Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/05/23-НД НИЙТЛЭГДСЭН

Барилгын салбарын нөхцөл байдал болон САНХҮҮЖИЛТ

Барилга.мн
2019 оны 5 сарын 23
Барилга.МН
Зураг зураг

Барилгын салбарын санхүүжилт, түүний өнөөгийн байдал хандлагын талаар танилцуулж байна. Учир нь барилгын салбар бол орон сууц, санхүүжилт нь ипотекийн зээл гэсэн байдлаар хандах хандлага их байдаг. Гэтэл барилгын салбар нь өргөн цар хүрээтэй ойлголт бөгөөд иргэний, иргэний бус барилга, зам, инженерийн байгууламж зэрэг олон зүйлсийг өөртөө багтаасан байдаг.

Нөгөө талаас ипотекийн зээл нь орон сууцны борлуулалтыг дэмжиж буй арга хэрэгсэл боловч шууд санхүүжилт бас биш юм. Барилгын салбарын санхүүжилтэд барилгын салбарт үйл ажиллагаа явуулж байгаа компаниудын өөрийн санхүүжилт, банкны зээл, төсвийн санхүүжилт, гадаадын хөрөнгө оруулалт зэрэг олон эх үүсвэр ашиглагддаг. Энэ утгаараа барилгын салбарт үйл ажиллагаа явуулж байгаа байгууллагууд тухайн салбарыг цогц утгаар нь харж өөрсдийн үйл ажиллагааг үнэлэх, төлөвлөх шаардлагатай юм.

Ямар ч салбарын бизнесийн үйл ажиллагаа санхүүжилтээс хүчтэй хамаардаг бол тухайн салбарт санхүүжилтын хүрэлцээтэй байдал бий болох асуудал нь салбарын нөхцөл байдлаас хамаарч байдаг. Иймээс санхүүжилтын байдлыг тодорхойлохын тулд салбарын нөхцөл байдлыг харах нь чухал. Энэ хүрээнд салбарын нөхцөл байдал, санхүүжилтын тоон болон чанарын мэдээлэлд суурилан зарим санал дүгнэлтүүдийг танилцуулж байна. Харин тухайн бизнесийн байгууллагын хувьд санхүүжилтын боломжийг нэмэгдүүлэхэд эдийн засаг, салбарын нөхцөл байдлаас гадна компанийн дотоод хүчин зүйлс чухал гэдэг нь тодорхой.

Барилгын салбарын нөхцөл байдал

Барилгын салбар нь улс орны эдийн засгийн нөхцөл байдал болон бусад макро эдийн засгийн хүчин зүйлсээс хүчтэй хамааралтай гэдгийг олон улсын түвшинд хүлээн зөвшөөрдөг. Мөн хотжилт, шилжилтын нөлөөллөөр салбарын хэмжээ цаашид тэлсээр байх хандлагатай байна. 2017 онд дэлхийн тэргүүлэх орнуудын хувьд барилгын салбар өмнөх оноос 1.1 их наяд буюу 12 хувиар тэлсэн байна. Харин манай улсын хувьд барилгын салбар ямар байгааг тодорхойлохын тул салбарын зарим тоон үзүүлэлтийг дүрслэлийг ашиглан харъя.

Зураг 1. Барилгын салбарын үйлдвэрлэл
 

Эх сурвалж: (Үндэсний Статистикийн Хороо, 2018)

Манай улсын хувьд барилгын салбарын нийт үйлдвэрлэл сүүлийн жилүүдэд тэлсээр байгаа боловч бүтэц, орон зайн хувьд өөрчлөгдсөөр байна. Сүүлийн жилүүдэд барилгын салбарын гүйцэтгэлд орон сууцны бус барилгын ажил, инженерийн байгууламж нэмэгдэх, Улаанбаатар хотоос бусад аймаг, хотуудад барилгын салбарын үйл ажиллагаа тэлэх хандлага ажиглагдаж байна.

Зураг 2. Барилгын салбарын өсөлт
 

Эх сурвалж: (Үндэсний Статистикийн Хороо, 2018)

Барилгын салбарын өсөлт 2014 оноос саарч 2018 оны эцсийн гүйцэтгэлээр 5 хувийн бууралттай гарсан байна. Барилгын салбарт олон төсөл дуусгаж чадахгүй байгаа, орон сууцны барилгуудын борлуулалт удааширсан зэрэг нь салбарын нөхцөл байдал муу байгаагийн бас нэг илрэл юм.
Барилгын салбарын өнөөгийн нөхцөл байдал харьцангуй эргэлзээтэй байгаа нь салбарын талаар төрөөс баримталсан бодлогын нөлөөлөлтэй ихээхэн холбоотой. 

2012-2014 оны хооронд тухайн салбар их тэлсэн нь төрийн зүгээс үнэ тогтворжуулах хөтөлбөр, ипотекийн зээлэээр эрэлт, нийлүүлэлтийг хүчтэй дэмжсэн явдал байсан. Ингэснээр тухайн салбарын оролцогчдын хүрээг тэлж тухайн салбарт үйл ажиллагаа явуулах байгууллагын тоо нэмэгдсэнээр энэ салбарын үйл ажиллагаа хүчтэй тэлсэн.

Харин 2014 оноос эдийн засгийн нөхцөл байдал хүндэрсэнээс болж тухайн салбарын үйл ажиллагаа муудсанаас гадна ипотекийн зээлийн эрэлт, нийлүүлэлт хамтдаа буурсан нь нөлөөлсөн байдаг. Ерөнхийдөө энэ нөхцөл байдал нь бодлогын алдаа, эдийн засгийн хүндрэлийн давхар нөлөөлөлтэй юм. Түүнчлэн тухайн салбарт оролцогчдын хэт өндөр хүлээлттэй бас холбоотой. Товчхондоо төрийн буруу дэмжлэг нь салбарын урт хугацааны зүй ёсны өсөлтийн үйл явцыг алдагдуулсан гэсэн үг юм. Дээр дурдсанчлан салбарын нөхцөл байдал хүнд байхад салбарын санхүүжилтын асуудал ихээхэн эргэлзээтэй зүйл болж хувирах юм.

Барилгын салбарын санхүүжилт

Барилгын салбарын хувьд төсвийн хөрөнгө оруулалт, гадаадын хөрөнгө оруулалт, арилжааны банкуудын зээл, өөрийн эх үүсвэр гэсэн санхүүжилтын хэлбэрүүдэд суурилсан бизнесийн үйл ажиллагаа явагдаж байна.

Зураг 3. Улсын төсвийн хөрөнгө оруулалт
 

Эх сурвалж: Сангийн яам

Сүүлийн жилүүдэд төсвийн хөрөнгө оруулалтын хүрээнд барилгын чиглэлд зарцуулах хөрөнгийн хэмжээ ихэвчлэн их наяд төгрөгөөс давж байгаа бөгөөд энэ тоо энэ 2019 онд анх удаа 2 их наяд төгрөг болохоор төлөвлөсөн байна

Барилгын салбарын гадаадын хөрөнгө оруулалтын хэмжээ 2017 оны дунд үе хүртэл тогтвортой, түүнээс хойш буурах хандлагатай байна.

Зураг 4. Барилгын салбарт орсон хөрөнгө оруулалт /сая ам.доллар/
 

Эх сурвалж: (Монголбанк, 2018)

Тухайн салбарын ГШХО-ын орох урсгал 2017 оныг хүртэл улиралд дунджаар 25.2 сая ам.долларын хэмжээтэй байсан бол 2018 оноос энэ салбарын хөрөнгө оруулалтын мөнгөн урсгал эрс буурсан байна.

Зураг 5. Барилгын салбарын зээл
 

Эх сурвалж: (Монголбанк, 2018)

Барилга, үл хөдлөх хөрөнгийн салбарт бизнесийн чиглэлээр олгосон зээлийн хувьд зээлийн чанар нилээд анхаарал татсан асуудал болсон нь харагдаж байна. Чанаргүй зээлийн дотор эргэлзээтэй муу зээлийн эзлэх хувийн жин өндөр, зээлийн эрсдлийн сангийн хэмжээ нэмэгдсэн зэрэг анхаарах үзүүлэлтүүд байна. Барилгын салбарын санхүүжилтын нөхцөл байдал сүүлийн жилүүдэд бүхэлдээ буурсан хандлагатай байна. 

ДҮГНЭЛТ

Эндээс ихээхэн сонирхолтой нөхцөл байдал ажиглагдаж байна. 
Барилгын салбарын нөхцөл байдал муу байгаатай уялдаатайгаар барилгын салбарын санхүүжилт бүхий л чиглэлд буурч байна. Нэмэгдэж байгаа ганц чиглэл нь төсвийн хөрөнгө оруулалт. Бизнесийн агуулгаар санхүүжилтын нөхцөл байдал эргэлзээтэй байдалтай байна. Үүн дээр ОСИСТТБ хөтөлбөр хэрхэн үргэлжлэх нь эргэлзээтэй хүчтэй сэргэх магадлал бага байна.

Эдийн засаг хэдийгээр 8 улирал дараалан өндөр өссөн боловч манай эдийн засгийн тогтолцооны гажуудлаас баялгийн хуваарилалт муу тул нийт иргэдийн орон сууц худалдан авах чадварт хүчтэй нөлөөлөх түвшинд хүрээгүй. Төлбөрийн чадвартай эрэлт ихээр нэмэгдэх болоогүй. Иймээс салбарын үйл ажиллагаанд оролцогч талуудын хувьд өнөөгийн нөхцөл байдлыг бодитойгоор үнэлж асуудалд хандах, санхүүжилтын боломжит хувилбар, тогтолцоог нээн илрүүлэх явдал ихээхэн чухал болж байна.

Барилгын салбарын хувьд урт хугацааны нөхцөл байдал сайжрах боломжтой боловч өнөөгийн харьцангуй зогсонги байдлаас гарахын тул хөрөнгийн удирдлага, санхүүжилтын цогц стратеги хэрэгтэй юм. Гэтэл сүүлийн үед шинээр хэрэгжиж байгаа төслүүд иргэний барилгын чиглэлд буурахгүй байгаа нь өмнө хэлсэн сонирхолтой нөхцөл байдал юм. Үүнийг удиртгал хэсэгт дурдсан барилгын салбарт үйл ажиллагаа явуулж байгаа компаниудын хувьд санхүүжилт олох боломж өөрсдийн чадвар, төслийн онцлогоос ихээхэн хамаарах байдалтай холбон тайлбарлахаас өөр аргагүй юм. Гэхдээ энэ нь тухайн төслүүдийн ирээдүйн амжилт баталгаатай гэсэн үг бас биш юм. 

Зураг