Өнгөрсөн оны зургаадугаар сард Америк-Умард Солонгосын удирдагч нар Сингапурт анх удаа уулзах үеэр Ким Жон Уны бие хамгаалагч нар удирдагчийнхаа лимузинийг даган гүйж байгаа сонин үзэгдлийг дэлхий нийтээр анх харсан билээ.
Тэгвэл Вашингтон Пост сонины сэтгүүлч Анна Файфелд Умард Солонгосын удирдагчийн тухай бичсэн “The Great Successor: The Divinely Perfect Destiny of Brilliant Comrade Kim Jong Un” нэртэй номондоо энэхүү санааг Ким Жон Ун домогт жүжигчин Клинт Иствүүдийн киноноос олж авсан тухай бичжээ.
Ким Жон Ун жаахан хүүхэд байхдаа Иствүүдийн тоглосон “In the Line of Fire” киног үзэх дуртай байсныг тэр бичсэн байна.
Уг кинонд АНУ-ын ерөнхийлөгч Жон Кеннедийг 1963 онд алагдах үед тусгай албаныхан машиныг нь даган гүйж байгааг харуулдаг.
Ким Жон Уны амь насыг хамгаалахаар 100,000 шилдэг дайчин бүхий цэргийн тусгай бүлэг ажилладаг гэнэ. Тэдгээрээс онцгойрч шалгарсан цөөн хэд нь их удирдагчийн дэргэд ажилладаг байна.
Бие хамгаалагч залууст бие бялдар, зэвсэг эзэмших арга техник, гардан тулааны ур чадварын өндөр шалгуур тавьдаг гэнэ. Үүнээс гадна гарал угсааг нь нарийн судалж, Пёньяны дэглэмд үнэнч гэр бүлээс сонгодог байна.
Мөн хордуулахаас сэргийлж Ким Жон Уны зоогийг урьдчилж амсах үүрэгтэй хүмүүс ажилладаг. Биологийн мэдээллийг нь гадны тагнуулын байгууллагуудад алдахгүйн тулд хаа явсан газар бүрт нь хувийн жорлон дагалдаж явдаг байна.
Эх сурвалж: Business Insider
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!