Тиймээс дүүргүүдээ хот гэж нэрлээд, нийслэлээ хотуудын цогцолбор байдлаар авч үзье гэдэг энэ санааг дэмжиж байгаа. Энэ мэтчилэн Ерөнхийлөгчийн дэвшүүлж байгаа саналаас авах ёстой, хэлэлцүүлгийн явцдаа шигтгээд явчих санал гарч ирсэн.

-Тэгвэл эсэргүүцэж байгаа юм байна уу?

-Би хувь гишүүнийхээ зүгээс авч боломгүй хоёр, гурван санал байна гэж үзэж байгаа. Нэгдүгээрт, Засгийн газрын үйл ажиллагаа руу явуулж байгаа хөтөлбөрөөр нь дамжуулан Үндэсний аюулгүй байдлын зөвлөлөөр дамжиж оролцох гэж байгаа явдал өөрөө нэлээд зөрчил үүсгэнэ. Бид Ерөнхийлөгч, Засгийн газар гэсэн хоёр институцид давхцал их байна гээд энэ удаагийн хуулиар жаахан ялгая гэж байгаа.

Нэг ёсондоо Ерөнхийлөгчийн зарим эрх үүргүүдийг хязгаарлаж байгаа шүү дээ. Гүйцэтгэх эрх мэдэл буюу Ерөнхий сайд нь улсын ажлыг өөрөө толгойлоод, мэдээд явдаг. Түүнээс гарах хариуцлагаа ч өөрөө үүрдэг. Нэг талдаа эрх мэдэлтэй юм шиг атлаа нөгөөтэйгүүр Ерөнхий сайдад асар их хариуцлага ногдуулж байгаа хэрэг. Гэтэл хажуунаас нь Үндэсний аюулгүй байдлын зөвлөлөөр дамжуулаад Ерөнхийлөгчийн институц Засгийн газрын өдөр тутмын үйл ажиллагаанд оролцох хэмжээнд хүртэл томьёолж юм оруулж ирж байгаа нь өөрөө зохисгүй гэж үзэж байгаа.

Хоёрдугаарт, Төрийн нарийн бичгийн даргын томилгоог арван жилээр хийж байгаа мөртлөө эргээд хариуцлагын тогтолцоо, хяналт, тэнцлээ яаж хийх вэ гэдгээ нарийвчилж тусгаж өгөөгүй байна.

-Бас шүүгч нарыг томилох асуудал дээр зөрүү гарчих шиг болсон?

-Өргөн барьсан төслөөс харахад шүүхийн засаглал дээр парламентын зүгээс харж байгаа өнцөг, Ерөнхийлөгчийн институцийн зүгээс харж байгаа өнцөг зөрүүтэй байгаа юм уу даа. Бид бол өнөөдрийн “шударга бусын хонгил” үүсээд байгаа, шүүх засаглалын өнөөгийн болж бүтэхгүй байгаа зүйлүүд өөрөө тогтолцоотойгоо холбоотой байгаа юм биш үү гэж үзсэн.

Ялангуяа шүүгчийг томилдог, чөлөөлдөг, санал болгодог бүх процедур нь нэг институц, ганц Ерөнхийлөгчөөс хамааралтай байгаа нь өөрөө хувь хүний нөлөөлөл ороод байна гэдэг ерөнхий ойлголтоор бид өөрчлөлт хийе гэж төсөл явуулж байгаа. Гэтэл Ерөнхийлөгч бол үгүй ээ, энэ бол тухайн үед алба хашиж байсан хувь хүмүүстэй холбоотой, тогтолцоотой нь холбоогүй юм гэдэг байдлаар хандаж асуудлыг оруулж ирж байна гэж бид харж байгаа. Тэгэхээр энэ бол өөрөө зарчмын нэлээд том зөрүүтэй санал.

Өнөөгийн хуулиар бол Шүүхийн ерөнхий зөвлөлийг Ерөнхийлөгч өөрөө томилчихдог. Тэгээд Ерөнхийлөгч өөрийнхөө томилсон зөвлөлөөр хуульч нар дундаас шүүгч болох хүмүүсийг сонгон шалгаруулаад санал болгуулдаг. Өөрөө эргээд томилдог процедур явж байгаа. Тиймээс бид санал болгож байгаа институцийг нь буюу Шүүхийн ерөнхий зөвлөлийг нь парламент, Засгийн газар, мэргэжлийн холбоодуудын төлөөлөлтэйгөөр байгуулчихъя гэдэг санал гаргаад байсан.

Ерөнхийдөө тэнд байгаа төвлөрсөн мэдлийг задлах гэсэн оролдлогоор шинэ төслөө оруулж ирсэн л дээ. Тэгэхээр парламентын гишүүд, Ерөнхийлөгчийн шүүхийн засаглалын асуудал дээр тавьж байгаа онош зөрүүтэй байгаа юм.

Дараагийн нэг зүйл бол улс төрийн намуудыг Сонгуулийн ерөнхий хороо бүртгэдэг байх санал. Өнөөдөр Сонгуулийн ерөнхий хороо парламентаас байгуулагдаж байгаа. Упстөржилт явагдах ёстой, хамгийн халуун цэг нь парламент. Тэгэхээр парламентаас буюу улс төрийн хамгийн халуун цэг болсон газраас байгуулагдаж байгаа Сонгуулийн ерөнхий хороо өөрөө улс төрийн намуудыг бүртгэдэг, улс төрийн намуудын дотоод үйл ажиллагаанд оролцдог байя гэдэг санал бол хардалт, улстөржилт, магадгүй улс төрийн өөр нөхцөл байдал руу алсдаа явуулчихаж магадгүй харагдаад байгаа юм.

Зарим оронд Сонгуулийн ерөнхий хороо нь улс төрийн намаа бүртгээд, намын дотоод сонгуульд оролцоод явдаг зүйл бий. Гэхдээ өнөөгийн Монголын улс төрийн соёл, төлөвшлийн түвшин арай тийм хэмжээнд хүрээгүй байх гэж үзэж байгаа. Үүн дээр би ийм бодолтой байна.

-Шууд төсөлд байсан заалтуудаас асуугаад явчихъя. Жишээ нь, Ерөнхийлөгчийн өргөн барьсан төслийн 6.2-д “Газрын хэвлийн баялгийг төрөөс олгосон тусгай зөвшөөрлийн үндсэн дээр Монгол Улсын хуулийн этгээдэд энэ зүйлд заасан зарчмын дагуу ашиглуулж болно. Онцгой ач холбогдол бүхий газрын хэвлийн баялгийг төр хамтран ашиглах тохиолдолд гарах зардлыг хөрөнгө оруулагч хариуцах бөгөөд татварын дараах ашгийн 51-ээс доошгүй хувь нь Монгол Улсын төрд ногдоно. Хөрөнгө оруулагчийн зардал бодитой байна” гэхчлэн тодорхойлсон байна. Гэтэл өнөөдрийн байдлаар Рио Тинто, Оюутолгойн хувьцааны ханш дэлхийн зах зээл дээр унаж байна. Ингэж хуульчлаад өгвөл гадны хөрөнгө оруулагч орж ирэхгүй, уул уурхайг үндэсний компаниуд ашиглах юм байна. Ашиглахдаа 50 хувийн татаастай юм байна гэдэг мэдээлэл яваад байгаа. Та ямар бодолтой байна?

-Өнөөдрийн Монгол Улсын органик хуулиар газрын хэвлийн баялаг буюу уул уурхайн төрөөс олгосон тусгай зөвшөөрлийг Монгол Улсын хуулийн этгээд л авч байгаа. Монгол Улсын хуулийн этгээд гэдэг нь Монгол Улсад бүртгүүлсэн хуулийн этгээд гэж үзнэ шүү дээ. Тэгэхээр гадны хөрөнгө оруулагчтай компани ч түүнд орно, "Оюу толгой" компани ч тэнд орно. "Оюу толгой" компани бол Монгол Улсад бүртгэгдсэн хуулийн этгээд шүү дээ. Рио Тинто бол хөрөнгө оруулсан хөрөнгө оруулагч, манай дээр хувь эзэмшиж байгаа болохоос манай хуулийн этгээд биш. Яг түүнтэй адилхан энэ заалтууд явах байх.

Харин стратегийн гэж томьёолоод байгаа онцгой ач холбогдол бүхий газрын хэвлийн баялгийг төр ашиглахдаа яах вэ гэдэг асуудлаар хоёрдугаар хэлэлцүүлгийн явцад гишүүд нэлээд санал гаргасан.

Гишүүд 51-ээс доошгүй хувь нь Монголын төрд байна гэдэг санал гаргаад тэр нь олонхын дэмжлэг аваагүй шүү дээ. Хэлэлцүүлгийн явцад Ерөнхийлөгч дахиж санал гаргаж байгаа учраас хэлэлцэх байх. Ер нь бол бид энэ байгалийн баялгаа ашиглах зарчмаа зөв тунхаглаж, ард иргэд, улс орны хөгжилд үр өгөөжтэй байх чиглэлд энэ удаагийн Үндсэн хуулийн өөрчлөлтийн нэг гол үзэл санаа чиглэгдэж байгаа.

Үүнийг дагаад Монголд бий болоод байгаа баян хоосны ялгаа, энэ хэтэрхий хөрөнгө мөнгө рүү шунасан шунал зүйлүүдийг арилгахад Үндсэн хуулийн өөрчлөлт чиглэгдэж байгаа шүү дээ. Тиймээс байгалийн баялаг тэр тусмаа газрын хэвлийн баялгийг ашиглах асуудлаар УИХ-ын гишүүд хуулийн төсөл өргөхдөө бусад орнуудын жишгээр зарчмуудыг нь л заагаад өгчихье.

Органик хуулиар хэдэн хувьтай байх, гадныхныг яаж оруулах, дотоодын хөрөнгө оруулагчдаа яаж хандах, үндэсний аж ахуйн нэгжүүдээ хэрхэн дэмжих, гаднын хөрөнгө оруулагчтай харилцан ашигтай яаж хамтын ажиллагаа өрнүүлэх юм гэдэг зүйлүүдийг бид тэр органик хуулиудаар зохицуулаад явъя. Яг өнөөдрийн нийгмийн уур амьсгалдаа хөтлөгдөөд хэтэрхий түгжих нь өөрөө Монголын эдийн засагт, олон улсын интеграцчилагдаж байгаа ертөнцөд ч зөв үү гэдэг дээр бол зарим гишүүд эргэлзэж байгаа.

-50 мянга нэгээс доошгүй иргэдийн гарын үсэг, 10 мянгаас дээш гишүүнтэй байж нам байгуулна гэсэн байна. Ингэхээр жижиг намуудад халтай юм биш үү?

-Улс төрийн нам гэж юуг хэлэх вэ гээд олон орон янз бүрийн тодорхойлолт явуулдаг л даа. Зарим нь зөвхөн парламентад суудал авсан намыг улс төрийн нам гэж үздэг. Тэгэхээр улс төрийн намд тавьж байгаа шалгуур жаахан өндөр байх ёстой гэдэгтэй бид санал нэг байгаа. Ерөнхийлөгч сонгогчдын таван хувийн санал авсан нам парламентад суудалтай байя гэж оруулж ирж байна.

Цөөнгүй оронд парламентын босго давах хэмжээг сонгогчдын таван хувиар авдаг. Улс төрийн намын болон сонгуулийн хуульдаа заасан байдаг. Мөн олон улс оронд парламентад суудалтай улс төрийн хүчнийг л улс төрийн нам гэж үзэж түүндээ тодорхой дэмжлэг үзүүлдэг, төрийн бодлогодоо оруулдаг зүйл ажиглагддаг. Манай орны тухайд өнгөрсөн 30 жилийг аваад үзэх юм бол улс төрийн нам гэдэг яг сонгодог утгаасаа нэлээд холдчихсон. Өөрсдийгөө хүртэл жижиг нам гээд нэрлэчихдэг. Жижиг нам гэж байх ёсгүй.

Иргэдийн эвлэлдэн нэгдэх эрх гэж байгаа ч гэртээ нам байгуулаад охиноо залуучуудын холбооны даргаар тавиад, эхнэрээ эмэгтэйчүүдийн холбооны даргаар тавиад юм уу, эсвэл би мөнгөтэй болчихлоо гээд манайд чинь 30 жилд компанийн намууд хүртэл үүслээ шүү дээ.

Манай орны тухайд өнгөрсөн 30 жилийг аваад үзэх юм бол улс төрийн нам гэдэг яг сонгодог утгаасаа нэлээд холдчихсон.

Эсвэл би ерөөсөө сонгуульд уначих гээд байна, нам доторх ардчилал дотоод сонгуулиар уначих гээд байна, ерөөсөө хурлаа хийлгэхгүй гээд арав хорин жилээр хурлаа хийдэггүй улс төрийн намууд бас байж байна. Нэг хүний улс төрийн нам гээд нэг гишүүнчлэлтэй нам байж байдаг. Энэ нь өөрөө эргээд тэр нам гэдэг институцийн нэрийг унагадаг. Тэрийгээ дагаад улс төрөө засах ухааныг булингартуулдаг.

Улс төрийн намуудын үнэт зүйл, ёс зүй, бодлогоороо уралдах, бодлого тодорхойлох, бодлого боловсруулах институц байх ёстой тэр зүйлээсээ халиад явчихсан ийм зүйлийг засах ёстой л доо. Үнэхээр бодол, бодлогоо олон түмэнд ойлгуулж чадвал олон түмний дэмжлэг авна. Харин олон түмний дэмжлэг авахгүйгээр цөөн бүлэг хүмүүс өөрсдийнхөө үзлийг нийгэмд тулгах нь өөрөө ардчиллын зарчимтай ч нийцэхгүй шүү дээ.

-Ерөнхийлөгчийн төслөөс танай намын хамгийн түрүүнд эсэргүүцэх зүйл бол намын үл хөдлөх хөрөнгө байгаа байх?

-Намуудтай холбоотой тэр заалт дотор байгаа Сонгуулийн ерөнхий хороо нь намуудыг бүртгэх, намуудын хөрөнгө мөнгөтэй холбоотой асуудлыг хөндсөн Ерөнхийлөгчийн саналуудтай би хувь гишүүнийхээ хувьд санал нэгдэхгүй байгаа. Эднийг Үндсэн хуулийн хэмжээнд заах зүйл мөн үү, биш үү гэдэгт эргэлзэж байгаа.

Нэг ёсондоо Үндсэн хууль өөрөө хууль гээд нэрлэчихсэн болохоос энэ бол бодлогын, нийгмийн зөвшилцлийн баримт бичиг юм. Энэ утгаараа бол Үндсэн хуулийн түвшинд заах, органик хуулиар зохицуулах гэдэг ялгаа зааг байдаг. Үндсэн хуулийн эрх зүй гээд хууль зүйн ухаан дотроо тусгайлсан шинжлэх ухаан байдаг шүү дээ. Үндсэн хуулийн эрх зүйн хүрээнд авч үзэх юм бол яг органик хуулиар Улс төрийн намуудын тухай хуульд заах ёстой, тэр хүрээнд ярих ёстой асуудлуудыг Үндсэн хуульд оруулж ирж байна гэж би харж байгаа.

Магадгүй ойрын жилүүдэд улс төрийн намуудын хөдлөх, үл хөдлөх хөрөнгөд хязгаарлалт хийхийг үгүйсгэхгүй. Гэхдээ Үндсэн хуульд үүнийг заах нь буруу. Яагаад гэвэл Үндсэн хууль өөрөө олон жилийн настай нийгмийн бодлогын баримт бичиг юм. 

-УИХ тэгвэл 108 гишүүн байх шаардлагатай юу?

-Ерөнхийлөгч энэ саналынхаа үндэслэлүүдийг их тодорхой дэвшүүлж байна лээ. Гэхдээ 1992 онд Ардын Их Хурал хуралдсан протоколыг бас харчих ёстой л доо. Тухайн үед 120 гишүүнтэй байя гэж дэмжигдэж батлагдаад хоёрдугаар хэлэлцүүлэгтээ тэнцсэн байдаг. Тэгээд 20 мянган сонгогчдод нэг мандат байх ёстой юм байна гэж үзээд тэр үеийнхээ сонгогчдынхоо тоог дээрхэд хуваагаад ойролцоогоор 76 гэдэг тоо гарч батлагдсан. Ер нь дэлхийд 100-аас доош гишүүдтэй парламенттай орон бараг байхгүй. Яагаад 100-аас дээш хүн амынхаа тоотой харьцуулж гаргаж ирдэг вэ гэдэг эргээд төр, иргэний харилцаатай холбоотой. Энэ харилцаа бол тухайн нийгмийнхээ тогтвортой байх үндэс болж явдаг.

Тэгэхээр төр нийгмийн харилцааны гүүр болж байгаа, төрд иргэдийг төлөөлж байгаа хүн нь эргээд иргэдэд төрийн бодлогыг ойлгуулах, уулзаж учрах тэр нөхцөл боломжоо харах юм бол манайх шиг том нутаг дэвсгэртэй оронд 20 мянган сонгогчдод нэг гишүүн байвал зохистой гэсэн жишиг судлаачид гаргасан байдаг. Үүгээр бодох юм бол өнөөдөр бид 100 гаруй гишүүдтэй байх нь зохистой.

20 мянган сонгогчдод нэг гишүүн байвал зохистой гэсэн жишиг судлаачид гаргасан байдаг. Үүгээр бодох юм бол өнөөдөр бид 100 гаруй гишүүдтэй байх нь зохистой.

Хоёрдугаарт, байгалийн баялгийн ашиглалттай холбоотойгоор манайд орж ирж байгаа урсгалаа дагаад томоохон мөнгөн дүнтэй төсөл, хөтөлбөрүүд, том хөгжлийн бодлого явах хүрээнд парламент өөрөө дархлаагаа бий болгох үүднээс бас цөөн тоотой байх ёсгүй. Гадаад орнуудад бол парламентын хэмжээнд нөлөөлчихдөг гэж үздэг. Тэр утгаараа парламентынхаа гишүүдийн тоог тодорхой зохистой түвшинд барьж явдаг юм билээ. Бодоод үзье л дээ.

Өнөөдөр 76 гишүүн байгаагийн 39 нь парламентын ирц бүрдүүлээд 20 гишүүн хууль баталчих нөхцөл бий. Тэгэхээр УИХ-ын 76 гишүүний 20 дээр лобби үүсгэх, 20 тойрог дээр аливаа нэг томоохон гадны болон дотоодын бизнесийн бүлэглэлүүд нөлөөллөө тогтоох юм бол эргээд парламент руу орж ирэх нөхцөл бүрдэнэ. Бусад оронд ийм гашуун түүхүүд байдаг.

Чөлөөт ардчилсан сонгуулиараа дамжуулж парламентын засаглалыг хүчгүй болгосон, дарангуйллын тогтолцоог бий болгосон, дэлхийн дайныг өдөөсөн нөхцөлүүдийг ч жишээлж болно.

-Худалдаад авъя гэвэл 76, 108 хоёрт ялгаа байхгүй байх. Хоёрдугаарт, өнөөдрийн парламент хамгийн их шүүмжлүүлж, нэр хүнд муутай байна. Ийм үед УИХ-ын гишүүдийн тоог олшруулах санал олон нийтийн дэмжлэгийг авах уу?

-Үндсэн хуулийг одоо хэлэлцэж байгаа байдлыг харахад ч нийгмийнхээ уур амьсгалд хөтлөгдөх байдал ажиглагдаж байна л даа. Үндсэн хуулийг хэлэлцэхдээ болж өгвөл хувь хүний өөрийн амбиц хүсэл зорилго, тэр үеийн нийгмийн уур амьсгал гэхээс илүү дараагийн 30 жилд Монгол хаашаа явах юм. Дунд болон урт хугацаандаа Монголын хөгжилд аль нь хэрэгтэй юм.

Яг Монголын хөгжлийн гацаа тээг болоод байгаа зүйл юу юм гэдэг дээр төвлөрч хэлэлцэх ёстой. Энэ утгаар би бол парламентын гишүүдийн тоог нэмэгдүүлээд парламентаа илүү боловсронгуй болгоод явах энэ саналыг дэмжиж байгаа. Яах вэ өнөөдрийн нийгмийн уур амьсгалд хөтлөгдөөд өнөөгийн парламентын нэр хүндтэй холбоотойгоор үүн рүү шүүмжилж дайраад батлагдахгүй байлаа ч гэсэн дараагийн удаа батлагдана. Хүссэн хүсээгүй нэмэгдэнэ. Өнөөдөр хийж чадахгүй байлаа ч хожим хийгдэнэ.

Яагаад гэхээр энэ өөрөө улсын хөгжил, хүн амын өсөлттэй холбоотой. Төлөөллийн ардчиллын нэг зарчим бол аль болох олон хүний оролцоотой байх ёстой. Би Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн төслийн ажлын хэсэгт анх 2016 оны арванхоёрдугаар сард орж ирэхээсээ эхлээд, өнгөрсөн парламентад ч ийм хуулийн ажлын хэсэгт ажиллахдаа хатуу нэг зарчмыг барьсан. Тэр бол хоёр танхимтай парламенттай байх ёстой гэдэг юм.

Харамсалтай нь, Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн түвшинд хоёр танхимтай парламентын асуудлыг ярьж болохгүй, хориглочихсон. Тиймээс энэ удаа шинэ Үндсэн хууль ярихгүй байгаа учраас хоёр танхимтай парламентын асуудлыг хөндөж болохгүй гээд миний санал уначихаад байгаа. Гэхдээ би анхдугаар хэлэлцүүлэг дээр “Дараагийн шинэ Үндсэн хууль дээр Монгол Улс хоёр танхимтай парламент руу явна. Ингэж байж Монгол Улсын аюулгүй байдал, олон асуудлын түгжээ бүрэн утгаараа тайлагдана” гэж үгээ хэлсэн.

Энэ юу гэхээр төлөөллийн ардчилал өөрөө олон байх тусмаа, тэр хэлэлцэж байгаа асуудалд олон хүн оролцох хэрээрээ зөв гэсэн санаа. Үүнээс харвал 108 магадгүй 200, 300 болж байж иргэдийн дуу хоолой илүү орж ирэх юм. Тэгж байж төлөөллийн зарчим бүрэн хангагдах нөхцөл байдал үүснэ.

Мэдээж үүн дээр нийгмийн шүүмжлэл ирнэ л дээ. Ер нь аль ч орны парламент шүүмжлэгддэг. Энэ удаагийн парламентыг аваад үзэх юм бол ирцийн хувьд, гаргаж байгаа хууль тогтоомж олон зүйлээр өмнөх УИХ-уудаас хамаагүй ахицтай байгаа. Гэхдээ энэ парламентын өнгөн дээр нийгмийн сошиал сүлжээний нээлттэй ил тод байдал илүү нэмэгдсэн байгаа учраас иргэдийн шүүмжлэл их байгаа юм. Хэрвээ яг өнөөдрийнх шиг сошиал нийгмийн сүлжээнүүд байдаг, ийм ил тод байдал байдаг байсан бол өмнөх парламент үүнээс илүү шүүмжлэгдэнэ.

-За тийм байдаг байж. Харин УИХ-ын бүрэн эрхийн хугацааг таван жил болгох тухайд?

-Дэлхийн парламентын засаглалтай орнуудын жишиг өөрөө таван жил рүү явж байна л даа. Би өмнөх парламентын үед парламент хоорондын туршлага судлаад Францад очиж байсан. Тэгэхэд францын судлаачид “Сүүлийн 100 гаруй жилийн дотор дэлхийн орнууд парламентын хугацааг 3-8 жил хүртэл тавьж үзэж байна. Аль нь бодлого тодорхойлох, хэрэгжүүлэх, үр дүн гаргахад хамгийн зохистой вэ гээд. Тэгээд хамгийн зохистой хугацаа нь таван жил байдаг юм байна” гэж ярьж байсан.

Хоёрдугаарт, Үндсэн хуулийг манайхан 1992 онд хэлэлцэхэд Б.Чимид гуайн анхны төсөл дээр зургаан жил гэж оруулж ирсэн байдаг. Гурав гурван жилээр талд нь ротаци хийнэ гээд. Хэлэлцүүлгийн явцад ярьж байгаад арай урт юм байна гэж үзээд бусад орны жишгээр дөрвөн жилийг авч түүхэн сонголт хийсэн. Өнөөдөр таван жил болгох гээд байгаа шалтгааныг хувь хүнийхээ зүгээс хоёр зүйлээр зөвтгөж байгаа.

Эхнийх нь манайхыг тойроод байж байгаа орнуудын хөгжлийн чиг хандлага нь өөрөө таван жилээр явж байна. ОХУ, Хятад, Казахстан таван жилээр төлөвлөж байна. Тэгэхээр бид бүс нутгийн интеграцид нэгдэхэд төлөвлөгөөгөө таван жилээр уялдуулах нь зөв юм гэж харж байгаа. Хоёрдугаарт, НҮБ-аас сүүлийн үед гаргаж байгаа хөгжлийн олон улсын зорилтуудын дүгнэлт нь таван жилээр явж байгаа. Тийм учраас бид энэ чиг хандлагаа бариад таван жилээр явж болно.

Бид одоо өөрсдийнхөө жилийг тав болгох гээд байгаа юм биш шүү дээ. Дараагийн парламент түүний дараагийнх нь гээд хэрэгжих хугацааг ярьж байгаа юм. Энэ 76 баталж өгөөд болоо, дараагийн сонгогдох хүмүүсийн асуудал. Хэн сонгогдохыг ард иргэд л мэднэ. Тэгэхээр гадаа байгаа нөхдүүд тав болчихлоо гэж орилох, бид ч баярлаад байх юм байхгүй.

-УИХ-ын боловсруулсан Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн төсөл Үндсэн хуулийн 27 орчим хувийг хамарч байгаа. Ерөнхийлөгчийн төсөл 28.5 хувийг хамарна. Хэрэв хуулийн 35-аас дээш хувьд өөрчлөлт орвол нэмэлт, өөрчлөлт биш шинэчилсэн найруулга болно. Иймээс эднийг нэгтгэж шингээхийн тулд магадгүй УИХ-ын боловсруулсан төслийн зарим заалтууд хасагдах байх?

-Ерөнхийлөгчийн санал дотор УИХ-ын гишүүдийн өргөн бариад хөндөөгүй зүйлтэй холбоотой заалт ерөөсөө хоёрхон байна лээ. Бусад нь бидний хөндчихсөн заалт. Парламенттай холбоотой заалтыг л бид хөндөөгүй болохоос тэр орон нутаг, шүүх, байгалийн баялаг, нутгийн удирдлагатай холбоотой заалтыг бид оруулсан. Намтай холбоотой байдаггүй заалтыг хүртэл бид хөндөөд оруулчихсан шүү дээ. Тиймээс найруулгаа жигдлээд явбал 35 хувь дотроо баригдана гэж харж байгаа.

-Ард нийтийн санал асуулгын тухай хуульд Үндсэн хуулийн асуудлаар санал асуулга явуулж болно гэсэн заалт бий. Үүнийг хийх үү?

-Энэ удаагийн нэмэлт, өөрчлөлтийг ард нийтийн асуулга хийгээд баталгаажуулчих нь зөв гэж бодож байгаа. Гэхдээ хоёр хүндрэл бий. Эхнийх нь ард нийтийн санал асуулгыг Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн түвшинд хийдэг жишиг тогтчихвол дараагийн удаа бид Үндсэн хуулийн нэг үг, өгүүлбэр солихдоо ч санал асуулга хийдэг болчих вий. Уг нь бид ард нийтийн санал асуулга биш ард нийтийн хэлэлцүүлэг, зөвлөлдөх санал асуулга хийж нэмэлт, өөрчлөлт хийдэг жишигтэй.

Шинэ Үндсэн хуулиа бол ард нийтийн санал асуулга хийж баталдаг байвал алсын хандлага нь зөв болно. Мөн ард нийтийн санал асуулгыг хийлээ гэхэд хөрөнгө мөнгөний хувьд бараг ойрхон хоёр сонгууль шиг юм болчих гээд байгаа юм. Дараа жил УИХ-ын сонгууль болно. Ард нийтийн санал асуулга явуулбал одоогийн байдлаар 15 тэрбум төгрөг гарах юм шиг байгаа юм. Цаг хугацааны хувьд аравдугаар сараас хойш ирэх оныхоо төсвийг хэлэлцэх ёстой. Тэгээд зуны улиралд хийвэл иргэдийн оролцоо ямар байх гээд бодох ёстой зүйл нэлээд байна.

Ард нийтийн санал асуулгаар баталгаажуулаад авбал эрх барьж байгаа намын хувьд дараа нь хэн нэгэнтэй маргахгүй байхад нь хэрэгтэй. Бид ерөнхийдөө 2.6 жилийн хугацаанд зөвлөлдөх санал асуулга, уулзалт, хэлэлцүүлэг гээд ард түмнээр хэлэлцүүлж янз бүрийн арга хэмжээ зохион байгууллаа. Сая бид анхны хэлэлцүүлгийн дараа хоёрдугаар хэлэлцүүлгийн өмнө 21 аймаг, есөн дүүргээр явж уулзалт хийсэн. Тэгэхэд иргэд дэмжих нь маш ойлгомжтой байгаа байхгүй юу. Энэ хандлага сэтгэлзүй байгааг мэдэж байгаа учраас баталгаажуулаад авчихвал улс төрийн намын нүдээр харвал ашигтай, хэрэгтэй.

Улс орны өнцгөөр харахад санал асуулга хийснээр буруу жишиг тогтоно гэдгийг бодох ёстой. Холбогдох хуулиудад зааснаар хоёрдугаар хэлэлцүүлгийн дараа ард нийтийн санал асуулга явуулах эсэхийг шийдвэрлэх учиртай. Тэгэхээр УИХ-ын гишүүд олонхоороо яаж шийдэгдэхээс хамаарна.

-Ерөнхийлөгч төслийн танилцуулгадаа УИХ Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг баталбал түүхэн үүргээ гүйцэтгэсэн гэж үзээд өөрөө тарах шаардлагатай гэж байна лээ. Үүнтэй санал нийлэх үү?

-Монгол Улсад одоо 600 гаруй хууль мөрдөгдөж байна. Үндсэн хууль баталсны дараа Сонгуулийн тухай хууль, Улс төрийн намын тухай хууль гээд энэ нэмэлт, өөрчлөлтийг дагаад 30-аад хуулийг нэн яаралтай өөрчлөх ёстой. Тэгэхээр энэ хуулийн өөрчлөлтүүдийг хийж, батлаад парламент үйл ажиллагаагаа тараад дараагийн сонгуулиа зарлах нь ээлжит сонгуулийн хугацаатай давхцах нь уу, хугацааны хувьд наана хийж чадах нь уу гэдгийг одоо бид тооцоолж чадахгүй байна.

Яагаад гэхээр Үндсэн хуулиа хэзээ батлах нь тодорхойгүй байна шүү дээ. Үндсэн хуулийн хэлэлцүүлэг өөрөө урт хугацаатай, бас нэлээд процедуртай, нарийн хуультай. Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг хийхээр ээлжит бус чуулганыг есдүгээр сарын 1-н хүртэл зарлачихсан.

Энэ хугацаандаа Үндсэн хуулиа баталж чадвал үргэлжлүүлээд Сонгуулийн тухай хууль, Улс төрийн намын тухай хууль гээд 30-аад хуульдаа өөрчлөлт оруулаад төсвөө батлаад сонгуулиа хийнэ гэхээр ээлжит сонгуулиас наана хийх боломж байдаг бол сайн. Гэхдээ тийм хугацаа гарах нь уу, үгүй юу.

-Хэрвээ тэр Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг дагаж өөрчлөгдөх 30-аад хуулиа баталчихвал УИХ-ын хугацаа автоматаар дуусах юм уу?

-Тийм зүйл бол байхгүй. Гэхдээ тарвал тарж болно. Өнөөдрийн Үндсэн хуулийн хэмжээнд парламент өөрөө тарах эрх бол байгаа шүү дээ. Гэхдээ түүнийгээ ашиглах эсэх асуудал байна. Цаг хугацаа, улс төрийн шийдлийн хувьд, улс орны цаашдын хөгжлийн хувьд хэрэгтэй юу гэдгийг ярилцаж байж л болох байх.

x