Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/07/16-НД НИЙТЛЭГДСЭН

Харь гарагийнхны нууцад нэвтрэхээр төлөвлөж буй хүмүүст АНУ-ын засаг захиргаа анхааруулга өгөв

Э.Сэмүүн, ikon.mn
2019 оны 7 сарын 16
iKon.MN
Зураг зураг

АНУ-ын Невада мужийн цөлд “Area 51” нэртэй агаарын цэргийн бааз байдаг бөгөөд энд харь гарагийнхантай холбоотой нууц материалууд хадгалагддаг гэсэн яриа олон жилийн турш яригдаж байгаа юм.

Хуйвалдааны онолд итгэгчид уг байгууламжид харь гарагийн хүний цогцос хадгалагдаж байгаа гэж үздэг.

Тэгвэл энэхүү онолд итгэгчид ирэх есдүгээр сард “Area 51”-д хүчээр нэвтрэн орж, АНУ-ын армийн цуглуулсан материалуудтай танилцах зорилготой ивэнтийг Фэйсбүүк сүлжээнд үүсгэж, үүнд нь сая гаруй хүн нэгдээд байна.

Эхэндээ хошигнол гэж ойлгогдож байсан ч сүүлдээ оролцох хүмүүсийн тоо эрчимтэй нэмэгдэж, эрх баригчдын анхаарлыг татах болжээ. Тиймээс Пентагоны хэвлэлийн төлөөлөгч саяхан Вашингтон Пост сонинд ярихдаа “Area 51” байгууламжид нэвтрэхээр төлөвлөж байгаа хүмүүст анхааруулга өгсөн байна.

“Энэ бол АНУ-ын агаарын хүчний нээлттэй сургалтын талбар бөгөөд нэвтрэх гэсэн хэнийг ч бид хориглох болно. АНУ-ын агаарын хүчин Америк орныг, түүний өмч хөрөнгийг хамгаалахад үргэлж бэлэн” хэмээн мэдэгджээ.

Пентагон харь гарагийнхны талаар судалгаа явуулж байгаагаа үргэлж нууж, албан ёсоор мэдээлэл өгдөггүй. Гэхдээ өнгөрсөн хугацаанд Вашингтоны засаг захиргаа үл таних нисдэг биетийн судалгаанд $22 саяын хөрөнгө зарцуулсан тухай мэдээлэл саяхан ил болсон юм. Бас өнгөрсөн сард АНУ-ын хэсэг сенатор үл таних нисдэг биетүүдтэй тулгарсан тохиолдлуудын талаар армийнхнаас мэдээлэл сонссон байна.

 

Эх сурвалж: CNN