Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/05/28-НД НИЙТЛЭГДСЭН

ЗӨВЛӨГӨӨ: Коридор болон нийтийн талбайн буланг ашигтайгаар тохижуулах нь

Барилга.мн
2019 оны 5 сарын 28
Барилга.МН
Зураг зураг

Бодож, төлөвлөн байшин барьчихаад, өөрийн хобби, сонирхлоо хөгжүүлж суух хэсэг гаргахгүй л бол хувийн байшин барьсны хэрэг юу билээ. Чөлөөт цагаараа дуртай зүйлээ хийж цагийг зугаатай өнгөрүүлэх орчинг хэрхэн бүрдүүлж төлөвлөх талаар танилцуулъя.

Шатны хажууд байрлах, гэр бүл хамтдаа хэрэглэх ажлын хэсэг:

 

Шатны дээд буланг ажлын хэсэг болгон тохижуулсан байгаа нь. Томчуудаас гадна хүүхдүүд ч компьютер ашиглан сууцгаана. Нүдний өмнө цонх байгаа нь битүү мэдрэмжийг арилгаж, тааламжтайгаар ажиллах орчин болж чаджээ. “Гэрийн хаа нэг  дундын хэрэглээний ажлын хэсэгтэй баймаар байна”, “Гэр бүлийнхэн нэг мэдэхэд цуглачихдаг, хоорондоо харилцдаг тийм хэсгийг бүрдүүлмээр байна” хэмээн ярих хүмүүс нэлээдгүй. Энэ үүднээс  хооллож амрах өрөө буюу хэлж заншсанаар LD-ийн нэг буланд компьютерийн ширээ байрлуулах буюу коридорыг өргөн төлөвлөөд  хичээлийн булан гаргах гээд янз бүрийн санааг хэрэгжүүлдэг болсон. 

Мөн гэр бүлийн гишүүн бүрийн цуглуулыг багтаасан номын санг хүмүүс дуртайяа дэмждэг. Аав ээжийнхээ дуртай зохиолыг хүүхдүүд унших боломж бүрдэнэ гэдэг гэр бүл хамтдаа  уншиж бичих онгодыг төрүүлж, уншсан зүйлийнхээ талаар саналаа солилцон, харилцаа өргөжих хөшүүрэг болдог. Таазыг тултал тавиур хийвэл ном сэлтийг хангалттай агуулж чадна. Номын тавиурыг коридорын хана болон шатны эргэн тойрны хананд хийвэл их зүгээр байдаг. Коридорын талбайг жаахан өргөхөн төлөвлөж, жижиг ширээтэй буланг хийн, тэрүүхэндээ “таааралдах” газрыг хийвэл, чөлөөтэй зочны өрөөнөөс арай өөр нийтийн хэсэг бүрдэнэ.

Давхар дундын зайд ажлын булан хийх нь:

 

1 болон 2 давхрын уулзвар талбайг өргөн төлөвлөж, ширээ байрлуулсан байгаа нь. LD-ээс хүүхдийн өрөө лүү очих замд болохоор, гэр бүлийнхэн тааралдахад хялбар байрлал болсон байна. Цомхон бөгөөд нээлттэй байдал нь чөлөөтэй уур амьсгалыг төгс цогцлоосон байна.  

Урландаа сонирхлоо хөгжүүлэн хүссэнээрээ амьдрах нь

Өөрийн гараар юм бүтээх сонирхолтой хүний хувьд тоноглол бүхий өрөөтэй байна гэдэг мөрөөдөл. Тиймээс урланг хийхдээ аль болох LD-ээс харагдахуйц байдлаар төлөвлөж, гэр бүлийнхнийгээ ерөнхийд нь харангаа ажиллах боломжтойгоор төлөвлөж өгвөл тун сайн. Урланд ашиглах төхөөрөмжүүд ч онц аюултай биш бол давхар хүүхэд тоглох хэсгээр ашигласан ч болно. Урлантай байхын давуу тал нь, ажлын материал болон төхөөрөмжийг хамгийн сүүлд ашиглаж байсан тэр хэвээр нь үлдээж болдогт байдаг. 

LD мэтийн бусад өрөөнд ажиллахаас ялгаатай нь хооллох тоолонд заавал цэвэрлэж, хураах шаардлагагүй байдаг. Хийж байсан ажил тань дараагийн амралтын өдөр хүртэл тэр хэвээрээ хадгалагдаж байна гэж бодонгуут ажлаа дахин үргэлжлүүлмээр  сэдэл шууд төрж байгаа биз. 

Хувцас урлалд шамдан суух урлангийн хэсэг:

Зочны өрөөтэй зөвхөн гүйдэг хаалгаар тусгаарлагдаж буй урлан. Хувцас урлах сонирхолтой эзэгтэйд зориулж хялбар ажиллагаатай өрөөг бүтээж, багаж хэрэгсэл-материал зэргийг эвтэйхэн байрлуулж өгсөн байна. Хувцас болон жижиг эдлэлүүд эндээс л төрөх болно. 

Ажлын байраар ч ашиглах төсөрхөн үйлдвэрлэлийн хэсэг:

Байгалийн гаралтай исгэгчээр талх хийж кофе шоп зэрэгт нийлүүлдэг эзэгтэйн гэртээ хувийн талхны цех байршуулсан байдал.  Галын өрөөнөөс гарч, орж болохоор байрлуулсан тул өдөр болгоны гэрийн ажилттайгаа зэрэгцүүлэн ажлаа амжуулаад байхаар хялбар байдалтай харагдаж байна. 

Гэр бүлийнхэн цуглардаг газарт номын санг хийх нь:

 

Хүүхдийн номыг хүүхдийн өрөөнд, томчуудын уншдаг номыг ажлын өрөө юмуу унтлагын өрөөнд байрлуулах байдал нийтлэг байж магадгүй. Гэхдээ гэр бүлийнхний уншдаг номуудыг бүгдийг нь нэг номын санд төвлөрүүлэх нь олон талын ашигтай гэж зөвлөх байна. Ийм тохиолдолд, ах, эгчийн хичээлийн, аав ээжийн ажлын холбогдолтой номнуудад хүүхэд өөрийн эрхгүй сонирхож, татагддаг. Эндээс л гэр бүлийнхний сонирхлыг чиг хандлага болон аав ээжийн ажлын тухай ойлголт нь улам гүнзгийрэх болно.

Танин мэдэхүйн салбарын ном ойрхон байснаар шинэ санаа, сонирхол төрөх магадлал ч нэмэгдэнэ. Байршлын хувьд коридор, шатны хонгил, зочны болон хооллох хэсэг, ажлын өрөө гэх мэт гэр бүлийнхэн бүгд орж гардаг л бол ханаа ч байсан болно. Зөөлөн хавтастай нимгэн ном зэргийг хадгалах бол ханын зузааныг ашиглаж хийсэн мөчидхөн тавиур байсан ч хангалттай.   

Хооллох хэсгийн хананд эзэгтэйн хүсч байснаар том хэмжээний номын санг байгуулсан байна. Шалнаас бараг таазанд тулсан, уртаашаа 6.5 метр бүхий элбэг хэмжээ. Сургуулиас харьж ирсэн хүүхдүүд номын сангаас үргэлж зүүгдээстэй байна гэдэгт итгэлтэй байна.  

LD-д хийсэн лофт өрөөг олон төрлөөр ашиглах нь:

 

Дээрх айлын лофт өрөө нь LD-гээс гар хүрэх дайны өндөрт байна. Давхар нь харилцан адилгүй хэдий ч нэг өрөөнд байгаа мэт аж төрөх тул ирээдүйд хүүхдийн хичээлийн хэсэг болгохоор төлөвлөсөн байгаа. Шатны бариул талын хэсэгт гэр бүлийн бүх гишүүдийн номыг төвлөрүүлсэн байна.

Талбай хязгаарлагдмал, чөлөөтэй хэсэг гаргах боломжгүй бол өрөөг босоогоор нь ашиглах лофт өрөө байвал ямар вэ?. Өндөр таазтай байгаад лофт өрөө хийвэл, харцаа шилжүүлэх төдийд л таны өмнө гурван хэмжээст орчин нүд дүүрэн оршиж байх болно.

Лофт өрөөнд дулаан агаар хуримтлагдахдаа амархан болохоор таазны сэнс болон агааржуулагч, салхи нэвтрүүлэх цонх зэргийг суурилуулж өрөөний дулааныг зохистой хэмжээнд байлгаарай. Дээврийн цонх хийх бол нар хүчтэй тусах урд болон хойд зүгээс зайлсхийсэн нь оновчтой болно. Ялангуяа, хүүхдийн өндөр дээрээс доошоо харах сонирхол нь онцгой их байдаг мэт. LD зэрэгт хийж өгсөн тагт нь доод талбайтайгаа нэгдмэл оршиж байгаа ч, далд өрөөнд байгаа мэт тусгаар байдлыг мэдрүүлдгээрээ онцлог талтай. 

Үүдний хэсэгт бяцхан галерей хийж өгөх нь:

 

Том хэмжээтэй зөөлөн хавтанг үүдний хананд байрлуулж, эндээ хүүхдүүдийнхээ зурсан зураг, кино болон үзвэрийн танилцуулга зэргийг хадаж өгсөн байна. Давхар хар самбарын материал оролцуулснаар шохойгоор хэчнээн ч удаа сараачиж арилгаж болно. Мэдээж хүүхдүүд өөрсдийнх нь хийсэн бүтээлээр хана чимэглэсэн байгааг харвал баярлах нь ойлгомжтой. Харин томчууд чөлөөт цагаараа урласан гар урлалын бүтээл болон гэр бүлийн дурсамжтай зураг зэргээрээ чимэглэвэл зугаатай байх болно.

Гэр бүлийнхэн болон зочид явж өнгөрөх хэсэгт бяцхан галерей хийхээр төлөвлөвөл ямар вэ?. Галерей гэхээр заавал тусдаа талбай гаргах шаардлагагүй. Үүд болон коридорын хананд зөөлөн хавтанг гар хүрэхүйц өндөртэйгээр хийж өгөхөд л болох нь тэр. Цуг тоглохоор ирсэн найз болон өвөө, эмээ нар харахад ойрхон газрыг сонгох нь гол юм шүү. Өөр өөр үеийнхний нүдэнд өртөх болохоор хөгжилтэй харилцан яриа өрнөх нь гарцаагүй. 

Өргөнөөр ашиглаж чадах ажлын өрөө болгосон гарааш:

 

Хобби тань багаж сэлт ихтэйгээс томоохон талбай шаардагддаг бол дотор гараашийг ажлын өрөөгөөр тохижуулах нь тун оновчтой санаа. Хананд нь шүүгээ сав хангалттай хийж өгвөл багажтай харьцахад хялбар байж цагаа хэмнэн, үр дүнтэй ажиллаж чадна. Юмханаар юм хийх сонирхолтой хүнд ч гэсэн будаг болон модны үртэс мэт нь эргэн тойрон үсчихээс санаа зоволгүйгээр идэвхтэй ажиллах боломжтой тийм л ажлын байр болно. Аялал болон серфинг мэтийн спортлог сонирхолтой хүнд бол элдэв хогшлуудаа хураах газар болгосон ч эсвэл засвар үйлчилгээний хэсгээр ашиглахад маш тохиромжтой. 

Ажлын ширээ болон гар угаах хэсэг, залгуурын байрлал зэргийг урьдчилан тооцоолж төлөвлөгөөндөө багтаах нь ашиглалтад орсны дараа дутагдах зүйлгүй тухтай ажиллахын  үндэс юм. Илүү тухтай орчинг хүсвэл агааржуулагч байршуулах талаар бодоод үзээрэй. Ингэснээр аль ч улиралд олон цагаар түвэггүй ажиллаж, сонирхол, хоббидоо хөтлөгдөн чөлөөт цагаа хүр ашигтай мөн сонирхолтой байдлаар өнгөрүүлэх боломж бүрдэнэ.

Аяллын хэрэгсэл, агуулахын талаар бас бодох хэрэгтэй:

Аяллын элдэв хэрэгсэл болон бусад эд зүйлсийг хаана байрлуулах вэ гэдэг нь бас л нэг толгойн өвчин болдог. Иймээс эдгээр асуудлыг үүсэхээс нь өмнө төлөвлөлтөөр шийдээд өгвөл цаашид дутагдах зүйлгүй байж хоббигоо эрч хүчтэй үргэлжлүүлэх болно. Үүний тулд үүдний ойр ахиухан багтаамжтай шүүгээ хийж өгөхийг зөвлөе. Мөн автомашин зогсоолын саравчтай ойрхон байвал ачааг авч буулгахад амар байх болно. Шүүгээтэй ойр гадаа усны хоолой хийж өгвөл бүүр ч зүгээр. Юмс хэрэглэлийн бохирдлыг унагааах газар болон хураах газар нэг дор болсноор овор ихтэй ачааг зөөхөд хялбар болно.  

Загасчлах дуртай бол гадаанаа шүршүүр хийж өгсөн ч болно. Биеэ угааж, хувцас хэрэгслүүдээ дотогш оруулж тавихад хамгийн хэрэгтэй зүйл. Тэндээсээ үүд дамжилгүйгээр угаалгын өрөө болон ваннд шууд очдог байвал гэртээ ирсний дараа хөдөлгөөний урсгал ч хялбар байх болно. Эцэст нь хэлэхэд сонирхлоо дэмжиж өгсөн энэ мэт шийдлүүд нь амьдралаас авах таашаалыг улам ч нэмэгдүүлж өгдөг гэдгийг битгий мартаарай.

Зураг