Өмнөд Солонгосын поп урлагийг дэлхийд танилцуулж байгаа BTS хамтлаг өнгөрсөн хугацаанд Америк, Европын зургаан хотоор аялан тоглохдоо нийт $79 саяын орлого олжээ.
Тавдугаар сарын эхээр тэд АНУ-ын Лос Анжелес, Чикаго, Нью Жерси хотуудын цэнгэлдэх хүрээлэнд “Love Yourself: Speak Yourself” нэртэй тоглолтоо хийхдээ 299,770 ширхэг тасалбар зарж, $44 саяын орлого олсныг Billboard Bоxscore мэдээлсэн байна.
Үүнийхээ дараа BTS хамтлаг Бразилийн Сан Пауло болон Лондон, Парис хотуудад тоглохдоо нийт $35 саяын орлого олжээ.
Эдгээр зургаан хотод хийсэн аялан тоглолтоороо нийт 606,409 ширхэг тасалбар зарж, $79 саяын орлого олсон байна.
Зөвхөн Лос Анжелесын Rose Bowl-д хийсэн тоглолтоороо $16.6 саяыг олсон нь тус цэнгэлдэх хүрээлэнгийн түүхэнд шинэ дээд амжилт болжээ. Өмнө нь энд тоглолтоо хийж байсан Тэйлор Свифт, U2, Бэйонсе, Jay-Z, Eminem, Rihanna зэрэг одууд ийм хэмжээний орлого олж байгаагүйг Billboard Boxscore онцолсон байна.
BTS хамтлаг долдугаар сард Японы Осака хот, Шизүока мужид аялан тоглолтоо үргэлжлүүлэх юм.
Эх сурвалж: Billboard
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!