Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/05/26-НД НИЙТЛЭГДСЭН

Сингапур улсыг үндэслэгчийн ач хүү найз залуутайгаа гэрлэжээ

Э.Сэмүүн, ikon.mn
2019 оны 5 сарын 26
iKon.MN
Зураг зураг
Ли Хуан У (баруун гар талд) найз залуугийн хамт

Сингапур улсыг үндэслэсэн эцэг гэгддэг Ли Куан Ю агсны ач хүү өнгөрсөн Баасан гарагт Өмнөд Африкт найз залуутайгаа гэрлэжээ.

Ли Хуан Угийн гэрлэлтээ батлуулсан Өмнөд Африк нь ижил хүйстнүүдийн гэрлэлтийг 2006 оноос эхлэн зөвшөөрсөн Африк тивийн цорын ганц улс юм. Хосууд жил гаруйн өмнөөс олны өмнө ил гарах болсон гэнэ.

Ли Хуан Угийн эцэг Ли Сян Ян нь 2015 онд нас барсан Сингапурын их удирдагчийн хоёр дахь хүү ажээ. Ли Сян Янаас хэвлэлийнхэн хүүгийнх нь гэрлэлтийн талаар асуухад “Миний аав энэ мэдээг таатай хүлээж авахгүй байсан нь лав” хэмээн хариулсан байна.

1990 оныг хүртэл 31 жил Сингапурыг удирдсан Ли Куан Югийн үед эрэгтэй хүмүүсийн хоорондын бэлгийн харилцааг хуулиар хориглож байсан бөгөөд энэ нь одоо ч хэвээр үйлчилдэг.

Тиймээс Лигийн гэрлэлтийг Сингапурын гол хэвлэлүүд мэдээлэхээс болгоомжилж байна. Харин цөөн сайтууд энэ тухай мэдээлснийг сингапурчуудын ихэнх хэсэг эерэгээр хүлээж авчээ. Хэдийгээр ижил хүйстнүүдийн талаар хуучинсаг үзэл бодолтой ч Ли Куан Ю агсан амьдралынхаа сүүлийн жилүүдэд энэ талаар өөр байр суурь илэрхийлж байсан баримт байдаг.

Тухайлбал 2011 онд хэвлэгдсэн номондоо тэрээр “Та бүхэн холбогдох ном, нийтлэлүүдийг уншиж судалж үзвэл энэ бол сонголт биш, генетикийн ялгаа болохыг мэдэх болно. Тэд төрөхдөө л ийм байсан. Тиймээс тэднийг өөрсдийнхөөр нь амьдруулах хэрэгтэй” гэж ярьж байжээ.

 

Эх сурвалж: South China Morning Post

 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.