Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/07/04-НД НИЙТЛЭГДСЭН

Флоридагийн тэнгэрт үзэгдсэн галт бөмбөлгийг Хятадын пуужингийн сэг гэж дүгнэжээ

Р.Төмөр, ikon.mn
2019 оны 7 сарын 4
iKon.MN
Зураг зураг

Өчигдөр буюу Лхагва гарагийн шөнө АНУ-ын Флорида мужийн тэнгэрт хурц гэрэлтэй биет үзэгдсэн байна.

Жэксонвиллээс Ки Уэст хүртэл газарт үзэгдсэн уг нууцлаг биетийг нийт 20 гаруй хүн харснаа гэрчилсэн тухай Америкийн Солирын Нийгэмлэг мэдээлжээ. Хуйвалдааны онолд итгэгчид энэхүү нууцлаг үзэгдлийг янз бүрээр тайлбарлаж байв.

Палм Бич дүүргийн цагдаагийн газар “Өнгөрсөн шөнө бид азаар Ангараг гарагийнханд эзлэгдсэнгүй. Гэхдээ сансрын эзлэн түрэмгийлэгчдийг зогсоож чадна гэдэгтээ итгэлтэй байсан та бүхэнд талархаж байна” гэж хошигносон мэдэгдэл гаргасан байна.

Нууцлаг галт бөмбөлгийг юу байсан талаар Астрофизикийн Төвийн судлаач Жонатан Макдоуэл илүү үнэмшилтэй таамаглал дэвшүүлжээ.

Түүний үзэж байгаагаар нь энэ нь нэгдүгээр сард сансарт хөөрсөн Хятадын пуужингийн сэг агаар мандалд орж ирж шатсан үзэгдэл гэнэ.

Хятадын батлан хамгаалах зориулалтын хиймэл дагуулыг тойрог замд хүргэсэн уг пуужин хоёр тонн гаруй жинтэй, есөн метр орчим урттай байсан ажээ.

Үүргээ гүйцэтгэсэн пуужин олон хэсэг болж задарсны нэг том хэсэг нь ийнхүү агаар мандалд орж ирсэн гэнэ. Хүний үүсгэсэн сансрын хог хаягдал дэлхийн агаар мандалд орж ирэх үзэгдэл сард дунджаар нэг удаа тохиолддог, хэвийн зүйл боловч энэ удаа шөнийн тэнгэрт тод харагдаж, олон хүн харсан нь онцгой болгож байгааг Макдоуэл тайлбарлажээ.

 

Эх сурвалж: Associated Press