Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/07/09-НД НИЙТЛЭГДСЭН

Ч.Улаан: Бог, бод малын мэдээллийг бүртгэлжүүлэх системийг нэвтрүүлэхээр болж байна

Б.Даваабазар, iKon.mn
2019 оны 7 сарын 9
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA.mn

“Малыг ялган тэмдэглэх, бүртгэлжүүлэх төсөл” болон “Мэдээллийн технологийн шинэлэг шийдлээр хөдөө аж ахуйн өртгийн үр ашиг, мөрдөн мөшгих тогтолцоог сайжруулах төсөл”-ийн баримт бичигт гарын үсэг зурах ажиллагаа өнөөдөр боллоо.

Төслүүдийг ХХААХҮЯ, НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллага хамтран хэрэгжүүлж байгаа юм.  

Төслүүдийг хэрэгжүүлснээр Монгол Улсын хөдөө аж ахуйн салбарын үр ашиг, өрсөлдөх чадварыг дээшлүүлэх, малын эрүүл мэндийн хяналтыг сайжруулах, экспортын чиг баримжаатай болгон хөгжүүлэх, хүнсний аюулгүй байдлын хяналтыг сайжруулах, хүн амыг эрүүл хүнсээр хангах зорилготой гэдгийг төсөл хэрэгжүүлэгч талууд онцоллоо.

Туршилтыг Өвөрхангай аймгийн дөрвөн суманд хэрэгжүүлэхээр тогтоод байна
 
Гэрэл зургийг MPA.mn

““Малыг ялган тэмдэглэх, бүртгэлжүүлэх төсөл”-ийн хүрээнд бог болон бод малын гарал үүсэл, шилжилт хөдөлгөөн, үржил селекци, эрүүл мэндийн мэдээллийг бүртгэх, хянах үндэсний хэмжээний мэдээллийн системийг хөгжүүлж нэвтрүүлнэ.

Харин “Мэдээллийн технологийн шинэлэг шийдлээр хөдөө аж ахуйн өртгийн үр ашиг, мөрдөн мөшгих тогтолцоог сайжруулах төсөл”-ийн хүрээнд хөдөө аж ахуйн гаралтай бүтээгдэхүүний гарал үүслийг тодорхойлох, мөрдөн мөшгих тогтолцоог блокчэйн технологиор дамжуулан бүртгэх, хянах боломжийг судална.

Төслүүдийг туршилтын журмаар эхэлж байгаа ба жил орчим хугацаанд үргэлжилнэ. Ингэхдээ Өвөрхангай аймгийн дөрвөн суманд хэрэгжүүлэхээр тогтоод байна” гэж ХХААХҮ-ийн сайд Ч.Улаан хэлэв.

ХХААХҮЯ-ны хувьд салбартаа блокчэйн технологийг нэвтрүүлэхээр шийдвэрлэж, олон улсын байгууллагатай хамтран төсөл хэрэгжүүлж буй анхны тохиолдол болж байна.

Блокчэйн технологийг нэвтрүүлснээр бүтээгдэхүүнүүд олон улсын зах зээлд бүрэн хүлээн зөвшөөрөгдөх боломж бүрдэнэ
 
Гэрэл зургийг MPA.mn

НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллагын суурин төлөөлөгч Винод Ахужа “Блокчэйн технологийг туршиж, нэвтрүүлснээр хөдөө аж ахуйн бүтээгдэхүүний гарал үүслийг тодорхой болох, хямд өртгөөр, найдвартай болгож баталгаажуулах, улмаар олон улсын зах зээлд бүрэн хүлээн зөвшөөрөгдөх боломж бүрдэнэ гэж үзэж байна.

Өөрөөр хэлбэл, блокчэйнд нэг оруулсан мэдээллийг өөрчлөх боломжгүй байдаг тул нэмүү өртөг шингэсэн сүлжээг сайжруулахад хэрэгтэй. Мөн хэрэглэгчдийн итгэл үнэмшлийг ч ихээр төрүүлж, экспортод гаргах бүтээгдэхүүнд  маш том дэмжлэг болно” гэв.

Эдгээр төсөл нь буцалтгүй тусламжийн техник туслалцааны төсөл билээ.