Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/07/09-НД НИЙТЛЭГДСЭН

Д.Төмөрхүлэг: Аавынхаа захиасыг биелүүлэх тэр мөч удахгүй гэдэгт итгэлтэй байна

СУРТАЛЧИЛГАА
2019 оны 7 сарын 9
Сурталчилгаа
Зураг зураг

Бөх хүн гэдэг Монголчуудын хувьд хамгийн хүндтэй хүнд тооцогддог. Тиймдээ ч ард түмнийхээ хайран дунд бөхийн спортоор хичээллэнэ гэдэг нэг талаасаа маш том хариуцлага байдаг. Түүний аав Ч.Даваадорж бол үндэсний бөхийн харцага цолтой, маш уран барилдаантай бөх байсан гэдэг. Харин Д.Төмөрхүлэгийн хувьд  ч гэсэн жүдогийн төрөлдөө маш хөдөлгөөнтэй, уран мэхтэй нэгэн. Тамирчны хувьд залуугаасаа тив дэлхийн тэмцээнд оролцож эхэлсэн учраас л спортын уналт, босолтыг бие сэтгэл, оюун бодлоороо мэдэрч явна. Тэнгэрт байгаа аавынхаа захиасыг биелүүлж спортынхоо ноён оргилд хүрэхийн төлөө тэмцэж байгаа түүнтэй ийн ярилцлаа.

 

-Д.Төмөрхүлэгийн аав Монгол Улсын харцага Ч.Даваадорж гэж хүн байсан болохоор бага наснаасаа л бөхийн орчинд өссөн байх. Тэгэхээр бага насны тухай дурсамжаас яриагаа эхлэх үү?

-Тэгэлгүй яахав. Миний бага нас бол бөхийн спорттой салшгүй холбоотой. Дөрвөн настайгаасаа л жанжин малгай өмсөөд л аавыгаа дагаад наадмын бэлтгэлд Сүүж уулын амралтад байнга гардаг байлаа. Том ах нар намайг “Борхүү” гэдгээр минь анддаггүй. Би тэнд очоод том бөхчүүдийн далбаа шуудгийг хурааж, зөөдөг хүүхэд байлаа. Тэгээд багаасаа л өөрөө өөртэйгээ барилдаж, дэвээд л бэлтгэл хийдэг ааваасаа ер салдаггүй аавын л хүүхэд байв.

-Аав нь бол үндэсний бөхийн харцага цолтой, уран барилдаанч хүн байлаа. Харин хүү Д.Төмөрхүлгийнх нь хувьд жүдогийн спортыг сонгож тив, дэлхийд улсынхаа нэрийг өндөрт өргөж байна. Хэрхэн жүдогийн спортыг сонгох болов?

-Харин тийм. Аав маань намайг 2002 онд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын харьяа “Сүлд” спорт хорооны гавьяат дасгалжуулагч Ц.Шийрэв багшийн удирдлага дор жүдо, самбо бөхийн секцэнд оруулж байв. Тухайн үед аав минь Ц.Шийрэв багштай их дотно найзууд байсан. Тэгээд удалгүй Дархан хотод болсон орон нутгийн чанартай тэмцээнд 27 кг-ийн жинд барилдаж анхны медалаа хүртэж байв. Би тэр тэмцээнд мөнгөн медалийн болзол хангаж, тамирчны гараагаа эхэлж байлаа. Тухайн үед 24 кг жинтэй, гэтэл хамгийн бага жин нь 27 кг байсан санагдана. Харин одоо энэ спортынхоо оргилд хүрэхийн төлөө тэмүүлж байна даа.

 

-Тун удалгүй улсын аваргад хүч үзэж, цаашлаад тив дэлхийн чанартай тэмцээнд эх орныхоо нэрийн өмнөөс дэвжээн дээр гардаг болсон. Тамирчин хүний хувьд эх орныхоо нэрийн өмнөөс дэвжээн дээр гарах шиг сайхан зүйл үгүй байх ?

-Анх 2006 онд БНСУ-д болсон залуучуудын Олон улсын тэмцээнд барилдаж алтан медаль хүртсэн. Тэгээд тэр жилдээ Япон улсад жүдо бөхөөр хичээллэх хүүхдийг шалгаруулах сорил тэмцээнд түрүүлсэн. Тэгээд жил орчмын хугацаанд Япон улсад жүдогийн чиглэлээр суралцсан.

-Өө тийм үү. Энэ тухай өмнө нь сонсоогүйн байна....

-Уг нь би тэнд 3 жил сурах эрхтэй байсан ч тухайн үед суралцсан сургуулиасаа нэг жилийн дотор л сурах зүйлээ сурчихсан. Өөрөөр хэлбэл дахиад хоёр жил суралцсан ч тамирчин хүний хувьд хөгжихгүй гэдгээ ойлгоод буцаад эх орондоо ирсэн. Тэгээд 2008 онд залуучуудын ДАШТ-д оролцоод мөнгөн медаль хүртэж Монголын жүдогийн түүхэнд тус тэмцээний анхны медалийг нь авч байлаа. Тэр үед аваргын төлөөх тоглолтод 2012 оны Лондонгийн олимпийн 60 кг-ийн жинд Алтан медаль хүртсэн Арсен Гастингтай хүч үзээд их харамсалтайгаар ялагдсан. Тэр барилдааны үеэр миний тохой бэртээд, сар орчмын хугацаанд бэлтгэлдээ явахгүй өнжиж байлаа.

-Мэдээж тамирчин хүний хамгийн том өрсөлдөгч бол бэртэл, гэмтэл шүү дээ ?

-Тэгэлгүй яахав.

-2008 он гэдэг чинь Бээжингийн Олимпоос Монгол Улсын хамгийн анхны алтан медалийг жүдо бөхийн төрлөөр авсан түүхэн жил байж шүү дээ?

-Харин тийм. Бээжингийн Олимпийн дараа 2012 оны Лондонгийн олимпийн цикл эхэлчихэж байгаа болохоор олон улсын тэмцээнүүдээс оноо цуглуулах шаардлагатай болсон. Тэгээд 2009 онд нь Залуучуудын ДАШТ-д оролцож дахиж мөнгөн медал хүртсэн. Ингээд 2012 он хүртэл Олимпийн оноогоо цуглуулаад 60 кг-ийн жинд хүч үзэх эрх авсан. Тухайн үед миний жин бол маш өрсөлдөөнтэй байлаа. Хоёр Болдбаатар, Амартүвшин гэсэн сайн тамирчинд нэг жинд өрсөлдсөн. Бүгдийг нь Олон улсын чанартай тэмцээнүүдэд адил эрхтэйгээр оролцуулсан. Тэгээд тэр дундаас итгэл найдвар хүлээлгээд намайг Лондогийн олимп руу явуулсан даа.

 

-Хөгжөөн дэмжигчдийн хувьд эх орныхоо өмнөөс барилдаж буй тамирчидаа сайн дэмжиж, тэдэндээ их итгэл хүлээлгэн хардаг. Гэхдээ тухайн тамирчин дотоодоосоо хэр өрсөлдөөн дундаас шалгарахын тулд ямар их өрсөлдөөнийг гаргадаг гэдгийг хүн болгон мэддэггүй. Тиймдээ ч тамирчин хүнд маш их дарамт ирдэг байх ?

-Манай жүдогийн төрөлд дотоодын өрсөлдөөн маш ширүүн. Ялангуяа 60, 66, 73 гэсэн хөнгөн жингүүд өрсөлдөөн ихтэй. Тиймээс тэр дундаас шалгараад олон улсын тэмцээнд явах боломж тамирчин хүн болгонд олдоод байдаггүй. Монголын жүдо бөхийн холбооноос УАШТ-ээс адил жинд медаль хүртсэн 4 тамирчинг эн тэнцүү эрхтэйгээр гадаад руу тэмцээнд явуулдаг. Тэгээд ямар барилдахаас нь шалтгаалаад дараагийн тэмцээнд орох эрхийг нь өгдөг. Хэрвээ би УАШТ-ээс алтан медаль хүртсэн ч олон улсын тэмцээнд эхний тойрогтоо ялагдлаа. Гэтэл УАШТ-ээс хүрэл медаль хүртсэн тамирчин оролцсон олон улсын тэмцээндээ медаль авбал тэр бөх дараагийн тэмцээнд оролцох эрхтэй болдог. Энэ нь цаашид Олимпийн наадамд оролцох эрхийн төлөөх оноотой салшгүй холбоотой учраас дотоод үйл явц нь ингэж явагддаг.

-Ялалтыг олуулаа хүртдэг ч, ялагдлыг ганцаараа үүрдэг гэж үг бий. Нэг жинд олон сайн тамирчин байдаг  ч Олимпийн наадамд оролцоод амжилт гаргаагүй тохиолдолд тухайн тамирчинд маш их дарамт ирдэг. Нөгөө бөхийг нь явуулах хэрэгтэй байсан гэх мэтээр. Таны хувьд хоёр удаагийн Олимпт оролцсон ч харамсалтай нь медальт байранд хараахан шалгарч чадаагүй. Үүний дараа ирэх дарамт, шахалтыг хэрхэн тэсвэрлэн давж гарч байна вэ?

-Мэдээж энэ бол тамирчин хүнд ирдэг сэтгэл зүйн хамгийн том дарамт. Манайхны нэг муухай зан байдаг нь ялахын бол тэнгэрт тултал нь магтаад, ялагдвал газарт ортол нь муулаад л. Нэг тамирчин нэг олон улсын тэмцээнд очоод яллаа гэж бодоход дараагийн тэмцээндээ ялагдвал муулаад эхэлдэг. Ямар ч тамирчин хүн дэвжээн дээр гарах үедээ ялагдана гэж хэзээ ч гардаггүй. Амжилт гарахын тулд тухай хүний бэлтгэл, сэтгэл зүйн, газар орны цаг уур гээд нөлөөлөх зүйл маш их. Миний хувьд 2014 оны Челябинскийн ДАШТ-д бэлтгэл маш сайн үедээ оролцсон. Гэтэл харамсалтай нь 3-р тойрогт БНХАУ-ын тамирчинд даралтаар ялагдсан. Тэр үед миний сэтгэл маш хүнд байсан. Хүн болгон над руу дайрч, хариуцлагагүй гэх мэтээр дуудсан. Харин миний хувьд маргаашаас нь бүх зүйлийг мартаад бэлтгэлээ хийж долоо хоногийн дараа Азийн наадамд оролцохдоо бүх тамирчингаа цэврээр ялж түрүүлсэн. Тэгэхээр тамирчин хүнд ирэх сэтгэл зүйн дарамт бол тухай хүнийг амжилт гаргах, эс гаргахад маш ихээр нөлөөлдөг.

 

-Нөгөө талаас тамирчны сэтгэл зүй шинжлэх ухаан олон улсын түвшинд хүрээгүйтэй холбоотой байх?

-Манай улсын спортын салбарын нэг хоцрогдол нь одоог хүртэл тамирчин хүнд зориулсан сэтгэл зүйч гэж байддаггүй. Тухайн тамирчин хүн сэтгэл зүйн дарамтад орсон үедээ өөрийгөө хэрхэн зоригжуулах вэ, хэнтэй яаж ярилцаж урам зориг авах вэ гэдэг нь хувь тамирчны өөрийнх нь хариуцлага болж хувирдаг. Миний хувьд ч гэсэн өөрөө л тэрийгээ давж гараад, тэнгэрт байгаа аавдаа залбираад л гардаг даа.

-Д.Төмөрхүлэгийг бага байхад аав нь бурхан болсон. Гэхдээ амьд сэрүүн байхдаа хүүхдээ хандсан сургамжийг хэлдэг байсан байх. Ямар сургамжийг их хэлдэг байв?

-Тамирчин хүн маш ёс жудагтай, тэр дундаа бөх хүн бол бүр илүү байх хэрэгтэй. Хаана ч явсан эр хүний ноён нурууг харуулж байх нь чухал. Аавын минь хувьд намайг бага байх үед бурхан болсон болохоор сайн барилдахыг заахаас илүүг хэлж чадаагүй дээ. Гэхдээ миний зорилго бол бөх хүний хувьд ямар байх ёстойг л харуулж амьдрахыг хичээдэг.

-Дэвжээн дээр гарах үед эхлээд таны биш аавын тань нэрийг эхлээд дууддаг. Тэр үед ямар сэтгэгдэл төрдөг вэ?

-Намайг гадаадын бөхчүүд Д.Төмөрхүлэг гэхээс илүүтэй аавын минь нэрээр буюу Даваадорж гэдгээр нь таньдаг. Тэгэхээр би их азтай хүн ч юм шиг. Тэнгэрт байгаа аавынхаа нэрийг байнга дуудуулж явдагтаа маш их баярладаг.

 

-Эргээд харахад аавтайгаа байх үеийн тань хүүхдэд насны мөрөөдөл хэр биелж байна. Мэдээж жүдо бөхийнхөө ноён оргилд хүрээгүй ч гэсэн биелүүлэхийн төлөө л зүтгэж байгаа. Цаашид гаргах амжилтынхаа тухай хуваалцвал?

-Би бол өөрийнхөө зорьсон зорилгынхоо дөнгөж 50-аас доош хувьтай л явна гэж боддог. Тиймд дахиад илүү хөдөлмөрлөх, бэлтгэл сургуулилтаа хийх үүрэг надад байна. Аавынхаа захиасыг биелүүлэх тэр мөч удахгүй гэдэгт итгэлтэй байна. Тэр захиасыг биелүүлсэн цагтаа л хүмүүстэй хуваалцахыг хүсдэг болохоор одоог хүртэл сэтгэлдээ хадгалж явдаг даа.

-Дараа жил Токиогийн олимп болно. Манай тамирчдын хувьд ч гэсэн олимпийн эрхээ олж авахын тулд маш их бэлтгэл сургуулилт хийж байгаа байх. Д.Төмөрхүлэгийн хувьд бэлтгэл нь хэр байна вэ?

-Тэгэлгүй яахав. 2019 он дуустал болох тэмцээнүүдээс авсан оноо Олимпийн эрхийн оноонд 50 хувьтай тооцогддог бол 2020 оны 01-р сараас болох тэмцээнүүдийнх 100 хувиар тооцогддог учраас тамирчдын хувьд маш чухал нэг жил үлдээд байна. Манай улсын хувьд 66 кг-ийн эрхийн төлөө оноо цуглуулж буй гурван тамирчин байна. Олимп болох үед эдгээр тамирчид  бүгд эрхээ авдаг. Харин эцэст нь хэн гэдэг тамирчин Олимп руу явах вэ гэдгийг Монголын жүдо бөхийн холбоо шийддэг. Тэгэхээр маш чухал тэмцээнүүд хүлээж байна даа.

Ярилцсанд баярлалаа. Цаашдынх нь спортын замналд нь амжилт хүсье.

-Баярлалаа.

 

 

 

 

 

 

  

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.