Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/07/04-НД НИЙТЛЭГДСЭН

Умард Солонгосын завь хил давж ирснийг мэдээгүй Өмнөд Солонгосын генерал огцорлоо

Э.Сэмүүн, ikon.mn
2019 оны 7 сарын 4
iKon.MN
Зураг зураг

Өнгөрсөн сарын 15-ны өдөр Умард Солонгосын зүгээс загасчны жижиг модон завь Өмнөд Солонгосын хилийг давж ирснийг хил хамгаалалтынхан мэдээгүй юм.

Дөрвөн хүн суулгасан завь тус улсын зүүн эргийн Самчок боомтод ирснийг иргэдийн мэдээлэл дээр үндэслэн саатуулж байжээ.

Тэгвэл энэхүү хариуцлагагүй явдалд буруутай хил хамгаалалтын албаны генералыг огцруулснаа Өмнөд Солонгосын батлан хамгаалах яам зарлаж, сайд нь олон нийтээс уучлал гуйсан байна.

Хил давж ирсэн дөрвөн хүний хоёр нь Өмнөд Солонгост үлдэж, хоёр нь нутаг буцах хүсэлт гаргажээ.

Болсон хэрэг явдлыг мөрдөн шалгасны дараа ноцтой алдаа гаргасан генерал Ли Жин Суныг албан тушаалаас нь огцруулахыг зөв гэж үзсэнээ батлан хамгаалахын сайд Жон Кён До өчигдөр Сөүл хотод болсон хэвлэлийн хурал дээр тайлбарласан байна.

Улс орныхоо хилийг хамгаалах үүргээ биелүүлж чадаагүй сайд дараа нь ард түмнээсээ уучлал гуйжээ.

Үүнээс гадна армийн найман офицерыг ажлаас нь чөлөөлөх шийдвэр гаргасан байна. Хил давсан хэргийн дараа Өмнөд Солонгосын гол сөрөг хүчин болох Солонгосын Эрх Чөлөө намынхан армийн удирдлага хэргийг нуун дарагдуулах гэж оролдсон байж болзошгүй тул шалгалт явуулахыг парламентаас шаардсан юм.

Өчигдөр бас Өмнөд Солонгосын ерөнхийлөгч Мүүн Жэ Ин болсон явдлын талаар үндэсний аюулгүй байдлын зөвлөлд “хатуу анхааруулга” өгсөн тухай Хөх ордноос мэдээлжээ.

Эдийн засгийн хүндрэлээс шалтгаалан Умард Солонгосоос нийт 30,000 гаруй иргэн нь Өмнөд Солонгос руу оргож ирсэн гэх албаны тоо баримт байдаг.

 

Эх сурвалж: AFP