Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/05/20-НД НИЙТЛЭГДСЭН

Америкийн хамгийн баян хар арьст эр энэ оны бүх төгсөгчдийг өргүй болгожээ

Э.Сэмүүн, ikon.mn
2019 оны 5 сарын 20
iKon.MN
Зураг зураг

Өглөгч зангаараа алдартай тэрбумтан Роберт Смит өчигдөр Жоржиа мужийн Атланта хотын нэгэн коллежийн төгсөлтийн баярт оролцохдоо гэнэтийн томоохон бэлэг барьж, төгсөгчдийг баярлуулжээ.

Түүний зочилсон Морхаус коллеж нь хар арьстaн эрчүүдэд дээд боловсрол олгож ирсэн 150 гаруй жилийн түүхтэй. Тус коллежийн алдартай төгсөгчдийн дотор арьс өнгөний үзлийн эсрэг тэмцэгч Мартин Лютер Кинг, Холливүүдийн жүжигчин Самуэл Жэксон нар байдаг.

Роберт Смит төгсөгчдөд хандаж үг хэлэхдээ энэ оны бүх төгсөгчдийнх нь сургалтын төлбөрийн өрийг тэглэх болсноо зарлажээ.

Коллежийн захирал Дэвид Томасын мэдээлснээр энэ нь 396 төгсөгчийн нийт $40 сая орчмын өр төлбөр болсон байна. Дэвид Томас энэ өглөгийг “эрх чөлөө бэлэглэсэн явдал” гэж нэрлэжээ.

Роберт Смит “Энэ оронд амьдарч ирсэн өөрийнхөө найман үеийнхний нэрийн өмнөөс би та бүхний цаашдын аялалд бага зэрэг шатахуун нэмэх гэсэн юм” гэж хэлээд төгсөгчдийн бүгдийнх нь сургалтын төлбөрийн үлдэгдлийг төлөх болсноо зарласан юм.

2000 онд программ хангамжийн компаниудад хөрөнгө оруулж бизнесээ эхэлсэн Смит өнөөдөр Vista Equity Partners хөрөнгө оруулалтын томоохон компанитай. Форбс сэтгүүл түүний хөрөнгийг $5 тэрбум гэж тооцоолсон байдаг. Үүгээрээ тэр АНУ-ын хамгийн баян хар арьстан болж байгаа юм.

Смит өмнө нь Морхаус коллежид $1.5 саяын хандив амлаад байжээ.

 

Эх сурвалж: BBC