Гадаадад ажиллаж, амьдарч байгаа иргэд нийгмийн халамж, үйлчилгээнд хэрхэн хамрагдах талаараа төдийлөн мэдээлэлгүй байдаг. Тиймээс гадаадад ажиллаж, амьдарч байгаа иргэд нийгмийн даатгалд хэрхэн хамрагдах талаар Нийгмийн даатгалын ерөнхий газрын Бодлого хэрэгжилтийн газрын дарга Ц.Дашдондогоос тодрууллаа.
-Гадаадад ажиллаж, амьдарч байгаа иргэд хэрхэн нийгмийн даатгалд хамрагдах вэ?
-Нийгмийн даатгалын тухай хуульд зааснаар гадаадад байгаа иргэн хоёр хэлбэрээр даатгуулж болно. Тодруулбал, гадаадад хөдөлмөрийн гэрээгээр ажиллаж байгаа бол албан журмын даатгалд хамрагдах боломжтой. Харин албан бусаар эсвэл ямар нэгэн байдлаар гадаадад ажиллаж байгаа иргэдийн хувьд сайн дурын хэлбэрээр даатгалд хамрагдаж болно.
-Албан журмын даатгалд хамрагдах иргэд хэдэн төгрөг төлдөг юм бэ?
-Албан журмын даатгалд хамрагдах иргэдийн хувьд Монгол Улсаас БНСУ-д ажиллаж байгаа иргэд албан журмын хэлбэрээр даатгалд хамрагдаж байгаа. Нэг сард 40 мянган вон төлнө. Өөрөөр хэлбэл, давхар даатгал төлөхөөс чөлөөлөгдсөн гэсэн үг. Манай нийгмийн даатгалын газраас 2006 онд БНСУ-тай хамтран ажиллах гэрээ байгуулсан. Гэрээний хүрээнд одоогийн байдлаар БНСУ-д ажиллаж байгаа ирээд Монгол Улсын нийгмийн даатгалд буюу тэтгэвэрийн даатгалд шимтгэл төлж хамрагдаж байгаа.
-Тэгвэл бусад оронд ажиллаж байгаа иргэд сайн дурын нийгмийн даатгалд хамрагдаж болно гэсэн үг үү?
-Бусад оронд ажиллаж байгаа иргэдийн хувьд нийгмийн даатгалд хамрагдах хэд хэдэн арга зам байгаа. Тухайлбал, тухайн иргэн Монгол Улсад ажиллаж, амьдарч байгаа ах дүү төрөл садандаа итгэмжлэх өгөөд нийгмийн болон эрүүл мэндийн даатгалд хамрагдаж болно. Эсвэл гадаад руу явж ажиллахаасаа өмнө гэрээ байгуулаад даатгалд хамрагдах боломж бий. Мөн иргэд онлайнаар ороод нийгмийн даатгалд хамрагдах боломж бий. Тодруулбал, Нийгмийн даатгалын ерөнхий газрын вэбсайтаар ороод гэрээний дагуу бүртгүүлэх юм. Гэхдээ хамгийн гол нь шимтгэлийн төлбөр тооцоо хийх асуудал нь цэгцтэй шийдэгдээгүй байгаа. Тиймээс итгэмжлэгдсэн хүнээрээ дамжуулан Монгол Улсынхаа нийгмийн даатгалд хамрагдаж болно.
-Монгол Улсад байгаа эцэг, эх нь гадаадад ажиллаж байгаа хүүхдээ бүртгүүлэхийн тулд ямар материал бүрдүүлэх вэ?
-Хүүхдээ төлөөлж байгаа эцэг, эх ч мөн итгэмжлэхтэй байх ёстой. Гэхдээ тухайн хүний эцэг, эх гэдгийг батлах баримт байх ёстой. Сайн дурын даатгал хийлгэх гэж байгаа хүний зураг, иргэний цахим үнэмлэх, гадаад паспортын зурагтай хэсгийн хуулбар, нийгмийн даатгалын дэвтэртэй бол дэвтэр нь байхгүй бол шинээр нээлгэнэ. Тэгээд даатгалд хамрагдах гэж байгаа хүний орлогыг тодорхойлно. Учир нь даатгалд хамрагдах иргэн 122 мянгаас 1.9 сая төгрөгийн орлоготой байх ёстой. Төлөх шимтгэлийн хэмжээ нь 12 хувиар төлнө. Үүний 10 хувь нь тэтгэврийн даатгалын санд, нэг хувь нь үйлдвэрлэлийн осол мэргэжлээс шалтгаалах даатгалын санд тус тус төлөгдөнө.
-Албан журмын даатгалд хамрагдах боломжтой улсын тоог нэмэх талаар ямар нэгэн ажил хийгдэж байгаа юу?
-Албан журмын даатгалын хувьд одоогоор зөвхөн БНСУ-тай хэлэлцээр хийн ажиллаж байна. Харин ОХУ, Казахстан, Унгар улстай хамтын ажиллагааны гэрээтэй ажиллаж байгаа. Гэхдээ БНСУ-тай арай өөр хэлбэрээр хамтран ажиллаж байна. Тодруулбал, тухайн иргэн ОХУ-д ажиллаж байсан иргэн тэтгэвэрт гарах тохиолдолд ажилласан жил нь орж тооцогдоно.
ОХУ-д ажиллах хугацаандаа тухайн улсын хууль тогтоомжийн дагуу шимтгэлээ төлнө гэсэн үг. ОХУ-ын иргэд ч мөн адил Монголд ажиллаж байсан иргэдийн шимтгэлээ төлөөд явсан бол тэтгэвэрт гарахад нь ажилласан жил нь тооцогдоод явна. Харин Унгар улсын хувьд бол арай өөр зохицуулалттай байгаа. Тодруулбал, хоёр улсын ажилласан хугацааг нэгтгэн тооцоод тэтгэвэрээ бодохдоо тухайн улсад ажилласан хугацаанд нь ногдох тэтгэврийг олгоно.
Өөрөөр хэлбэл, монголдоо 15, Унгарт 10 жил ажилласан хүн байвал нийлүүлээд 25 жил ажилласан байна гэж тооцоод бүрэн тэтгэвэрийн эрх үүснэ. Тиймээс Монгол Улсын хуулиар бол 15 жилд ногдох тэтгэврийг манай талаас, 10 жилд ногдох тэтгэвэрийг Унгарын талаас олгох юм. Унгар улсын хувьд тэтгэвэрт гарах нас нь 62, манай улс 60 настай гардаг.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!