Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/07/04-НД НИЙТЛЭГДСЭН

Италид галт уул дэлбэрч, нэг уулчин амь үрэгджээ

Р.Төмөр, ikon.mn
2019 оны 7 сарын 4
iKon.MN
Зураг зураг

Италийн Стромболи арал дээр оршдог идэвхтэй галт уул өчигдөр хүчтэй дэлбэрснээс уг ууланд аялж байсан нэг жуулчин амь үрэгдэж, жуулчид, иргэдийг арлаас нүүлгэжээ.

Сицилийн Мессинагаас ирсэн 35 настай жуулчин дэлбэрэлтийн үеэр ууланд явж байгаад амиа алдсан байна. Италийн эрх баригчид 12 км.кв талбайтай Стромболи арал руу хөлөг онгоц илгээж, арлын оршин суугчид, жуулчдыг нүүлгэхээр болжээ.

Тэнгэрээс галаар бороо орж байсан нь тамыг санагдуулсан тухай арлын санваартан Жиованни Лонго хэвлэлд ярьсан байна. Ууланд өөр жуулчид байсан эсэхийг бүрэн тогтоогоогүй байгааг тэр мэдээлжээ.

Үе үе тогооноос нь лаав оргилж байдаг Стромболийн галт уул нь жуулчдын зорьдог чухал газарт тооцогддог. Галт уулыг дэлбэрэх үеэр зарим жуулчид далайн ус руу үсэрч байсныг гэрчүүд мэдээлжээ.

Өчигдөр үдээс хойш галт уулын тогооны төв хэсэгт хоёр удаа хүчтэй дэлбэрэлт болсныг Италийн Геофизик, Галт уулын үндэсний хүрээлэн мэдээлсэн байна.

Уг үзэгдэл нь түүхэнд бүртгэгдсэн хамгийн хүчтэй дэлбэрэлтүүдийн нэгт тооцогдож байгаа гэнэ.

Дэлбэрэлтийн улмаас галт уулын тогооноос бүх чиглэлд лаав оргилон урсаж, тэнгэрт 2 км өндөр утаа үүсгэсэн байна. Хамгийн сүүлд 2002 онд ийм хэмжээний хүчтэй дэлбэрэлт болж байжээ.

Арлын 500 орчим оршин суугчдын 80 хувьд нь зэргэлдээ арал руу түр нүүн шилжихийг зөвшөөрсөн байна. Стромболи нь Сицилийн ойролцоох Эолийн долоон бүлэг арлын нэг юм.

 

Эх сурвалж: AFP