Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/07/17-НД НИЙТЛЭГДСЭН

"Наадмын үеэр ноцтой гэмт хэрэг гараагүй ч хүүхэд усанд осолдох тохиолдол нэмэгдэх хандлагатай байна"

Г.Номин, iKon.mn
2019 оны 7 сарын 17
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn
00:00 00:00
"Наадмын үеэр ноцтой гэмт хэрэг гараагүй ч хүүхэд усанд осолдох тохиолдол нэмэгдэх хандлагатай байна"
Sara, ikon.mn - text to speech

Улсын баяр наадмын үеэр буюу долоодугаар сарын 9-15-ны өдрүүдэд цагдаагийн байгууллага өндөржүүлсэн бэлэн байдлын хоёрдугаар зэрэгт шилжин ажилласан. Энэ хугацаанд гарсан гэмт хэрэг, зөрчлүүдийн талаар цагдаагийн байгууллагаас өнөөдөр мэдээлэл өглөө.

ЦЕГ-ын Хэвлэл мэдээллийн төвийн дарга Б.Баатархүү "Баяр наадмын өдрүүдэд Төв цэнгэлдэх хүрээлэн болон Хүй долоон худаг орчимд 99 хүүхэд төөрснийг цагдаагийн алба хаагчид олж, эцэг эх асран хамгаалагчид нь хүлээлгэн өгсөн.

Төв цэнгэлдэх хүрээлэн орчимд халаасны хулгайч байж болзошгүй этгээдийн царайг таньж илрүүлэх 89 хяналтын камерыг байршуулсны үр дүнд халаасны хулгайн гэмт хэрэг буурлаа.

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 400 хүнийг саатуулж, гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн 42 иргэнийг баривчилсан. Мөн 54 гэмт хэргийг халуун мөрөөр нь шуурхай илрүүлж ажилласан.

Наадмын үеэр буюу долоодугаар сарын 9-13-ны өдрүүдэд "Торгоны зам" олон улсын уралдаан Монгол Улсын нутаг дэвсгэрээр дайран өнгөрсөн учраас цагдаагийн байгууллага нэлээд ачаалалтай ажиллалаа. Хэд хэдэн аймгийг дамжин бартаат замд уралдаан үргэлжилсэн учраас оролцож буй гадаадын тамирчид, зам дагуу оршин сууж буй иргэд болон малын аюулгүй байдлыг хангах чиглэлд анхаарч ажилласан.

Наадмын үеэр ноцтой гэмт хэрэг гараагүй, сайхан наадсан ч зуны амралт үргэлжилж байгаа энэ үед иргэд тэр дундаа хүүхэд усанд осолдох тохиолдол нэмэгдэх хандлагатай байна" хэмээв.

Тиймээс иргэддээ аль болох гол, уснаас хол амрах, усны ойролцоо согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэхгүй байх, бага насны хүүхдээ хараа хяналтгүй гол руу явуулахгүй байхыг анхаарууллаа.