Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/05/29-НД НИЙТЛЭГДСЭН

"Монгол Улсын гадаад өр 29.5 тэрбум ам.доллар"

Б.Жаргалмаа, IKON.MN
2019 оны 5 сарын 29
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Монголбанкны танилцуулснаар төлбөрийн тэнцэл энэ оны эхний улиралд 219 сая ам.долларын ашигтай гарчээ. Урсгал дансны алдагдал буурсан бөгөөд гадаад худалдаа, тэр дундаа экспортын орлого нэмэгдсэн байна.

Төлбөрийн тэнцэл ашигтай гарахад МИК ХК-ийн олон улсын зах зээлээс босгосон бондын эх үүсвэр болох 300 сая ам.доллар орж ирсэнтэй холбоотой аж. Үүний нөлөөгөөр гадаад валютын нөөц нэмэгдэж, 3.7 тэрбум ам.доллартай тэнцжээ

Гадаад хөрөнгө оруулалтын позиц буюу Монгол Улсаас гадаадад оруулсан хөрөнгө оруулалт, гадаад улсаас Монголд орж ирсэн хөрөнгө оруулалтын зөрүү -34.3 тэрбум ам доллартай гарчээ. Энэ нь өмнөх сараас 719 сая ам.доллараар өссөн үзүүлэлт. Шалтгаан нь Монгол Улсад орсон гадаадын шууд хөрөнгө оруулалт 470 сая доллараар нэмэгдсэнээс гадна дээд дурдсан бонд 345 сая ам.доллар, зээл 124 сая ам.доллараар тус тус өссөн нь нөлөөлжээ. 

Монгол Улсын гадаад өр 2019 оны нэгдүгээр улирлын байдлаар 29.5 тэрбум ам.долларт хүрч, өмнөх оны нэгдүгээр улирлаас 800 сая ам.доллараар өсөв. Энэ өсөлтад 

  • МИК ХК-ийн бондын 300 сая доллар
  • арилжааны банкуудын татсан 163 сая долларын эх үүсвэр нөлөөлжээ.

Оны эхний улирлын байдлаар:

  • Засгийн газрын өр 7.3 тэрбум ам.доллар
  • Төв банкны өр 2.0 тэрбум ам.доллар
  • Банкуудын өр 2.4 тэрбум ам.доллар
  • Гадаадын шууд хөрөнгө оруулалт болон зээлийн өр 9.4 тэрбум ам.доллар
  • Бусад салбарын өр 8.4 тэрбум ам.доллартай тэнцэж байгааг Монголбанк танилцууллаа.