Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/05/29-НД НИЙТЛЭГДСЭН

А.Амаржин: Хүүхдүүд бид өөрсдийгөө хамгаалахын тулд хөгжих, хөгжихийн тулд оролцох ёстой

Б.Бадамгарав, IKon.mn
2019 оны 5 сарын 29
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Нийслэлийн Хүүхдийн төлөө зөвлөлөөс 2017 оны 05 дугаар сарын 30-ний өдрийн 03 тоот тогтоолоор Нийслэлийн хүүхдийн төлөө зөвлөл жил бүрийн тавдугаар сарын сүүлийн долоо хоногийн Лхагва гарагийг Нийслэлийн “Хүүхдээ сонсох өдөр” болгон тэмдэглэж байхаар шийдвэрлэсэн. Энэ өдрийн хүрээнд өнөөдөр “Хүүхэд бидний аюулгүй орчин” сэдэвт хэлэлцүүлгийг зохион байгууллаа.

Нийслэлийн гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Н.Мандуул "Хүүхдээ сонсох өдрийг хоёр жилдээ зохион байгуулж байна. Өнгөрсөн онд есөн дүүргийн хүүхдүүдээс ирсэн саналыг багцлан 62 ажил хийгдсэн бөгөөд хэрэгжилт нь 87 хувьтай байв. Энэ жил хүүхдийн хамгаалал ба эцэг, эхийн үүрэг хариуцлагын асуудлыг хөндөнө. Хүүхэд өөрөө эрх зүйн бүрэн чадамжгүй тул түүний дутууг гүйцээгч нь эцэг, эх, асран хамгаалагч нар. Тиймээс эцэг, эхчүүд үүрэг хариуцлагаа сайтар ухамсарлаасай гэж хүсэж байна" гэлээ.

 
Гэрэл зургийг mpa.mn

Сурагчдын хувьд гэр бүлийн орчноос гадна сургуулийн болон цахим орчинд тулгамдаж асуудлыг хөндөж мөн байв. Түүнчлэн энэ жилийн онцлог болж буй хүүхэд хамгаалал, хүүхдийн аюулгүй байдлыг хангахад хэрхэн анхаарах талаар Нийслэлийн хүүхдийн холбооны тэргүүн, 33 дугаар сургуулийн сурагч А.Амаржин "Хүүхэд хамгаалалд төр ба эцэг, эхийн оролцоо мэдээж хэрэг чухал ч хүүхдүүд өөрсдийгөө хамгаалах хэрэгтэй гэдэгт анхаарлаа хандуулж байна. Бид өөрсдийгөө хамгаалахын тулд хөгжих ёстой, хөгжихийн тулд оролцох ёстой буюу оролцоогоор дамжуулан хөгжих нь хамгийн оновчтой арга гэдэг дээр хүүхдүүд санал нэгдсэн" хэмээв.

Мөн Чингэлтэй дүүргийн Хүүхдийн элч С.Сарангэрэл "Хүүхдүүдийн саналыг сонсоход хүүхдүүд өөрсдийгөө хамгаалахыг хүсэж байна. Гэвч ямар нэгэн байдлаар хүчирхийлэлд өртсөн тохиолдолд хаана хандахаа мэдэхгүй байна гэдэг. Тиймээс хүүхдүүдэд тэдний эрхийг хамгаалах чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг төрийн болоод төрийн бус байгууллагын үйл ажиллагаа сурталчлах ажлыг эрчимжүүлж байна" гэлээ.

 
Гэрэл зургийг mpa.mn

Нийслэлийн хүүхдүүд өөрсдөдөө тулгамдаж буй асуудлыг Гэр бүлийн орчин, сургуулийн орчин болон цахим орчин гэсэн гурван хэсэгт хуваан танилцуулж, шийдвэр гаргах түвшний төлөөлөлд танилцуулан, хамтдаа шийдлийг хэлэлцэж байна. 

Гэр бүлийн орчин:

  • Гэр бүлийн хүчирхийллийг бууруулахад чиглэсэн нөлөөллийн ажил явуулах
  • Гэр бүл салалтаас урьдчилан сэргийлэх ажлууд явуулах
  • Эцэг эхийн буруу үлгэр дуурайллыг зогсоох
  • Багш эцэг эхийн хоорондын харилцааны зөрчлийг багасгах
  • Эцэг эхийн холбооны үйл ажиллагааг эрчимжүүлэх
  • Эцэг эхчүүдэд өсвөр насны хүүхэдтэй ажиллах арга зүйд сургах

СУРГУУЛИЙН ОРЧИН:

  • Сэтгэл санааны, бие махбодын, үл хайхрах хүчирхийлэлд багшийн зүгээс хүүхдүүд өртөж байна
  • Сурагчдаа ялгаварлан гадуурхах
  • Залуу багш нарын заах арга зүй дутмаг
  • Дүнгээр боох
  • Ажилтан, албан хаагчдын харилцааны доголдол
  • Хичээлийн цагаар багш нарыг сургалтын менежерүүд дууддаг нь хичээлийн 40 минутад хүүхдийн аюулгүй байдал алдагдах эрсдэлтэй
  • Багш нар хичээлийн цагаар угсаар ярих асуудал их байна
  • Сургуульд үе тэнгийн дээрэлхэлд их гарч байна
  • Багш, ажилчид хүүхэдтэй зүй бус харьцдаг
  • Насанд хүрэгчид сургууль дээр ирж хүүхдүүдээс мөнгө, утас зэргийг дээрэмддэг

ЦАХИМ ОРЧИН

  • Үе тэнгийн дарамт дээрэлхэлд
  • Цахим орчин дахь хүүхдийн эрхийн зөрчил
  • Эцэг эхийн зүгээс ирэх дарамт шахалт
  • Сургууль болон амьдарч буй орчны аюулгүй байдал 
  • Хулгай, дээрэм, хог хаягдал, золбин нохой, гэрэлтүүлэггүй, эргүүлүүд муу ажилладаг гэсэн асуудлуудыг дэвшүүллээ.