Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/07/16-НД НИЙТЛЭГДСЭН

Британийн 50 фунтийн шинэ дэвсгэрт дээр нэрт математикчийн хөргийг хэвлэхээр болжээ

Р.Төмөр, ikon.mn
2019 оны 7 сарын 16
iKon.MN
Зураг зураг

2021 оны сүүлээр гүйлгээнд гарах 50 фунтийн шинэ дэвсгэрт дээр нэрт математикч Алан Тюрингийн хөргийг залахаар болсноо Британийн төв банк өчигдөр зарлажээ.

“Компьютерын шинжлэх ухаан болон хиймэл оюуны эцэг, дайны баатар Алан Тюрингийн байгуулсан гавьяаг үнэлж баршгүй билээ” хэмээн “Bank of England”-ийн захирал Марк Кэрни мэдэгдэлдээ онцолсон байна.

Тюринг нь дэлхийн хоёрдугаар дайны үед Нацистуудын холбоо харилцааг замаас нь тайлж унших аргыг боловсруулсан юм. Үүний үр дүнд олон мянган хүний амь аврагдаж, дайны төгсгөлийг ойртуулсан гэдэг.

Энэхүү түүхэн үйл явдлыг харуулсан “The Imitation Game” киног 2014 онд бүтээхэд нэрт математикчийн дүрд жүжигчин Бенедикт Камбербэтч тоглож байв.

Тюрингийг бас компьютерын хөгжилд чухал хувь нэмэр оруулсан, хиймэл оюуны тухай анхны ойлголтыг бий болгосон хүн гэж үздэг.

Алан Тюринг нь ижил хүйстэн байсан бөгөөд үүнийхээ төлөө тухайн үеийн хуулиар шийтгэл хүлээж байжээ. Тэрээр хорих ялын оронд химийн аргаар хөнгөлүүлэх шийтгэлийг сонгосноосоо хойш хоёр жилийн дараа 1954 онд 41 насандаа амиа хорлосон байна. Тюринг цианид шингээсэн алим идэж амиа егүүтгэжээ.

Эрэгтэй хүмүүсийн хоорондын бэлгийн харилцааг 1967 оноос хойш Англи, Уэльсд гэмт хэрэгт тооцохоо больсон юм. Харин Шотландад 1980 он, Умард Ирландад 1982 оныг хүртэл гэмт хэрэг гэж үздэг байжээ.

Тюрингийг цагаатгах хөдөлгөөн иргэдийн дунд өрнөсний дараа 2009 онд тухайн үеийн Британий ерөнхий сайд Гордон Браун нэрт математикчийг шийтгэсэн явдалд уучлал гуйсан юм. Улмаар 2014 онд Британий хатан хаан Алан Тюрингийг өршөөж байжээ.

50 фунтийн дэвсгэрт дээр хөрөг хэвлэх шалгаруулалтад нэрт физикч Стивен Хокинг, математикч эмэгтэй Ада Лавлэйс нар Тюрингтэй өрсөлдсөн байна.

 

Эх сурвалж: CNN