Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/06/11-НД НИЙТЛЭГДСЭН

Шанхайд суух Ерөнхий консулаар Ё.Нямжавыг томилох саналд БНХАУ-ын Засгийн газраас зөвшөөрсөн хариу ирүүлжээ

Т.Саран, iKon.mn
2019 оны 6 сарын 11
iKon.MN
Зураг зураг

БНХАУ-ын Шанхай хотод Монгол Улсын Ерөнхий Консулын газрыг нээн ажиллуулах тухай тогтоолыг УИХ-ын чуулганаар 2019 оны хоёрдугаар сарын 1-ний өдөр баталсан байдаг.

Шанхайд Консулын газар нээх тогтоолыг Монгол Улсын Засгийн газраас өргөн мэдүүлсэн юм.

Харин тус Консулын газарт улсаа төлөөлөн суух Ерөнхий консулаар Ё.Нямжавыг томилох шийдвэрийг холбогдох хуулийн дагуу өнгөрсөн дөрөвдүгээр сард Засгийн газраас гаргажээ.

Нэр дэвшигчийг томилох эсэх тухай БНХАУ-ын Засгийн газартай зөвшилцөж, санал авдаг байна. Энэ дагуу ГХЯ-наас Монгол Улсын Засгийн газраас гаргасан саналыг илгээсэн бөгөөд Ерөнхий консулаар Ё.Нямжавыг томилохыг зөвшөөрсөн хариу ирүүлжээ. Ингэснээр түүнийг томилох асуудал шийдэгдэж байна.

Хуулийн дагуу Ерөнхий Консулыг Засгийн газар томилдгийг эх сурвалж хэллээ.

Ё.Нямжав нь Хүмүүнлэгийн ухааны их сургуулийг төгссөн. Мөн БНХАУ-д боловсрол эзэмшсэн. 2001 оны Монголын сайхан бүсгүйгээр тодорч байсан юм.

Шанхай хот дахь Ерөнхий консулын газрыг гурван орон тоотой байхаар төлөвлөж, тус газрыг нээх, үйл ажиллагааг нь эхлүүлэхтэй холбоотой зардлыг 2019 оны төсөвт суулгажээ.

Шанхай хотод Ерөнхий консулын газар нээснээр тус хотоос гадна Хятадын зүүн болон зүүн өмнөд хэсгийн Гуандун, Фужян, Жөжян, Анхуй, Жянсу зэрэг таван мужид ажиллаж, амьдарч, суралцаж буй монгол иргэдийг харьяалуулах аж. 700 орчим монгол оюутан Шанхайд хотод суралцдаг байна.

Түүнчлэн Монгол Улсыг сурталчлан таниулах, хөрөнгө оруулалт татах зорилгоор соёл, урлаг, хүмүүнлэгийн арга хэмжээ тогтмол зохион байгуулах, олон улсын арга хэмжээнд идэвхтэй оролцох, Шанхайн банк, санхүү, хөрөнгийн биржийн үйл ажиллагааг сайтар судалж, дотоодын компани, аж ахуйн нэгжүүдэд олон улсын зах зээлд хувьцаа, IPO гаргахад дэмжлэг үзүүлэх, далайд гарах, дамжин өнгөрөх тээврийн харилцаа, хамтын ажиллагааг хөгжүүлэхэд Ерөнхий консулын газар чухал үүрэг гүйцэтгэнэ гэж тогтоолд заажээ.

 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.