Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/05/28-НД НИЙТЛЭГДСЭН

Г.Батхуяг: Зах зээлд нэвтэрч чадахгүй инноваци нь цаасан дээрх бүтээл төдий болж үлддэг

М.Үүрийнтуяа, Үндэсний шуудан
2019 оны 5 сарын 28
Үндэсний шуудан
Зураг зураг

СЭЗИС-ийн дэд профессор, ЗГХЭГ-ын Антрепренершип болон инноваци, хариуцсан зөвлөх Г.Батхуягтай ярилцлаа. Тэрбээр антрепренершил болон инновацийн чиглэлээр докторын зэрэг хамгаалсан анхны эрдэмтэн юм.

-Одоогоор ямар судалгаа хийж байгаа талаар нь ярилцлагаа эхэлье?

-Онолын судалгааныхаа үргэлжлэл болох туршилтын судалгааг бодит амьдралтай уялдуулан судалж байна.

Жишээлбэл, судалгааны гол талбар нь АНУ-ын зурагтны зах зээл юм. Анх дөрвөлжин телевиз байснаа хавтгай болж хөгжих хүртэл сүүлийн 20 жилийн бүх үйл явцыг судлаад, АНУ-ын зурагтны зах зээлийн гол тоглогчдын бүтээгдэхүүний инновацийг хэмжих, хөгжлийг нь шинжлэх, ирээдүйн хандлагыг тодорхойлох зорилгоор судалж байгаа юм.

-Инновацийн чиглэлээр судалгаа хийхэд юу нь таны сонирхлыг татдаг юм бэ?

-Ерөнхийдөө зах зээлийн метрикс буюу хэмжил зүйг сонирхож, судалж эхэлсэн. Сонирхож эхлээд илүү ихийг мэдэхийг хүсч, судалсаар байгаад судалгаандаа дуртай болдог. Цаашлаад судалгаагаа илүү нарийвчилж бүтээгдэхүүний инновацийг хэмжих асуудлыг түлхүү сонирхох болсон. Одоо энэхүү чиглэлээр мэргэшин судалгаа хийгээд гурван жил гаруй болж байна.

-Энгийнээр хэлбэл бүтээгдэхүүний ииновацийг хэрхэн хэмждэг юм бэ?

-Iphone, Samsung гээд хоёр өөр төрлийн гар утас байлаа гэж бодъё. Үүний аль нь илүү инновацлаг болохыг хэмжихдээ хоёр үндсэн үзүүлэлт ашигладаг. Зах зээлийн болон технологийн инновацлаг байдал гэсэн үндсэн хүчин зүйлд тулгуурлаж бүтээгдэхүүний инновацийг хэмждэг. Энэ нь практикийн болон онолын маш өндөр ач холбогдолтой. Одоогоор бүтээгдэхүүний инновацийг хэмжих нэгдсэн дүгнэлтэд хүрсэн судалгаа манайд байхгүй. Хэрхэн хэмжих арга барилыг гаргаж ирвэл аль нь инновацлаг бүтээгдэхүүн болохыг хүмүүс мэддэг болно.

-Манай улсын хувьд сүүлийн жилүүдэд инноваци гэж нэлээд ярих боллоо. Таныхаар инновацийг яаж хөгжүүлбэл зүгээр санагддаг вэ. Инноваци гэж ер нь юуг хэлээд байна вэ?

-Инновацийн салбар гэж ярихгүй. Бүх салбарт инноваци бий болж байдаг. Инновацийн хөгжил ямар түвшинд байгаа эсэхийг түвшин бүрт нь тодорхойлдог олон үзүүлэлт бий. Улс орны болон байгууллагын хэмжээнд гэх мэтээр тодорхойлж болно. Манай улсын хувьд шинэ нээлт хийх, шинэ патент авахаар голчлон инновацийг ойлгоод байгаа харагддаг. Гэтэл энэ бол инновацийн зөвхөн нэг хэлбэр.

Заавал их мөнгө зарж, ямар нэг лабораторид инноваци бий болох албагүй боловч шинжлэх ухаан технологийн хөгжил сайн байвал түүнийг дагаж инноваци хөгждөг юм.

Мөн улсын зах зээлийн хэмжээ инновацийн хөгжилд нөлөөлдөг. Хятад, Солонгос улсад гэхэд томоохон судалгааны хүрээлэнгүүд байгуулж, салбар бүрт инноваци бий болгох, хөгжүүлэх судалгаанууд хийж байна. Тэгэхээр манайд инновацийг хөгжүүлэхийн тулд түүний экосистемийг бий болгох нь хамгийн чухал. Дангаараа хөгжихөд хэцүү байдаг. Хууль, эрхзүйн болон зах зээлийн орчны хөгжил, иргэдийн боловсролын түвшин, технологи, дэд бүтцийн хөгжил гэх мэтээр олон хүчин зүйлийн нөлөөгөөр инноваци гарч байдаг. Иймээс асуудлыг цогцоор нь авч үзэх хэрэгтэй. Хамгийн чухал нь улсаас хараат бусаар инноваци бий болж, тэр нь зах зээл рүү нэвтэрч, эргээд дараагийн инновациа санхүүжүүлж байх систем бий болгох ёстой.

-Салбар бүрт инноваци гарах боломжтой гэлээ. Яг ямар тохиолдолд инноваци бий боллоо гэж үзэх вэ?

-Инноваци гэдэг бол зах зээлд шинэ бүтээгдэхүүн, үйлчилгээ нэвтрүүлэх явдал. Зах зээлд нэвтэрч чадахгүй бол инноваци нь нээлт буюу цаасан дээрх бүтээл төдий болж үлддэг. Шинэ бүтээгдэхүүнээ үр өгөөжтэй болтол нь тэжээж, бойжуулж хөгжүүлэх хэрэгтэй. Хүний амьдралд хүрээд, хүмүүс худалдаж авч байж л инноваци болно шүү дээ. Цаашлаад хүмүүст хэрэгтэй бүр амьдралыг нь өөрчлөх хэмжээнд инноваци бий болсон байдаг. Энэ жишээнд телевиз, нөүтбүүк, гар утас, хөргөгч, индүү, үзэг гээд бидний өдөр тутамдаа хэрэглэдэг бүхэн орно. Эдгээр бүтээл анхандаа шинэ санаа байсан. Зах зээл нь хүлээж аваад хөгжүүлснээр төгс инноваци болжээ.

-Монголын хувьд гар утас, хөргөгч шиг томоохон инноваци бий болгож байсан жишээ байна уу?

-Байлгүй яахав. Жишээлбэл, Чингис хааны үеийн Монголчуудын нум, сумны технологи тухайн үедээ маш инновацлаг байсан. Уян хатан, хөнгөн, хүчтэй, жижиг гэдгээрээ барууны орнуудын технологиос ялгарч байсан. Тиймээс морин дээрээс давхиж байхдаа хүртэл харвах боломжтой. Тэр үед барууны орнуудад нум, сумыг хүчтэй харвуулахын тулд том, урт хийдэг байсан учраас хэрэглэхэд тохиромжгүй байж. Манай энэхүү технологийн гол инноваци гэвэл малын шөрмөс, эвэр хоёрыг ашиглаад, гуравдагч илүү хүчтэй, хөнгөн, уян хатан материалыг гаргаж авсан байдаг. Орчин үед яг энэ зарчмаар зорчигч тээврийн “Айрбасс 380” гэж хамгийн том онгоцны эх биений бүрхүүлийг хийсэн байдаг. Хөнгөн боловч хүчтэй материал гаргаж авсан.

-Тэгвэл бид өөрсдийнхөө уламжлалт бүтээгдэхүүнээсээ илүү инновацлаг бүтээгдэхүүн бий болгож, дэлхийн зах заалд гаргах боломжтой юу?

-Хангалттай боломж бий гэж боддог. Манайхны хэлж заншсанаар Австралийн “UGG” гутлыг Монголд төдийгүй дэлхий даяар хүмүүс өмсөх дуртай байдаг. Анх Австралийн уугуул иргэдийн өмсдөг байсан гутлаас санаа аваад, түүнд тулгуурлан улам хөгжүүлээд энэхүү гутлыг зохиосон. “UGG” гутал нь дулаахан, зөөлөн, эвтэйхэн. Улмаар Австралийг дэлхийд таниулдаг нэг том брэнд болж хувирсан. Бидний хувьд Монгол гутал ч бас дутахааргүй баян түүхтэй бүтээгдэхүүн. Тиймээс арай өөрөөр сэтгэж, өөрчилж, сайжруулаад дэлхийд таниулах боломж байхыг үгүйсгэхгүй. Шинэ санаа гэдэг хэнээс ч, юунаас ч, хаанаас ч гарч ирж болдог. Гол нь өөрсдөө эрж хайх ёстой.

-Тэгэхээр шинэ санаа яаж гардаг юм бэ?

-Шинэ санааг байнга эрэлхийлж, өөрөөр сэтгэж, өдөөж байж бий болгох хэрэгтэй. Түүнээс ингэж шинэ санаа гарна, хөгжүүлнэ гэсэн баталгаатай алхам, тогтсон арга замууд байхгүй. Яаж бүтээлч байх, өөрөөр сэтгэх талаасаа өөрийгөө хөгжүүлэх хэрэгтэй. Бизнесийн хувьд нийгэмд байгаа аливаа асуудлыг зөв олж харах, олж харсан асуудалдаа тохирсон шинэлэг шийдлүүдийг боловсруулах, боловсруулсан шийдлүүдээ үнэлэх гэсэн аргаар санаагаа хөгжүүлж болно.

-Манайд гарааны бизнес эхэлсэн боловч тэсч үлдэхэд хэцүү байдаг гэж ярьдаг. Яаж тэсч үлдэх ёстой юм бол оо?

-Гарааны бизнес эхэлж байгаа хүмүүс аль хэдийн тогтсон бизнесийнхэнтэй өрсөлддөг. Мөнгө багатай байдаг. Иймээс үнэ, рекламаар өрсөлдөж чадахгүй. Гол нь бүтээгдэхүүнийхээ шинэлэг, онцлог байдлаар өрсөлдөнө. Бүтээгдэхүүн чинь ялгарч өөр байх ёстой. Ингэж чадаагүй бизнесийн 80 хувь нь 3-5 жил дотроо унадаг.

Манайд гарааны бизнесийг эхлэхэд нь дэмжээд, цаашдаа дэмжихээ больдог, дахиж шинэ санааг нь ярьдаггүй, юу болсон нь мэдэгдэхгүй орхигддог тал ажиглагддаг. Ихэвчлэн эхний таван жилдээ бизнес нь хөлөө олдоггүй учраас өр, зээл тавин байж эхлүүлсэн бизнестээ тэсч үлдэх хэрэгтэй. Өрсөлдөх чадварт нь хүргэх хэрэгтэй. Гарааны бизнес гэж нэрлэж байгаа ч гэсэн барианд хүрэх ёстойгоо битгий мартаарай. Гарааны бизнест “мод тарина” гэдэгтээ ижилхэн хандаж байна. Яаж байна вэ гэхээр “мод тарих өдөр” гэж нэг өдөр гаргаад бөөнөөрөө очоод хэдэн зуун мод суулгаад хаячихдаг. Тэгээд хэдэн сарын дараа ихэнх нь үхсэн байдаг. Дараа жил нь дахиад зуу зуугаар нь тариад хаяад явдаг. Жишээ нь, Хятадад мод тарина гэж ярихгүй мод ургуулна гэдэг. Модоо тарина, хамгаална, арчилна, цэвэрлэнэ, усална гээд зөвхөн суулгаад орхих бус цогцоор нь системтэйгээр дэмждэг. Гарааны бизнесийг энэ жишгээр, цогцоор нь хөгжүүлэх хэрэгтэй гэж боддог. Тэгэхээр гарааны бизнесийг “тарьдаг” бус ургуулдаг болмоор байна.

-Магадгүй, төрийн дэмжлэг сул байгаагаас шалтгаалж шинэ санаа зах зээлд нэвтэрч чадахгүй байна гэж зарим гарааны бизнес эрхлэгч ярьдаг. Тэгэхээр гарааны бизнест төрийн дэмжлэг хэр чухал юм бэ?

-Төрийн дэмжлэгт найдаж бизнес хийвэл тэр бизнес биш, буруу явж байна гэсэн үг. Анхнаасаа бизнес хийхдээ судалгаатай, зах зээлээ мэдэрч эхэл. Үнэхээр ашигтай бизнес мөн бол хэцүү байх нь зайлшгүй. Өрсөлдөгчид гарч ирнэ, зах зээлийн төлөөх хүчтэй өрсөлдөөнд орно. Тиймээс яаж өрсөлдөх нь чухал. Өрсөлдөхийн тулд антрепренерлаг байх ёстой. Антрепренерлаг байх гэдэг нь зах зээлд байгаа бүх боломжийг эрж хайж, илүү инновацлаг шийдлийг олох ёстой. Идэвхтэй, санаачлагатай, шинэлэг хандлага чухал. Шалтаг тоочиж, зогсож болохгүй.

Төрийн дэмжлэгт найдаж бизнес хийвэл тэр бизнес биш, буруу явж байна гэсэн үг.

-Антрепренершипийн чиглэлээр лекц орно, зөвлөгөө өгнө гэсэн зарлалууд нэмэгдэх болжээ. Манай улсад энэ чиглэлийн сургалт, судалгаа хэр байгаа вэ?

-Манай улсын хувьд антрепренершип дөнгөж хөгжиж эхлээд байна. Тиймээс албан сургалт бараг байхгүй. Харин манай сургуулиас ирэх есдүгээр сараас эхлэн энэ чиглэлээр нэг жилийн мэргэжлийн хөтөлбөрийг анх удаа хэрэгжүүлэх юм. Гэхдээ энэ нь бакалаврын түвшинд бус мастерын хөтөлбөр байх юм. Учир нь бизнесийн боломжууд ихэвчлэн хөдөө аж ахуй, барилга, медиа, эрүүл мэнд, нийтийн хоол гэх мэтчилэн маш олон салбарт бий болж байдаг. Тиймээс бизнесийн бус мэргэжлийн хүмүүст зориулсан тун шинэлэг хөтөлбөр байх болно.

-Таныг ЗГХЭГ-ын антрепренершил болон инноваци хариуцсан зөвлөх гэж сонссон. Тэнд антрепренершил, инновацийн чиглэлээр хийж байгаа ажлаасаа дурдвал?

-Монгол Улсын урт хугацааны хөгжлийн хөтөлбөрийг Засгийн газраас боловсруулахаар болж байна. Тус хөтөлбөрт антрепренершил, инновацийн хувь нэмрийг аль болох хангалттай хэмжээгээр тусгах зорилгын хүрээнд ажиллаж байна. Дэлхийн улс орнуудад бизнесийн чиглэлээр хүлээн зөвшөөрдөг эдийн засгийн маш өндөр үр өгөөжтэй чиглэл бол антрепренер юм. Тийм учраас энэ асуудал аль ч засгийн газрын чухал бодлого болж ирдэг. Мөн антрепренер нь бизнесийг бий болгодог хүний нөөцийг бэлдэнэ. Тэдний бий болгосон бизнес нь ажлын байр, инноваци, өрсөлдөөн, орлого, эрэлт гээд баялаг бүтээдэг.

-Социализмын үед улсын үйлдвэрүүдийг баялаг бүтээгчид байсан гэж ярьдаг. Хувьд шилжсэнээр баялгийн тэгш бус хуваарилалт үүсч, одоогийн нийгмийн давхаргын ялгааг үүсгэсэн гэх нь ч бий. Тэгэхээр улсын үйлдвэр, хувийн үйлдвэрийн ялгаа бизнест бий юү?

-Бизнесийн үндсэн зорилго ашиг олох. Энэ үндсэн дээр бизнес хол явдаг. Тэр үеийн улсын үйлдвэрүүд ашиг олохыг үндсэн зорилгоо болгодоггүй байсан. Тэгэхээр сонгодог бизнес байж чадаагүй. Тиймээс бизнесийн зарчмаараа ажиллаж байгаагүй гэж ойлгож болно. Хамгийн гол эрсдэл гэвэл төр засагтай холбогдоод ирэхээр үйлдвэрийн томилгооны асуудал яригдана. Улс төрийнхөн үйлдвэрийн эздийг буюу үйлдвэрийг авч явах ёстой гол хүмүүсийг томилж эхэлдэг. Энэ бол бизнесийн хувьд хараат байж болохуйц том эрсдэл. Улмаар бизнесийн зарчмаараа ажиллаж чадахгүй болно. Хувьчлагдсанаараа зах зээлийн зарчимдаа орсон.

-Инноваци гэхээр ямар нэг шинэ зүйл юм байна гэж ойлгодог болсон. Энэ ойлголтыг харьцангуй мэддэг болж байна гэх үү дээ. Харин антрепренер гэсэн нэрийг мэдэхгүй хүн олон болов уу. Энэ хоёрын ялгаа юу юм бэ. Оюутнуудад хичээл орж байхад хэр сонирхох юм?

-Сонирхдог. Тусдаа ойлголт биш хоорондоо уялдаатай. Антрепренерийн шинж чанар нь инновацлаг байх ёстой гэсэн байдлаар харилцан холбогдоно. Манайд эдгээр ойлголтууд бий болсон. Ямар ч байсан чухал гэж мэддэг болсон. Харин хэрхэн, яаж хийхээ сайн олоогүй байгаа харагддаг. Антрепренер болсноороо хэн нэгний ажилчин биш өөрийн мөрөөдлөө биелүүлж, улс орондоо бодит хувь нэмрээ оруулах боломжтой болно. Жишээ нь, маркетинг гэдгийг 20-иод жилийн өмнө шинээр бий болж байхад нь хүмүүс төдийлөн мэддэггүй байсан. Одоо бүгд мэдэж байна. Хамгийн гол нь антрепренер хүн бол өөрт байхгүй нөөц бололцоондоо хязгаарлагдахгүйгээр ажилладаг байх ёстой. Бизнест бэлэнчлэх сэтгэлгээ хамгийн том эрсдэл. Болохгүй, бүтэхгүй байна гэж бууж өгч болохгүй. Энэ бүх хандлагыг бий болгоход антрепренер соёл чухал үүрэгтэй.

Зураг