Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/07/03-НД НИЙТЛЭГДСЭН

Японы засгийн газар “кимоно” нэрний асуудлыг хэлэлцэхээр патентын мэргэжилтнүүдээ АНУ руу илгээнэ

Э.Сэмүүн, ikon.mn
2019 оны 7 сарын 3
iKon.MN
Зураг зураг

Америкийн реалити шоуны од Ким Кардашян дотуур хувцасны шинэ бүтээгдэхүүнээ “Кимоно” брэнд нэрийн дор худалдаанд гаргахаар болсон нь япончуудын эсэргүүцэлтэй тулгарч, шийдвэрээ өөрчлөхөд хүргэсэн билээ.

Гэвч асуудал үүгээр дуусахгүй бололтой. Японы худалдааны сайд Хирошигэ Сэко үндэсний хувцасны нэртэй холбоотой асуудлыг хэлэлцэж, цэгцлэхээр патентын мэргэжилтнүүдээ АНУ руу явуулах болсныг өчигдөр мэдэгджээ.

“Кимоно бол манай соёлын салшгүй хэсэг гэдгийг дэлхий дахин мэднэ. Америкт хүртэл кимоног Японы соёл гэдгийг сайн мэддэг” гэж тэр Токиод болсон хэвлэлийн хурлын үеэр ярьжээ.

Японы патентын газрын мэргэжилтнүүд, албаны хүмүүс долдугаар сарын 9-ний өдөр АНУ-ын Патент, Барааны тэмдэгтийн газарт зочилж, холбогдох албаны хүмүүстэй уулзахаар болсныг Сэко мэдээлсэн юм.

Япон улсын эрх баригчид өөрийн соёлын бараа бүтээгдэхүүнийхээ экспортыг нэмэгдүүлэх зорилготой ажиллаж байгаа. Ийм төрлийн экспортод “анимэ” урлагийн бүтээгдэхүүн тэргүүлдэг байна. 2016 онд зөвхөн “анимэ” төрлийн бүтээгдэхүүний экспорт 768 тэрбум иен ($7.1 тэрбум) хүрснийг албаны тоо баримт харуулжээ.

 

Эх сурвалж: Reuters