Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/07/04-НД НИЙТЛЭГДСЭН

Газпром Туркменистанаас байгалийн хий авах таван жилийн гэрээ байгуулжээ

Р.Төмөр, ikon.mn
2019 оны 7 сарын 4
iKon.MN
Зураг зураг

Оросын төрийн өмчит Газпром компани Туркменистан улсаас 2024 оны долдугаар сарыг хүртэл байгалийн хий авах гэрээг байгуулжээ.

Энэ хугацаанд Газпром жил бүр 5.5 тэрбум шоо метр хий авах тухай вэб сайтдаа мэдээлсэн байна. Туркменистанаас Орос руу Зөвлөлтийн үеийн хоолойгоор байгалийн хий дамжуулдаг. Нэгэн үе Туркменистаны хамгийн том худалдан авагч байсан Оросыг арваад жилийн өмнө Хятад улс гүйцэж түрүүлсэн юм.

Туркменистанаас харьцангуй хямд үнэтэй байгалийн хий авснаар Орос улс Европт нийлүүлэх байгалийн хийгээ нэмэгдүүлж чаддаг ажээ.

2010 онд жилд 10 тэрбум шоо метр хий авдаг байсан Газпром 2015 онд 4 тэрбум шоо метр болгон бууруулж, 2016 онд үнэ тохиролцоогүйгээс Туркменистанаас байгалийн хий авахаа бүрэн зогсоож байв.

Тэгвэл талууд саяхан 1.2 тэрбум шоо метр хий авах 2.5 сарын хугацаатай гэрээ байгуулсан нь өнгөрсөн зургаадугаар сард дууссан байна.

Төв Азийн Туркменистан улсын эдийн засаг нь байгалийн хийн экспортоос бүрэн хамааралтай юм.

 

Эх сурвалж: AFP, ТАСС