Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/07/15-НД НИЙТЛЭГДСЭН

Туркменистан улс сүйрлийн ирмэгт байгааг судалгааны байгууллага анхааруулжээ

Р.Төмөр, ikon.mn
2019 оны 7 сарын 15
iKon.MN
Зураг зураг

Байгалийн хийгээр баян Туркменистан улстай харилцах харилцаандаа болгоомжтой хандахыг гадаадын хөрөнгө оруулагчид, улс орнуудын засгийн газруудад нэр хүндтэй судалгааны байгууллага анхааруулжээ.

Өөрөөр хэлвэл энэ улсад хөрөнгө оруулах, хамтарч ажиллах шийдвэрийг гаргахаасаа өмнө дахин сайн бодох хэрэгтэйг сануулсан байна.

Британий Foreign Policy Centre байгууллагын тайланд өгүүлснээр гадаад ертөнцөөс таслагдсан байдлаараа зөвхөн Умард Солонгосын дараа орох Туркменистан улсад өлсгөлөн, хэт инфляц нүүрлэж, хүний эрхийг хөсөрдүүлэх явдал аюултай түвшинд хүрснийг анхааруулсан байна.

Энэхүү тайланг Даваа гарагт Британий парламентад танилцуулах ажээ.

Дэлхийн байгалийн хийн нийт батлагдсан нөөцийн 10 орчим хувийг эзэмшдэг Туркменистан улстай өрнөдийн орнууд зөвхөн эдийн засгийн үр өгөөжийн төлөө түншлэх болоод байгааг тайланд шүүмжлэн өгүүлсэн байна.

Жишээ нь Европын Холбооны гадаад бодлогын тэргүүн Федерика Могерини өнгөрсөн долоо хоногт Ашгабатад айлчлахдаа энэ улсад дипломат төлөөлөгчийн газар нээхээр болсныг мэдэгдсэн ч хүний эрхийн нөхцөл байдлын талаар ганц ч үг хэлээгүй юм.

Дэлхийн зах зээлд байгалийн хийн үнэ ханш унаж байгаа нь Туркменистан улсын эдийн засгийг доройтуулж, хоол хүнсний хангамжийг улам муутгаж байгааг ажиглагчид мэдээлж байгаа.

Гэсэн хэдий ч ерөнхийлөгч Гурбангулы Бердымухамедов үр ашиггүй төслүүдэд их хэмжээний хөрөнгө зарцуулж, өөрийгөө тойрон хүрээлэгчдийн үнэнч байдлыг бэхжүүлэхэд мөнгө цацсаар байна.

Тэрээр 2015 онд өөрийн морь унасан хөшөөг алтаар босгуулсан бөгөөд зэвсгийн эрдэм, урлагийн авьяас чадвараа телевизээр байнга харуулж, өөрийгөө тахин шүтүүлэх үзлийг хөөргөдөн дэмжих болсон.

Туркменистанд хараат бус хэвлэл мэдээллийн хэрэгслийг хориглож, интернэт сүлжээг хатуу хянадаг. Төрийн өмчит үүрэн холбооны ганцхан оператор ажилладаг нь олон тооны мэдээллийн эх сурвалжуудын хандалтыг хаасан байдаг ажээ.

Тиймээс энэ улсад иргэдийн тэмцэл дороосоо гарах бараг боломжгүй, зөвхөн Бердымухамедовын тойрон хүрээлэгчдийн дунд эрх мэдэл, баялгийн хуваарилалтын зөрчил үүссэнээс “ордны эргэлт” гарах боломжтой гэж судлаачид дүгнэдэг байна.

 

Эх сурвалж: The Guardian