Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/07/02-НД НИЙТЛЭГДСЭН

"Сонгууль болохоос нэг жилийн өмнө Сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулахгүй”

А.Төгөлдөр, iKon.mn
2019 оны 7 сарын 2
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA.mn
00:00 00:00
"Сонгууль болохоос нэг жилийн өмнө Сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулахгүй”
Sara, ikon.mn - text to speech

Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийг хоёр, гурав дахь хэлэлцүүлэгт бэлтгэх таван дэд хэсэг бүхий Ажлын хэсэг зургаадугаар сарын 21-нээс өнөөдрийг хүртэл хуралдаад зарчмын зөрүүтэй 16 санал гарсан талаар УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцан өнөөдөр мэдээллээ. 

Зарчмын зөрүүтэй эдгээр саналыг өнөөдрөөс эхлэн УИХ-ын байнгын хороодоор хэлэлцүүлж эхлээд байна. Нийт найман байнгын хороогоор зарчмын зөрүүтэй саналуудыг хэлэлцээд хамгийн сүүлд Төрийн байгуулалтын байнгын хороогоор хэлэлцэж, нэгтгээд УИХ-ын нэгдсэн чуулганаар хоёрдугаар хэлэлцүүлгийг хийх юм. Тэр болтол хуулийн өөрчлөлттэй холбоотой иргэдийн саналыг авсаар байгаа гэдгийг тэрбээр дурдлаа. 

Зарчмын зөрүүтэй саналуудаас дурдвал:

Үндсэн хуулийн 6.2-т буюу Монгол Улсын иргэдэд өмчлүүлснээс бусад газар, түүнчлэн газрын хэвлий, түүний баялаг, ой, усны нөөц, ан амьтан төрийн өмч мөн гэсэн заалтыг хөндөөгүй, харин “Байгалийн баялгийг тогтвортой хөгжлийн бодлогод тулгуурлан үндэсний эдийн засгийн аюулгүй байдлыг бататгах, хүрээлэн байгаа орчны тэнцвэрт байдлыг хадгалах, одоо ба ирээдүй үеийн эрүүл аюулгүй орчинд амьдрах эрхийг баталгаажуулах зорилгоор баялгийн сан байгуулж, иргэн бүрт тэгш, шударга хүртээх зарчмаар Монголын ард түмний сайн сайхны зорилгод нийцүүлэн ашиглана. Иргэд байгалийн баялаг ашиглахтай холбоотой аливаа үйл ажиллагааны талаар бусдын эрх, хууль ёсны ашиг сонирхлын эрхийг хөндөхгүйгээр мэдээлэл авах, мэдэх эрхтэй” хэмээн нэмж оруулж байгаа аж. 

Бас нэг онцлох заалт бол сонгуультай холбоотой. Тодруулбал, сонгууль болохоос нэг жилийн өмнө Сонгуулийн тухай өөрчлөлт оруулахгүй байх зохицуулалтыг Үндсэн хуулийн өөрчлөлтөд тусгах нь. Мөн гишүүд намын жагсаалтаар сонгогдох боломжгүй, зөвхөн ард түмнээс шууд сонгогдох зарчмыг тусгаж байгаа аж. 

Мөн УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах талаар оруулахдаа УИХ-ын гишүүн Үндсэн хуульд өөрөөр заагаагүй бол албан үүрэгт нь үл хамаарах албан тушаал хавсарч болохгүй. УИХ-ын гишүүн бүрэн эрхээ хэрэгжүүлэхдээ Үндсэн хууль зөрчсөнийг Үндсэн хуулийн цэц тогтоож, эгүүлэн татах үндэслэлтэй гэсэн дүгнэлт гаргасан бол тухайн эгүүлэн татах асуудлыг УИХ-аар хэлэлцэн шийдвэрлэхээр тусгаж байна. 

Энэ мэтчилэн зармын зөрүүтэй шинэ саналуудаас гадна ерөнхийдөө тусгасан зарим заалтуудыг онцлов.

Тухайлбал, УИХ-ын хариуцлагын хүрээнд УИХ-ыг тараах, Ерөнхийлөгч зарлиг гаргаж тараах зохицуулалтыг оруулж буйг Д.Лүндээжанцан гишүүн дурдав. Тодруулбал, сонгууль болсноос хойш 45 хоногт Ерөнхий сайдаа томилж чадахгүй бол УИХ-ыг тараана. Ерөнхий сайд итгэл үзүүлээгүй огцорсон тохиолдолд 30 хоногийн дотор дараагийн Ерөнхий сайдыг томилж чадахгүй бол УИХ-ыг тараах нь. УИХ үйл ажиллагаа явуулах боломжгүй гэж үзвэл Ерөнхийлөгч УИХ-ын даргатай зөвшилцөж, УИХ-ын гуравны хоёрын саналаар тарах механизмуудыг суулгаж өгчээ. 

Сүүлийн гурван парламент дамжиж буй Үндсэн хуулийн шинэчлэлийг энэ удаа хийхдээ 2000 оны дордуулсан долоон заалтаа эргүүлэн сэргээж байгааг дурдах хэрэгтэй. Энэ хүрээнд тухайлбал, УИХ-ын 20 гишүүн хууль баталчихдаг байсан гажуудлыг залруулж, нийт гишүүдийн олонх буюу 39-өөс доошгүй гишүүн хууль батлах нөхцөлийг бүрдүүлэх нь.