Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/05/24-НД НИЙТЛЭГДСЭН

Монгол Улсын нэг ажилтан 2018 онд 13.8 сая төгрөгийн бүтээмжтэй ажиллажээ

Б.Жаргалмаа, IKON.MN
2019 оны 5 сарын 24
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA.mn

ДНБ бол тухайн улс орны нутаг дэвсгэрт үйлдвэрлэж бий болгосон нийт бараа, бүтээгдэхүүн баялгийг буюу эдийн засгийн хэмжээг илэрхийлэх үзүүлэлт. Тэгвэл үүнийг компани буюу ажиллагчид үйлдвэрлэдэг бөгөөд нэг ажилтны үйлдвэрлэсэн ДНБ-ий хэмжээ нь хөдөлмөрийн бүтээмжийг илэрхийлдэг. 

Үндэсний статистикийн хороо 2018 оны хөдөлмөрийн бүтээмжийн урьдчилсан гүйцэтгэлийг танилцуулав. 

Монгол Улсын нэг хүнд ногдох ДНБ 2018 онд урьдчилсан гүйцэтгэлээр 5.7 сая төгрөгт хүрч, өмнөх оноос 4.9%-аар нэмэгджээ. Тэгвэл нэг ажиллагчид ногдох ДНБ 13.8 сая төгрөгт хүрч, өмнөх оноос 5.9%-аар мөн өссөн байна. Өөрөөр хэлбэл, хөдөлмөрийн бүтээмж энэ хэмжээнд өсжээ. Тодруулбал, хөдөлмөрийн бүтээмж 

  • 2012-2015 онд буурч 
  • 2016 онд өмнөх оноос 1.4 хувиар нэмэгдэж
  • 2017 онд 2.1 хувиар буурсан бол 2018 онд 5.9 хувиар өсжээ. Үүнд ДНБ-ий 7.0%-ийн өсөлт нөлөөлсөн байна.

Зураг 1. Хөдөлмөрийн бүтээмжийн үзүүлэлтүүд

 
Эх сурвалж: ҮСХ

Бизнесийн секторын бодит гарц 2011-2018 онд жилд дунджаар 9.0 хувиар өсжээ. 2017 онд 3.9 хувиар өсөж байсан бол 2018 онд 6.1 хувиар өссөн байна.

Харин бизнесийн секторын хөдөлмөрийн орц буюу ажиллагчид 2011-2018 онд жилд дунджаар 2.7 хувиар өсжээ. Хөдөлмөрийн орц 2017 онд 7.8 хувиар өсөж байсан бол 2018 онд 1.6 хувиар нэмэгдсэн байна. 

Бизнесийн бус салбарын бүтээмж доогуур байна

Товчхондоо ажиллагчдын тоо бага хувиар өссөн ч гарц үүнээс илүү нэмэгдсэн ч хөдөлмөрийн бүтээмж 6.2%-аар өсөх нөхцөл болсон гэж ойлгож болох нь. (Хавсралт хүснэгт).

Нийт эдийн засаг болон бизнесийн секторын хөдөлмөрийн бүтээмжийг харьцуулахад 2013 оноос бизнесийн секторын бүтээмжийн өсөлт нийт эдийн засгийнхаас өндөр байна. Харин бизнесийн бус секторын бүтээмжийн өсөлтийн хувь доогуур байна.

Зураг 2. Хөдөлмөрийн бүтээмжийн хандлага

 
Эх сурвалж: ҮСХ

2018 оны урьдчилсан гүйцэтгэлээр хөдөлмөрийн бүтээмж бизнесийн секторын нийт 12 салбараас 9 салбарт өсөлттэй, 3 салбарт бууралттай гарчээ. 

Жишээ нь, цахилгаан, хий, уур үйлдвэрлэлийн салбарт хөдөлмөрийн бүтээмж хамгийн өндөр буюу 14.7%-ийн өсөлттэй байна. Энэ нь тус салбарт ажиллагчдын тоо 6.8% буурсан ч гарц 7.9 хувиар нэмэгдсэний үр дүн. 

Харин уул уурхай, олборлох салбарын бүтээмж 5.4 хувиар буурсан нь ажиллах хүч 10.3% өссөн ч гарц нь 5.0%-тай байсны нөлөө ажээ. 

Зураг 3.  Хөдөлмөрийн бүтээмж, орц, гарцын жилийн өөрчлөлт, хувиар, салбараар, 2018

 
Эх сурвалж: ҮСХ

Бизнесийн салбарт 2018 оны байдлаар 987.2 мянган хүн ажиллаж, 14 их наяд төргөгийн бүтээмж үйлдвэрлэжээ. Энэ салбарын ажиллагчдын тоо 1.6 хувиар өссөн ч үйлдвэрлэсэн нэмэгдэл өртөг нь 6.1%-өөр өссөн нь хөдөлмөрийн бүтээмж 4.5% өндөр байсны үр дүн юм. 

Бизнесийн секторт зах зээлийн бус үйл ажиллагаа буюу төсөвт байгууллага, төрийн бус байгууллагын үйл ажиллагаа, мөн өөрийн эзэмшлийн орон сууцны үйл ажиллагааг хамруулахгүй.

Зураг 4. Бизнесийн болон бизнесийн бус сектор

 
Эх сурвалж: ҮСХ

Тэгвэл барилгын салбарт өмнөх оноос 6,000-аар их буюу 76,600 хүн ажилласан бий болгосон нэмэгдэл өртөг нь өмнөх оноос 30 тэрбумаар бага буюу 568.9 тэрбум төгрөг байгаа нь хөдөлмөрийн бүтээмж доошилсныг харуулж байна.