Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/07/03-НД НИЙТЛЭГДСЭН

Ц.Баатар: Ж.Болтон бол гадаад бодлогын "мангас" хочтой дипломатч

Д.Саруул, Өдрийн сонин
2019 оны 7 сарын 3
Өдрийн сонин
Зураг зураг
Гэрэл зургийг MPA.mn

АНУ-ын ерөнхийлөгчийн Аюулгүй байдлын зөвлөх Жон Роберт Болтон Монголд айлчлаад буцсан. Энэ айлчлалын хүрээнд олон нийтийн дунд гарсан зарим асуултад хариулт авахаар Шинжлэх ухааны академийн Олон улсын харилцааны хүрээлэнгийн ажилтан, Sc.D, профессор Ц.Баатартай ярилцлаа.

-AНУ-ын ерөнхийлөгчийн Аюулгүй байдлын зөвлөх Жон Роберт Болтон Монголд айлчиллаа. Та судлаач хүний хувьд түүний айлчлалын зорилго юу байсан бол гэж харж байна вэ?

-Тэрбээр Монгол Улсын эдийн засгийн болон аюулгүй байдлын зорилтуудыг дэмжих, Монгол Улсын чадавхыг бэхжүүлэх цаашдын хөтөлбөрийг тодорхойлох нь айлчлалын гол зорилго байлаа гэсэн байна лээ. Хоёр талын харилцаа, хамтын ажиллагааг шат ахиулах зорилго ч байсан. Нөгөө талаар бүс нутгийн асуудлууд ч энд хамаарах байх.

-АНУ-ын ерөнхийлөгч Д.Трамп цэрэггүй бүсэд уулзалт хийх үеэрээ яагаад Жон Роберт Болтоныг байлцуулаагүй юм бол. Үүнд ямар нэг улс төрийн учир холбогдол байсан юм биш биз. Ж.Болтон Хойд Солонгос, Куба, Иран, ОХУ-тай холбоотой асуудалд хатуу байр суурьтай байдаг болохоор айлчлалынхаа үеэр Монгол руу явуулжээ гэж таамаглаж болох уу?

-Тийм ээ, энэ хүний талаар эрс хурц байр суурийг янз бүрээр л хэлдэг. Уулзалтыг аль болох хүссэн зорилгодоо хүргэх үүднээс тэр хүнийг байлцуулаагүй л болов уу. Тэд ч энэ хүнд дургүй шүү дээ.

-Жон Роберт Болтоныг дэлхийн олон улс оронд дайн дажин, үймээн, зөрчилдөөн дэгдээсэн хүн гэж буруутгах хэсэг байна. Юунаас улбаалж түүнийг ингэж шүүмжилдэг юм бэ?

-Тэрбээр 2005 онд Иракийн дайн дэгдээж байхдаа НҮБ-д суугаа АНУ-ын Элчин сайдын албыг хашиж байсан. Дипломат яриа хэлэлцээ гэхээс илүүтэйгээр хүч хэрэглэх, түрэмгийлэх бодлогыг уриалдаг хүн.

-Түүний Монголд айлчилж, төрийн өндөрлөгүүдтэй уулзсаныг ямар нэг үйл явдлын дохио гэж харж болох уу?

-Хоёр улсын төрийн өндөрлөгүүд дээд түвшинд уулзах, эдийн засгийн хамтын ажиллагаанд бага ч болов ахиц өөрчлөлт гарахын дохио гэж харж байна. Оюу толгойн ээдрээтэй асуудал, тогтворгүй бодлогогүй үйл ажиллагаа тэдэнд нэгийг сануулсан байх.

-Жон Роберт Болтон гэж чухам ямар онцлогтой, улстөрчийнхөө хувьд хэр чансаатай хүн бэ?

-Жон Роберт Болтон өдгөө 71 настай. Өнгөрсөн оны дөрөвдүгээр сараас АНУ-ын 27 дахь Үндэсний аюулгүй байдлын зөвлөхөөр ажиллаж байгаа туршлагатай, үндсэрхэг, хуучин дипломат ажилтан юм.

Болтон нь 2005 оны наймдугаар сараас 2006 оны арванхоёрдугаар cap хүртэл АНУ-аас НҮБ-д суух Элчин сайдын алба хашиж байсан. Болтон нь гадаад бодлогын “мангас” хочтой бөгөөд Иран, Сири, Ливи, Венесуэл, Куба, Йемен, Хойд Солонгост дэглэмийн өөрчлөлтийг дэмжигч. Тэрбээр мөн Ираны цөмийн асуудлыг шийдэж дуусгахыг уриалдаг. Иракийн дайныг дэмжигч байсан бөгөөд Ирак руу довтлох шийдвэрийг үргэлжлүүлэн дэмждэг.

Мөн Сири, Ливи, Иран дахь цэргийн ажиллагааг явуулахыг дэмждэг. Үзэл бодлын хувьд “neoconservative" гэж тодорхойлолтод ордог олон улсын анхааралд өртсөн дипломатч юм.

-Иракийн дайныг эхлүүлэхэд хатуу байр суурь баримталж, дэмжиж байсан, ер нь дайн хийхийг дэмждэг хүнийг ирээд явсанд манай зарим иргэд болгоомжилсон байр суурьтай байна?

-Энэтхэг, Номхон далайн бүс нутагт хүчний тэнцвэрийг хангах, бүс нутгийн аюулгүй байдлыг бэхжүүлэхэд Монгол Улсын хувь оролцоог ахиулахад бага ч болов ахиц дөхөм үзүүлсэн чухал айлчлал боллоо гэж харж байна. Түүнээс болгоомжлох шалтаг шалтгаан Монголд байхгүй. АНУ Орос, Хятадтай учраа ололцож байгаа нь бидэнд л нааштай тусна.

Зураг