Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/06/05-НД НИЙТЛЭГДСЭН

"E-Police" аппликэшнийг ашиглан мэдээлэх зам тээврийн зөрчлүүд

Г.Өлзийхутаг, iKon.mn
2019 оны 6 сарын 5
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг Mpa.mn

Тээврийн цагдаагийн алба камер, аппликэшн ашиглан өдөрт нэгдүгээр эгнээгээр явсан 3,000-5,000 орчим зөрчил, хурд хэтрүүлсэн зөрчил 500-1,000 зөрчил илрүүлдэг аж.

Тус албанаас хяналтын камераар илрүүлсэн болон иргэдийн оролцоотойгоор зам тээврийн зөрчлийг илрүүлэх боломжтой "Цахим замын цагдаа"  фэйсбүүк хуудас, “E-POLICE” аппликэшний талаар өнөөдөр мэдээллээ.

"Цахим замын цагдаа" фэйсбүүк хуудсанд 30-50 зөрчлийн мэдээлэл ирдэг
 
Гэрэл зургийг Mpa.mn

Тээврийн цагдаагийн албаны урьдчилан сэргийлэх хэлтсийн ахлах мэргэжилтэн Б.Лхагважаргал "Цахим замын цагдаа фэйсбүүк хуудсын гол онцлог нь цагдаагийн алба хаагчид хяналт тавих боломжгүй цэгт, ялангуяа хорооллын дундах замуудад тээврийн хэрэгслийн зөрчлийг илрүүлэхэд оршино. Иргэд маань өөрсдөө "Иргэн бүр цагдаа" уриан дор "Цахим замын цагдаа" фэйсбүүк хуудсанд зам тээврийн зөрчлийг илгээж, хариу авах боломжтой. Тээврийн цагдаагийн албанд иргэдийн ирүүлсэн мэдээллийг харъяа дүүргийн замын цагдаагийн хэлтсүүд рүү шилжүүлэн арга хэмжээ тооцож ажиллаж байна. Мөн урсгал сөрсөн, зогсох зогсоолын дүрэм зөрчсөн мэдээлэл иргэдээс хамгийн их ирж байна. Өдөрт "Цахим замын цагдаа" фэйсбүүк хуудсанд 30-50 зөрчлийн мэдээлэл ирдэг" гэв. 

 Шар тэмдэг, тэмдэглэгээ рүү орох хориотой дүрэм өнгөрсөн сарын 20-ноос хэрэгжиж эхэлсэн
 
Гэрэл зургийг Mpa.mn

Замын хөдөлгөөний удирдлагын төвийн олон нийт, сургалт судалгаа хариуцсан мэргэжилтэн Х.Гансүх "Улаанбаатар хотод гол уулзварууд дээр нийт 37 хяналтын камер ажиллаж байна. Мөн нийслэлд нийт 150 уулзварт гэрлэн дохио байгаагаас 80 гэрлэн дохиог онлайнаар шууд удирдан замын хөдөлгөөнийг зохицуулдаг. Он гарсаар хяналтын камер ашиглан нийт 2,700 орчим осол саадыг илрүүлж, 944 орчим замын саадад зохицуулалт хийсэн. Өмнө нь өдөрт 1,500 орчим иргэн гэрэл дохио зөрчиж, 1,000 орчим иргэн хурд хэтрүүлдэг байсан бол замын хөдөлгөөний удирдлагын төв байгуулагдаж, камераар хянах болсноор тэдгээр зөрчлүүд 200 ч хүрэхгүй болсон.

Мөн шар тэмдэг, тэмдэглэгээ рүү орох хориотой дүрэм өнгөрсөн сарын 20-ноос хэрэгжиж эхэлсэн. Одоогийн байдлаар нийслэлийн хэмжээнд дөрвөн уулзварт тус тэмдэглэгээ бий.  Баруун эргээд явган зорчигчид зам тавьж өгөхдөө шар тэмдэг дээр зогсвол, эсвэл зохицуулагчийн гэрэл дохиогоор шар тэмдэглэгээ дээр зогссон тохиолдолд тухайн тээврийн хэрэгсэлд хариуцлага тооцохгүй" гэлээ.

Иргэд аппликэшнээр зөрчлийн мэдээлэл  ирүүлэхдээ гурав хүртэлх зургаар баримтжуулах боломжтой 

Тээврийн цагдаагийн албаны замын хөдөлгөөн зохицуулах хэлтсийн ахлах зохицуулагч М.Гарьд "Тээврийн цагдаагийн алба замын хөдөлгөөний удирдлагын төвтэй хамтран замын хөдөлгөөний соёлыг дээшлүүлэх, зөрчлийг бууруулах, иргэдийн оролцоо, хяналтыг нэмэгдүүлэх, болзошгүй аюулаас урьдчилан сэргийлэх зорилгоор "E-Police" аппликэшн гарган ажиллаж байна. Тус аппликэшн гарснаас хойш иргэдээс нийт 7,000 орчим зөрчлийн мэдээлэл ирсэн. Үүнээс тухайн зөрчлийн мэдээлэл нотлох баримтын хэмжээнд байгаа эсэхийг үндэслэн одоогийн байдлаар 4,000 гаруй зөрчилд торгуулийн арга хэмжээ тооцон ажиллаж байна. Иргэдийн аппликэшнээр ирүүлж буй зөрчлийн мэдээлэл нь гурав хүртэлх зургаар баримтжуулах боломжтой. Гол нь иргэд тухайн обьектийг дүрсэлсэн зургуудыг тодорхой авч явуулах шаардлагатай" гэв.

Та бүхэн  "E-Police" аппликэшнийг ашиглан дараах зөрчлүүдийг мэдээллэх боломжтой

  1. Түр болон удаан зогсохыг хориглосон газарт зогссон, тэмдэг тэмдэглэл зөрчсөн
  2. Явган хүний зам, гарч, ногоон байгууламж дээр зогссон
  3. Явган хүний зам, хөвөө, зорчих хэсгийн гадна талаар явсан
  4. Урсгал сөрсөн
  5. Үргэлжилсэн цагаан шугам давж зүүн гар тийшээ эргэсэн, буцаж эргэсэн
  6. Эгнээ байр буруу эзэлсэн
  7. Гэрлэн дохио зөрчсөн
  8. Улсын дугаар арилсан, үзэгдэх байдал муудсан
  9. Утаа хэт ихээр ялгаруулсан / бүрэн бус/