Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/07/14-НД НИЙТЛЭГДСЭН

Путиний тухай баримтат киног үзүүлэх гэж байсан Украины телевизийн байранд гар бөмбөг дэлбэлжээ

Р.Төмөр, ikon.mn
2019 оны 7 сарын 14
iKon.MN
Зураг зураг

ОХУ-ын ерөнхийлөгчийн оролцсон баримтат киног олон нийтэд үзүүлэх төлөвлөгөөгөө саяхан зарласан Украины телевизийн сувгийн байр руу өчигдөр үл мэдэгдэх этгээдүүд гар бөмбөг харван дэлбэлжээ.

Дэлбэрэлт “112 Украин” сувгийн байрны гадна ханан дахь бэлгэдлийг нь гэмтээснээс өөр хохирол учруулаагүй байна.

Ойролцоо газраас гар бөмбөг харвагч зэвсэг олдсон бөгөөд уг халдлагыг Украины эрх баригчид терроризм ангилалд оруулан шалгаж эхэлжээ.

Одоо цагдаа нар Киев хот даяар хяналтаа чангатгаж, халдлага үйлдсэн этгээдийг эрэн сурвалжилж байгаа гэнэ.

Теле сувгийн гүйцэтгэх захирал Егор Бенкендорф гаргасан мэдэгдэлдээ Украины ерөнхийлөгч Володимир Зеленскийд хандан гэм буруутныг олж шийтгэх, хэвлэлийн эрх чөлөөг хамгаалахыг уриалжээ.

“112 Украин” сувгийг Оросын талыг баримтлагч, парламентын гишүүн Тарас Козак эзэмшдэг. Тус суваг АНУ-ын найруулагч Оливер Стоуны бүтээсэн “Revealing Ukraine” баримтат киног олон нийтэд үзүүлэх гэж байгаагаа энэ долоо хоногт зарласан юм.

Үүний дараа Пүрэв гарагт Украины ерөнхий прокурор Юрий Луценко баримтат киног “Оросын суртал нэвтрүүлэг” гэж нэрлээд нийтэд үзүүлэх ажиллагаанд оролцсон хүн бүрийг дуудаж байцаах тухай анхааруулж байжээ. Уг баримтат кинонд ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путиний ярилцлага, мөн Оросын талыг баримтлагч, Украины улс төрч Виктор Медведчуктай хийсэн ярилцлага гардаг ажээ.

Халдлагын дараа дарамт шахалт, халдлагаас болгоомжилсон “112 Украин” суваг баримтат киног үзүүлэх төлөвлөгөөгөө цуцалсан байна.

2014 оноос хойш Украины арми тус улсын дорнод бүс нутагт Оросын талыг баримтлагч салан тусгаарлагчидтай дайтаж байгаа юм.

 

Эх сурвалж: AFP