Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/07/08-НД НИЙТЛЭГДСЭН

Наадмын түрүү бөхийг “Тоёота цом”-оор байлна

Б.Бадамгарав, IKon.mn
2019 оны 7 сарын 8
iKon.MN
 

Үндэсний Их Баяр Наадмын албан ёсны түншээр “Тоёота мотор корпораци” зургаа дахь жилдээ хамтран ажиллаж байна. Тус компаниас энэ жилийн наадмын түрүү бөхөд тун онцгой бай шагнал бэлджээ. Энэ талаар өнөөдөр Үндэсний баяр наадмыг зохион байгуулах хорооны ажлын алба болон "Тоёота сэйлс Монголиа" ХХК хамтран мэдээлэл хийлээ.

“Тоёота Сэйлс Монголиа” ХХК-ийн Гүйцэтгэх захирал Тоширо Курахаши:

 

Монгол түмний төрт ёсны их баяр наадмын энэ жилийн түрүү бөхийн байд тусгайлан зориулж бүтээсэн "ТОЁОТА ЦОМ"-ыг өгөхөөр бэлдлээ. Монгол бөхчүүдийн хүч чадлыг илэрхийлэх олон бэлгэдлийг шингээсэн  Монгол дархан урлалын дахин давтагдашгүй бүтээл болох уг цомыг дархчууд гар аргаар хоёр сар гаруйн хугацаанд урласан. Цомыг түрүү бөхөд долоодугаар сарын 13-нд Хүй долоо худагт хүндэтгэлтэйгээр гардуулан өгнө. Энэ цом шилжин явахгүй бөгөөд түрүү бөхөд насан туршид нь хадгалагдана.

Монголдоо анхдагч  “ТОЁОТА ЦОМ” Батноров хийцийн арга барилыг ашиглан дан гар аргаар бүтээсэн 90 см өндөр 60 кг орчим жинтэй алт, мөнгө, эрдэнийн чулуунаас бүтжээ. Үндсэн суурийг ногоон гартаамаар хийж, тулгуур 4-н багана дээр  улаан хас, ногоон хаш, гартаам, номин эрдэнийн чулууг шигтгэн оройд нь хангарди, луу, бар, арсланг алтаар урлан 50 см амсартай цул мөнгөн аягыг байрлуулсан байна. 

 

Өөрийн гэсэн өвөрмөц ур хийцээрээ ялгарах энэ цомд монгол түмний дээдлэн хүндэлдэг билиг зүйн бүх ухааныг уламжлалт ус, уул, үүлэн хээн дүрслэлээр илэрхийлжээ.

Мөн таван тив дэлхийгээ багтаасан дүрслэлийн өгүүлэмж, хурмаст тэнгэрийн хурын шимээр байгаль дэлхий сэргэж тэнгэр газрын хүчингүүд дөрвөн зүгийг эрхшээхийн бэлгэдэл, баяр жаргалтай байж урт удаан наслах, айл гэрийн энх амгалан бат бэх байх, олз омог хүсэл тэмүүлэл, хүн бүхэн аз жаргалтай байхыг бэлгэдэхийн зэрэгцээ хязгааргүй эрх чөлөө эд баялаг дүүрэн байх хүслийг шингээсэн байна.

 

Тоёота, жолооч,зорчигчдын аюулгүй байдлыг нэн тэргүүнд анхаардаг. Тиймээс ч нийгмийн хариуцлагын хүрээнд хүүхдийн аюулгүй байдалд чиглэсэн гурван товхимол гаргаж түгээж байв. Харин энэ жилийн наадмын хурдан морины унаач хүүхдийн аюулгүй байдлыг хангахад дэмжлэг үзүүлж, хамгаалалтын 150 ширхэг хувцас бэлэглэж байгаагаа Үндэсний баяр наадмыг зохион байгуулах хороонд албан ёсоор гардуулан өглөө.

Үүний зэрэгцээ наадмын өдрүүдэд морин уралдааныг дагах хэвлэл мэдээллийнхэнд зориулан гурван автомашиныг жолоочийн хамт гаргаж өгч байгаа аж.

Түүнчлэн хамтын ажиллагааны хүрээнд наадмын өдрүүдэд "Тоёота сэйлс Монголиа" ХХК нь Жанжин Д.Сүхбаатарын талбай, Төв цэнгэлдэх хүрээлэн болон Хүй долоон худагт тусгайлан зассан "ТОЁОТА" асрыг байршуулж наадамчин олонд эрийн гурван наадмын шууд дамжуулалтыг үзүүлэх, замын хөдөлгөөнд оролцохдоо аюулгүй байдлаа хэрхэн зөв хангах, автомашины аюулгүй ажиллагааны талаар мэдлэг, мэдээлэл түгээх үйл ажиллагааг зохион байгуулахаар болсныг тус компаниас мэдээллээ. 

Сонирхуулахад, "Тоёота мотор корпораци" 2014 оноос хойш өөрийн төлөөлөгчийн газраар дамжуулан наадмын түрүү бөхөд ТОЁОТА автомашин бэлэглэсэн ба өнөөг хүртэл таван жилийн хугацаанд таван автомашин бэлэглэсэн байна. Өнгөрсөн онд ТОЁОТА МОТОР КОРПОРАЦИ нь албан ёсны түншийн хувьд Үндэсний Их Баяр Наадмын түрүү магнай бөхийг "Ланд круизер VX-К"загварын автомашинаар шагнан урамшуулсан юм. Мөн 2018 оноос эхлэн энэхүү түншлэлийг "Тоёота сэйлс Монголиа" ХХК хариуцан ажиллаж байна.