Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/07/03-НД НИЙТЛЭГДСЭН

Европын Холбоог хоёр эмэгтэй удирдана

Э.Сэмүүн, ikon.mn
2019 оны 7 сарын 3
iKon.MN
Зураг зураг
Зүүн гар талаас Урсула Вон Дер Ляйен, Кристин Лагард

Европын Холбоог удирдах хамгийн дээд дөрвөн албан тушаалын хоёрыг нь эмэгтэйчүүд эзлэхээр болж байна.

Европын Комиссийн ерөнхийлөгчид (Жан Клод Юнкер одоо ажиллаж байгаа) Германы батлан хамгаалахын сайд Урсула Вон Дер Ляйений нэрийг дэвшүүлэхээр болсон бол Европын Төв Банкны ерөнхийлөгчид ОУВС-ийн захирал, франц үндэстэн Кристин Лагардыг дэвшүүлжээ.

Тэдний томилгоог Европын парламент баталсны дараа үүрэгт ажилдаа орох юм. Дээрх албан тушаалуудад анх удаа эмэгтэйчүүд нэр дэвшиж байгаа нь энэ ажээ.

Европын Холбооны удирдагчдын томилгоо гишүүн орнуудын хооронд ширүүн өрсөлдөөн, хуваагдал үүсгэсэн юм. Төвөөс зугтах хүчний төлөөлөл болсон Унгарын ерөнхий сайд Виктор Орбан тэргүүтэй зүүн Европын орнууд Италийн удирдагчидтай эвсэж, өрнөдийн нэр дэвшигчдийг гаргахгүйн төлөө тэмцэж байв.

Гэвч хэдэн өдөр үргэлжилсэн яриа тохиролцооны эцэст Франц, Герман улсууд өөрийн төлөөлөгчдийг нэр дэвшүүлж чадлаа.

Үлдсэн хоёр том албан тушаал болох Европын Зөвлөлийн ерөнхийлөгчид (Дональд Туск одоо ажиллаж байгаа) Бельгийн ерөнхий сайд Шарльз Мишель, гадаад бодлого, аюулгүй байдлын тэргүүнд Испаний гадаад хэргийн сайд Жозеп Боррел Фонтеллес нэр дэвшжээ.

Удахгүй Европын Зөвлөлийн ерөнхийлөгчийн суудлыг орхих Дональд Туск шинэ томилгооны талаар “Бид гол дөрвөн албан тушаалд хоёр эмэгтэй, хоёр эрэгтэйг сонгосон нь хүйсийн тэгш харьцааг төгс хангасан хэрэг боллоо. Европ бол эмэгтэй хүн тул би үүнд баяртай байна” гэж мэдэгдсэн юм.

Эртний Грекийн домогт гардаг хатны нэрээр Европ тивийг нэрлэдгийг тэр ингэж илэрхийлжээ.

 

Эх сурвалж: CNN