Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/06/06-НД НИЙТЛЭГДСЭН

Л.Бадралт: Зөрчлийн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах нэлээд асуудал бий

Г.Өлзийхутаг, iKon.mn
2019 оны 6 сарын 6
iKon.MN
 

Сүүлийн үед гүтгэх, байгаль орчны эсрэг, замын хөдөлгөөний аюулгүй байдлын болоод Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хууль зөрчсөн хэргүүд их гарч буйг прокурорууд онцлов. 

Гэр бүлийн хүчирхийлэл, танхайн гэмт хэрэг нийт зөрчлийн 10-15 хувийг тус тус эзэлдэг бол замын хөдөлгөөний хууль тогтоомжийг зөрчих зөрчил нь нийт зөрчлийн 30-40  хувийг дангаараа эзэлдэг байна. Тухайлбал өнгөрсөн онд замын хөдөлгөөний аюулгүй байдлын журам зөрчсөн захиргааны нийт 1,631,966 зөрчил гарснаас 1,554,087-г нь торгосон бол 26,098 жолоочийн эрхийг хасаж, 6,134 жолоочийг баривчилжээ.

Зөрчлийн тухай хууль, зөрчил шалган шийдвэрлэх хуульд нэмэлт өөрчлөлт оруулах хэрэгтэй
 

УЕПГ-ын Зөрчлийн хэрэг бүртгэх ажиллагаанд хяналт тавих хэлтсийн ахлах прокурор Л.Бадралт "Зөрчлийн хэрэг улам л нэмэгдэж байна. 2017 оны сүүлийн хагас жилд улсын хэмжээнд 600 мянга гаруй зөрчил илэрсэн бол 2018 оны бүтэн жилийн байдлаар зөрчлийн тоо 1.5 саяд хүрсэн. Харин энэ оны эхний таван сарын байдлаар 600 мянга гарчихсан байгаагаас үзэхэд оны төгсгөлд 1.5 саяас ч өсөх төлөвтэй байна. Эдгээр зөрчлүүдээс урьдчилан сэргийлэх дорвитой юм хийхгүй бол хэцүү нөхцөл үүсээд байна.

Мөн Зөрчлийн тухай хууль,зөрчил шалган шийдвэрлэх хуульд нэмэлт өөрчлөлт оруулах нэлээд асуудал бий. Тухайлбал, хулгайлах гэмт хэргийг хуучин эрүүгийн хуулиар зохицуулдаг байсан. Харин одоо 300 мянган төгрөгнөөс доош хохиролтой зөрчил хэргийг зөрчлийн хуулиар шийтгэдэг болсон. Гэвч олон удаагийн болон олон дүүрэг дамжсан хулгайн гэмт хэргийн хохирол нь 300 мянгаас доош тохиолдолд зөрчлийн хэрэг гэж үзэх нь зөв үү. Тиймээс бид эрүүгийн хуулинд хулгайлах гэмт хэргийн заалтыг оруулах саналыг тавьсан.

Эрүүгийн хэргийг нэгтгэн тусгаарлаж, шалган шийдвэрлэдэг боловч зөрчлийн хуулиар боломжгүй байдаг. Өөрөөр хэлбэл зөрчил гаргасан үйлдэл бүр дээр нь шийтгэл оногдуулна гээд заасан. Тиймээс тухайн хууль зөрчсөн этгээд хэдэн ч удаа зөрчил гаргаж, хянан шийдвэрлүүлээд байх боломжтой байдал үүсдэг. Энэ асуудлыг бид бүх прокурорын газрын саналыг нэгтгэн Хууль зүй дотоод хэргийн яаманд 3-4 удаа хүргүүлсэн.

Харин тус яам энэ саналуудыг ажлын хэсэг байгуулан хэлэлцэж, тодорхой саналуудыг хүлээж авч, заримыг нь хэлэлцүүлэх шаардлагатай гэсэн байр суурьтай байна. Өнөөдрийн энэ зөвлөгөөнөөр хууль тогтоомжийг боловсронгуй болгох чиглэлээр бид ямар асуудлыг нэгтгэж холбогдох байгууллагууд руу явуулахаа тодорхойлно" гэв. 

Байгаль орчны аюулгүй байдлын зөрчил, барилгын хууль тогтоомжийг зөрчсөн зөрчлийг шийдвэрлэхэд хүндрэлтэй байдаг

Орхон аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Ч. Сэлэнгэ "Орхон аймгийн хувьд зөрчил хянан шийдвэрлэх эрх бүхий 19 байгууллагын 285 орчим эрх бүхий албан тушаалтанд зөрчлийн хэрэг хяналтын ажиллагаа хэрэгжүүлж ажилладаг. Өнгөрсөн сарын байдлаар манай аймагт 14,500 гаруй зөрчлийн шинжтэй гомдол мэдээлэл бүртгэсэн. Үүнээс замын хөдөлгөөнд аюулгүй байдлын хууль тогтоомжийг зөрчсөн зөрчил нийт зөрчлийн 85 хувийг эзэлж байна. Харин гэр бүлийн хүчирхийлэл, олон нийтийн газар танхайрах зөрчил нийт зарчлийн 20 орчим хувийг эзэлдэг.  Замын хөдөлгөөний хууль тогтоомжийг зөрчсөн зөрчилд согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон, жолоодох эрхгүйгээр замын хөдөлгөөнд оролцсон гэх зөрчлүүд дийлэнх хувийг эзэлж байна. 

Байгаль орчны аюулгүй байдлын зөрчил, барилгын хууль тогтоомжийг зөрчсөн зөрчлүүдийг шийдвэрлэхэд хүндрэлтэй байдаг. Учир нь Орхон аймагт зөвшөөрөлгүйгээр барилга барьсан, өргөтгөл хийсэн зөрчлүүд их бий. Энэ нь зөрчлийн тухай хууль хэрэгжиж эхлэхээс өмнө баригдсан байдаг тул хөөн хэлэлцэх хугацаа нь дууссан гэж үзээд зөрчлийн тухай хуулиар шийтгэх боломжгүй байдал үүсч байна" гэлээ.

АНХААРУУШТАЙ СТАТИСТИК:

Өнгөрсөн онд 24 иргэнд хоёр сая, 25 сэтгүүлчид тус бүр хоёр сая, гурван хуулийн этгээдэд тус бүр 20 сая төгрөгийн торгууль оногдуулжээ. Харин байгаль орчны зөрчлийг авч үзвэл ойн тухай хууль, ашигт малтмалын тухай хуулийг зөрчсөн хэрэг Сэлэнгэ, Хөвсгөл, Баянхонгор аймагт түлхүү гарч байгаа аж. Мөн зам тээврийн осолд өртсөн хэрэгслийн 75.2 хувь нь 10 жилээс дээш насжилттай, 72.4 хувь нь буруу талдаа хүрдтэй байгаа нь анхаарах ёстой зүйл болохыг мэргэжилтнүүд хэлж байна.

Өнөөдөр болсон "Прокурорын байгууллагын зөрчлийн хэрэг бүртгэх ажиллагаанд хяналт тавих ажил хариуцсан прокуроруудын анхны нэгдсэн зөвлөгөөн"-д нийт 66 прокурор оролцлоо.