Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/06/27-НД НИЙТЛЭГДСЭН

Европ тивд хагас тонн жинтэй шувуу хүмүүстэй зэрэгцэн амьдарч байсныг эрдэмтэд баталжээ

Э.Сэмүүн, ikon.mn
2019 оны 6 сарын 27
iKon.MN
Зураг зураг
00:00 00:00
Европ тивд хагас тонн жинтэй шувуу хүмүүстэй зэрэгцэн амьдарч байсныг эрдэмтэд баталжээ
Sara, ikon.mn - text to speech

Крымийн хойгт орших агуйгаас эрдэмтэд эртний аварга том нисдэггүй шувууны яс олсон байна.

Дэлхийн бөмбөрцгийн хойд хагасаас анх удаа ийм том шувууны үлдэгдэл олсон нь энэ ажээ. Өмнө нь эрдэмтэд ийм том шувууны ясыг зөвхөн экватораас өмнө хэсэгт илрүүлж байсан юм. Эрдэмтэд эхэндээ уг олдворыг эртний зааны яс гэж бодож байсан тухайгаа ярьжээ.

Агуйгаас олдсон 40 см урттай дунд чөмөг нь энэхүү амьтныг 1.5-аас 1.8 сая жилийн өмнө амьдарч байсныг харуулж байна. Европ тивд Африкаас орчин үеийн хүний өвөг Хомо эректус нүүдэллэж ирсэн хугацааг 1.2 сая жилийн өмнө гэж үздэг тул аварга шувууд эртний хүмүүстэй зэрэгцэн амьдарч байсан гэж дүгнэжээ.

Европт тивд ирсэн анхны хүмүүсийн хувьд энэ шувуу хоол хүнсний чухал эх үүсвэр болсон байх магадлалтайг эрдэмтэд бичсэн байна.

Аварга шувуу 450 кг жинтэй, 3.5 метр өндөртэй байсан гэж тооцоолж байгаа бөгөөд өнөөдөр дэлхий дээр амьдарч байгаа хамгийн том шувуу болох тэмээн хяруулаас гурав дахин хүнд жинтэй гэсэн үг юм.

Эрдэмтэд энэхүү амьтан ямар шалтгаанаар устсан, хэр хэмжээний газар нутаг эзлэн амьдарч байсан зэргийг үргэлжлүүлэн судлахаар болжээ. Оросын эрдэмтдийн нээлтийг "Journal of Vertebrate Paleontology" сэтгүүлд мэдээлсэн байна.

 

Эх сурвалж: The Guardian