Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/07/05-НД НИЙТЛЭГДСЭН

Т.Хаш-Эрдэнэ: Ирээдүйд Дархан мэргэн цолтой эмч болно

Б.Даваадулам, Үндэсний шуудан
2019 оны 7 сарын 5
Үндэсний шуудан
Зураг зураг

Cyp харваа бол эр бяр төдийгүй ухаан, мэдрэмж шаарддаг спорт. Энэ удаад 10 настай өсөх идэр цолтой бяцхан харваач Т.Хаш-Эрдэнийг онцолж ярилцлаа. Тэрбээр Ардын хувьсгалын 91 жилийн ойн баяр наадмын хүүхдийн харваанд түрүүлсэн билээ. Түүний багшийн хэлснээр Т.Хаш-Эрдэнэ сумаа алдсан ч, дараалан оносон ч сэтгэл хөдлөлөө төдийлөн ил гаргалгүй тайвнаар харвадаг хүүхэд гэнэ. Мөн сэтгэлийн тэвчээртэй, техник сайтай, нас бага боловч нар салхины байдлыг сайн тооцоолж харвадаг ховорхон авьяастай ирээдүйн дархан мэргэдийн нэг гэдгийг онцлов. Төрөлхийн авьяастай, төвшин амгалан авьяаслаг хүүгийн спортын гараа, ирээдүйн зорилгын тухай ярилцлаа.

-Хэзээнээс нум сумтай нөхөрлөн, наадаж эхэлсэн бэ. Хамгийн анхны сур харваанд оролцож байсан тэмцээн ямар сэтгэгдэл үлдээв?

-Би хоёрдугаар ангид байхдаа сур харваж эхэлсэн. Найман настай даа гэсэн үг. Сур харваагаар гурав дахь жилдээ хичээллэж байна. Хамгийн анх Дундговь аймгийн нээлтийн харваанд оролцож гуравдугаар байр эзэлсэн. Харваж сураад удаагүй байсан болохоор хүмүүс намайг их магтаж байсан шүү. Тэр үеэс л нум сумтай нөхөрлөхөөр шийдсэн.

-Анхны тэмцээнээсээ л амжилт гаргасан байна шүү дээ. Гурван жилийн хугацаанд багагүй тэмцээн уралдаанд оролцсон байх. Амжилтаасаа хуваалцаач?

-Дундговь аймгийн нээлтийн харваанд харваснаас хойш том тэмцээнд ороогүй байж байгаад 2017 оны улсын их баяр наадамд оролцсон. Тэрхүү тэмцээний балчир насны ангилалд мөнгөн медаль авсан. Мөн өнгөрсөн жилийн улсын их баяр наадамд түрүүлж, өсөх идэр цолтой болсон. Харин энэ жил Дундговь аймгийн нээлтийн харваанд манлайлснаар аймгийн аварга цол хүртлээ. Түүнчлэн зургаадугаар сард болсон улсын аварга шалгаруулах тэмцээнд 9-13 насны ангилалд оролцож түрүүлээд байна.

-Өнгөрсөн жилийн улсын баяр наадамд түрүүлж өсөх идэр цол авсан нь бага насны хүүхэд гэхэд чамлахааргүй амжилт байна шүү. Тэр үед хэчнээн сум тавьж хэд нь байндаа тусаж байв?

-Хүүхдийн эрэгтэй харвааны төрөлд 18-аас доош настай бол насыг нь дөрвөөр үржүүлсэнтэй тэнцэх зайд харвах ёстой. Би есөн настай байсан болохоор 45 метр зайнаас харваж, 32 сум тавьснаас 28 удаа оносон.

-Тэр үед сандарч байсан уу? 

-Хэдийгээр улсын баяр наадмын хариуцлагатай тэмцээнд оролцож байсан ч огт сандраагүй. Аав ээж хоёрын “сайн харваарай” гэсэн захиасыг бодоод л харвасан. Харин анхны тэмцээндээ орж байхдаа нэлээд сандарсан. Гэхдээ гүнзгий амьсгаа аваад байсан чинь тайвшраад анхаарлаа сайн төвлөрүүлдэг юм билээ.

-Танай гэр бүлд сур харваагаар хичээллэдэг хүн байдаг уу. Яагаад сур харвах болсон бэ?

-Би Улаанбаатар хотын “Тольт” дунд сургуульд сурдаг. Энэ жил дөрөвдүгээр ангиа төгссөн. Зуны амралтаа Дундговь аймагт амьдардаг нагац ах, эгчийн дээ өнгөрөөдөг. Ах, эгч маань нум сум харваж байхыг хараад сум тавьж үзэхийг их хүсдэг байлаа. Тэд сур харвааны тэмцээнд дандаа намайг дагуулж очно. Нэг өдөр намайг харваж үзэх үү гэхээр нь дуртай хүлээж авсан. Түүнээс хойш нагац ах, эгч хоёр маань надад зааж өгдөг болсон. Харин манай аав, ээж сур харвадаггүй. Аав маань уул уурхайд, ээж анагаахын сургуульд багшилдаг.

-Тэгвэл нагац ах, эгч нь чиний багш болж таарах нь ээ?

-Тийм ээ. Тэд намайг зуны амралт, чөлөөт цагаа сонирхолтой, хэрэгтэй зүйл хийж өнгөрөөж бай гэж зөвлөдөг. Тиймээс л надад сур харвахыг заасан. 

-Тэд чиний бэлтгэлийг хангахаас гадна өөрсдөө харваачид юм байна. Сур харвах эрдмийг зааж байгаа багш нарынхаа тухай яривал?

-Манай нагацынх ам бүл гурвуулаа. Гэр бүлээрээ сур харвадаг. Нагац ахыг Ё.Батжаргал, эгчийг Ц.Энхтуяа гэдэг. Тэд үндэсний сурын спортын мастер, аймгийн мэргэн цолтой. Харин хүү Б.Тэндээмий нь хүүхдийн харваанд улсад хоёр түрүүлж, гурав айрагдаж байсан хошой өсөх идэр цолтой мэргэн. Тэрбээр одоо тэмцээнд оролцохгүй байгаа ч надад үргэлж зааж, миний бэлтгэлийг байнга хийлгэдэг. Тэд бол миний үлгэр дуурайлал авдаг мундаг харваачид.

-Харваачийн хамгийн чухал хэрэгсэл бол нум сум шүү дээ. Чиний хувьд ямар нумаар харвадаг вэ?

-Би анх Улаанбаатар хотоос сургалтын нум авч бэлтгэлээ хийдэг байсан. Тэгээд тэмцээнд орохдоо Өмнөговь аймгийн мэргэн н.Баттөмөр ахаас эвэр нум авч харвах болсон. Сургалтын нум нь ямар ч нөхцөлд хувиралгүй, нэг хүчээр явдаг. Харин эвэр нум наранд хүч нь суларч, сэрүүн үед хүчтэй болдог. Тийм болохоор маш сайн бодож харвах хэрэгтэй.

-Өсвөрийн харваачид буриад, урианхай харваагаар харвадаггүй. Зөвхөн халх харваагаар харвадаг шүү дээ. Хүүхдүүдийн оролцдог халх харвааны онцлогийг тодруулбал?

-Халх харвааны гол онцлог нь хол зайнаас харвадаг юм. Баяр наадмын үндсэн төрөл, хамгийн олон хүн оролцдог том тэмцээн. Урианхай, буриад харваа нь дагавар тэмцээн болж зохиогддог юм гэж манай нагац ах хэлсэн. Хүүхдийн харваанд 18-аас доош насны эрэгтэйг насыг нь дөрвөөр, эмэгтэйг гурваар үржүүлээд харвах зайг нь тогтоодог.

-Аливаа спорт тэсвэр, тэвчээр их шаарддаг. Хүнд хэцүү үе их тохиолдож байсан байх?

-Хэцүү зүйл их. Сур харваж байгаа хүмүүст ижилхэн л байдаг байх. Нар, салхи, агаар гуравт тохируулж, тооцоолж харвах хэрэгтэй. Салхитай үед сум хийсдэг учраас салхиныхаа эсрэг тал руу чиглүүлж харвана гээд уг спортод ухаан зарах олон зүйл бий.

-Сур харвадаг үеийн олон найзтай байх. Чиний хувьд хамгийн хүчтэй өрсөлдөгч нь хэн бэ?

Өсөх идэр мэргэн Б.Маргад-Эрдэнэ найз маань их мундаг шүү. Тэр Улаанбаатар хотоос тэмцээнд оролцдог. Намайг хамгийн анх 2017 онд улсын баяр наадамд оролцон мөнгөн медаль авч байхад тэр түрүүлж байсан юм л даа.

-Маш олон төрлийн спорт байдаг шүү дээ. Сур харвах нь бусад спортоос аль талаараа ялгаатай вэ?

-Би сагсан бөмбөг, хөлбөмбөг тоглох дуртай. Найзуудтайгаа хамт цагийг хөгжилтэй өнгөрүүлэх боломжтой байдаг. Харин сур харваагаараа ялалт байгуулах их гоё. Сумаа тавиад оноход хүмүүс хасаагаа онолоо гээд уухайлах нь хамгийн сайхан мэдрэмж шүү. Учир нь, манай багш уухайгаар харваачийн сүр хүчийг магтдаг гэж хэлсэн. Сур харваа нь эрүүл мэндэд ихтустай. Бас бие хөгжүүлж хүчтэй болгодог. Миний биеийг харж байгаа биз дээ. (инээв)

-Залуу харваачийн хувьд цаашид төлөвлөж буй олон зорилго байгаа байх?

-Би том болоод эмч болохыг хүсдэг. Гэсэн ч эмчийнхээ ажлыг хийгээд спортоо ч орхилгүй харвасаар байх болно. Улсын баяр наадмаар зургаан удаа түрүүлж байж хамгийн том дархан мэргэн цолны болзлыг хангадаг. Тиймээс би олон түрүүлж дархан мэргэн болохыг хүсч байна.

-Үндэсний их баяр наадам хэдхэн хоногийн дараа болох гэж байна. Бэлтгэлээ базааж амжсан уу?

-Улсын баяр дөхөж байгаа болохоор маш их догдолж байна. Сургууль амраад энд ирснээсээ хойш багшийнхаа үгэнд орж бэлтгэлээ сайн хийсэн. Ах, эгчтэйгээ тэмцээнүүдэд очиж харвадаг. Энэ жил Дундговь аймгийн нээлтийн харваа, Улсын аварга шалгаруулах тэмцээнд оролцож туршлага хуримтлуулаад амжсан. Долдугаар сарын 7-нд Дундговь аймгийн наадмын тэмцээнтэй. Энэ харваанд оролцчихоод улсын наадамдаа ирж харвана. Ер нь тухайн өдрийнхөө цаг агаарт тааруулаад харвачихвал зүгээр дээ.

-Олон тэмцээнд оролцоод ядрах байх даа?

-Харин тийм ээ. Амжилттай оролцож, ядрахгүй байхын тулд манай гэрийнхэн эртнээс бэлтгэлийг минь хангаж сурын талбайд унтаж болохоор ор авч өгсөн. Дөрвөн сум тавиад цагийн хугацаанд амрахёстой байдаг. Тэр хугацаанд сайн амарч авна даа.

-Ярилцсанд баярлалаа. Энэ жилийн баяр наадамд хараа хурц, зурхай мэргэн байх болтугай?

-Баярлалаа.

Зураг